Нээлттэй засаглалын түншлэлийн зүгээс төрөөс төрсөн авлигачидтай тэмцэх үүрэг амлалтаа тодорхойллоо

A- A A+
Нээлттэй засаглалын түншлэлийн зүгээс төрөөс төрсөн авлигачидтай тэмцэх үүрэг амлалтаа тодорхойллоо

Дэлхийн авлигын эсрэг влогийн зочны буланд Жоржтауны их сургуулийн судлаач, профессор Жоди Витторигийн нийтэлсэн мэдээллийг хүргэж байна.

Профессор Жоди Виттори: Нээлттэй засаглалын түншлэл (НЗТ) болон Үндэсний ардчилсан институт хамтран санаачилсан “Клептократизмтай тэмцэх үүрэг амлалт: Нээлттэй засаглалын түншлэлийн гишүүдэд зориулсан гарын авлага” нэртэй тайланг би өнгөрсөн нэгдүгээр сард гаргалаа. Янз бүрийн клептократууд болон тэдэнд тусалдаг мэргэжилтнүүд улс орноосоо хулгайлсан хууль бус хөрөнгийг хэрхэн өөр байршилд шилжүүлж, хадгалж, үр өгөөжийг нь хүртэж байгааг энэ тайландаа тайлбарласан. Түүнчлэн клептократизм нь хөрөнгөө хулгайд алдсан улс орнууд төдийгүй уг хөрөнгийг мөнгө, бусад нөөц хэлбэрээр болон хүмүүсээр дамжуулан шилжүүлсэн, байршуулсан улс оронд мөн хамааралтай тухай энэ тайланд дурдсан. Хөрөнгийг байршуулсан улс орны хувьд мөнгө, хөрөнгө, чинээлэг хүнийг бий болгож байгаа зэргээрээ (ёс суртахууны асуудлаа хойш тавиад) ашиг тустай мэт харагдаж байгаа боловч засаглалын хямрал, үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөргөдөл, хөрөнгийг нь тараан борлуулах замаар аж үйлдвэржилтэд саад болох, цагаачлалын асуудал үүсэх, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх гэх мэт сөрөг үр дагавартай байдаг. Өрнөдийн орнуудын сонгуульд хөндлөнгөөс оролцох гэсэн Оросын клептократын оролдлого, мөн Хятадын “Бүс ба Зам” санаачилгатай холбоотой авлига зэрэг нь холбогдох хөрөнгийг байршуулсан улс орнуудад клептократын гүйцэтгэх үүргийг анхааралдаа авахад тусалсан.

НЗТ-ийн нээлттэй засаглалын зарчмууд буюу НЗТ-ийн гишүүн улсын засгийн газрууд дагаж мөрддөг зарчмууд нь мөрдөж, хэрэгжүүлсэн улс орнуудад клептократын хөрөнгийн урсгалын эсрэг тэмцэхэд туслах хэм хэмжээ юм. Хамгийн наад зах нь улс орны засгийн газрууд хариуцлагаа сайжруулахын тулд зохих мэдээллийг иргэд болон иргэний нийгэмд тухай бүрд нь ил тод байлгахын ач холбогдлыг НЗТ онцолж байна. Ингэж чадвал ард түмний баялгийг ил тод, шударга, адил тэгш байдлаар ашиглаж чадна. Мөн Энэхүү тайланд улс орнуудын засгийн газар, иргэдэд зориулан НЗТ-ийн үүрэг амлалтуудыг дараах байдлаар тоймлон, оруулсан:

-Санал болгож буй хамгийн чухал шинэчлэлүүдийн нэг бол клептократууд нэрээ нууцлан урвуулан ашигласан компаниудад төдийгүй итгэлцэл, сан, буяны байгууллага болон бусад санхүүгийн хэрэгслүүдийн хувьд улсын бүртгэлээр дамжуулан эцсийн өмчлөгчийн ил тод байлгах явдал юм.

-Өөр нэг үүрэг амлалт бол нягтлан бодогч, хуульч, тансаг хэрэглээний барааны худалдагч зэрэг авлига, клептократизмыг дэмжиж, тэдэнд тусалдаг мэргэжилтнүүдийн мөнгө угаахтай тэмцэх үүргийг чангатгах явдал юм.

-Улс орнууд хөрөнгөө эргүүлэн авахтай холбогдуулан илүү их нөөцөөр хангах, хохирогч төвтэй хандлагыг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

-Өнөөгийн авлигатай тэмцэх хөтөлбөрт төдийлөн ач холбогдол багатай байгаа өөр нэг үүрэг амлалт бол гадаадын хөрөнгө оруулалтын шалгалтыг бэхжүүлэх явдал юм. Тухайлбал, Их Британи, АНУ, Европын холбооны улсууд гадаадын хөрөнгө оруулалтад шалгалт хийхдээ үндэсний аюулгүй байдлын талаас шалгаж үзэхийн зэрэгцээ клептократизмын үр дүнд бий болсон хөрөнгө байгаа эсэхийг шалгаж болно. АНУ-ын хувьд энэ чиглэлээр АНУ-ын Гадаадын хөрөнгө оруулалтын хорооны бүрэн эрхийг өргөжүүлж болохоор харагдаж байна. Хөрөнгө оруулалтын шалгалтыг чангатгаснаар улс орнуудын худалдааны болон гадаад хэргийн яамд, Хууль зүй, хууль сахиулах яамд хоорондоо илүү уялдаа холбоотой ажиллах болно.

-Клептократууд бусдад нээлттэй байж, харгис хэрцгий, хулгайч дээрэмчин гэхээсээ илүү эрдэм мэдлэгтэй, шинийг санаачлагч болж харагдахыг хүсдэг тул нэр төр, нэр хүндээ угаахын тулд эрдэм шинжилгээний байгууллагууд, олон нийттэй харилцах компани, болон бусад байгууллагуудад хандаж болзошгүй тул ийм байгууллагыг сайтар шалгаж, зохих шалгалтыг хийж, шаардлагатай бол сэжигтэй үйлчлүүлэгч, үйл ажиллагааны тухай тайланг гаргуулан авч болох юм.

Шинэчлэлийг улс орон бүрийн нөхцөл байдалд тохируулан хийх шаардлагатай боловч клептократтай тэмцэх стратеги боловсруулж, ажиллах гэж буй улс орнуудын засгийн газар, иргэд, иргэний нийгмийн бүлгүүдэд шинэчлэлийн сэтгэлгээтэй ажиллахад туслах гарын авлага болгох зорилгоор дээрх тайланг гаргасан.

 

Эх сурвалж: https://globalanticorruptionblog.com/2024/03/12/guest-post-model-open-government-partnership-commitments-for-fighting-kleptocracy/