“Төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналт, хяналтыг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав

A- A A+
“Төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналт, хяналтыг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав

Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсээс Төсвийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран “Төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналт, хяналтыг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Монголбанкны хурлын танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл зэрэг төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналт, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг, уг асуудлаар бодлого, судалгаа хийдэг, төсөв, хөгжлийн бодлогыг зангидаж байгаа болон өндөр дүнтэй төсөв захиран зарцуулдаг байгууллагуудын төлөөлөл оролцож, төсөв, хөгжлийн бодлогын уялдааг хангах, төлөвлөлт, тайлагналт, хяналтыг хэрэгжүүлэх, дотоод аудитыг сайжруулах зэрэг асуудлыг хөндөж, өнөөгийн түвшин, цаашид анхаарах асуудлаар санал солилцож, төсвийг зөв төлөвлөж, үр дүнтэй зарцуулах сайн туршлага, шийдлийг тодорхойлов.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төсөв, санхүү, аудитын хяналтыг сайжруулах, ялангуяа төсвийн төлөвлөлтийг улс орны хөгжлийн бодлоготой уялдуулах, төрийн байгууллагын дотоод аудитын тогтолцоог бэхжүүлэх талаар тодорхой арга хэмжээг 2030 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд хийгдэж байгаа ажил, гаргасан шийдвэр, баримталж байгаа бодлогын талаар Авлигатай тэмцэх газраас танилцууллаа.

Хэлэлцүүлэгт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Европын Холбооны суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн банк, ОУВС-гийн төлөөлөгч, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, иргэний нийгмийн болон сэтгүүлзүйн салбарын төлөөллүүд оролцож өөрсдийн байр суурийг илэрхийлэв.

Хэлэлцүүлгийг зохион байгуулагчдаас оролцогч талуудын саналыг тусган Улсын Их Хурал болон Засгийн газарт төсвийн асуудлаар Зөвлөмж хүргүүлэхээр тогтлоо.