“Монгол Улс дахь Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн нээлт боллоо

A- A A+
“Монгол Улс дахь Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн нээлт боллоо

Азийн Хөгжлийн Банкны техникийн туслалцаагаар хэрэгжих “Монгол Улс дахь Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн нээлт өнөөдөр (2019.10.18) Холидэй Инн зочид буудалд боллоо.

Монгол Улсын Засгийн газраас АХБ-нд хүсэлт тавьсны дагуу хэрэгжихээр болсон уг төслийн гүйцэтгэгч байгууллагаар Авлигатай тэмцэх газар, хэрэгжүүлэгч байгууллагаар Улсын Ерөнхий Прокурорын Газар, Шүүхийн Ерөнхий Зөвлөл сонгогджээ.

Иргэдээс нийгэм дэх хариуцлагыг нэмэгдүүлэх, төсвийн үргүй зарлагыг бууруулах, авлигын хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг хүсэмжилж буй энэ цаг үед уг төсөл хэрэгжиж эхэлж буйгаараа онцлог болж байна. Азийн сангийн 2019 онд хийсэн судалгаагаар Монгол Улс дахь авлигын хэрэг шийдвэрлэлтийн хувь 23.89 хувьтай байгаа нь Япон, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй улсууд болон Хонг Конгтой харьцуулахад харьцангуй бага байгаа юм. Мөн энэ асуудал нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд унагах нэг хүчин зүйл болж байгаа билээ.

Төслийн хүрээнд манай улсын авлигын хэрэг шийдвэрлэлтийн урсгалд нарийвчилсан дүн шинжилгээ хийх бөгөөд авлигын хэрэг шийдвэрлэгдэхгүй байх шалтгаан нөхцөлийг тодруулах юм. Мөн дүн шинжилгээнд үндэслэн мөрдөгч нар, прокурор, шүүгч нарын чадавхийг бэхжүүлэх сургалт явуулах, гарын авлага боловсруулах, хууль тогтоомж, дүрэм журамд оруулах шаардлагатай өөрчлөлтийн зөвлөмж боловсруулах ажээ.

Тус төсөл 2021 оны 2-р улирал хүртэл хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд Засгийн газрын үйл ажиллагаанд болон нийгмийн бүх түвшинд авлигын эрсдэлийг бууруулахад нөлөө үзүүлэх зорилт тавьж байна.