Украины Дэд сайдын агсны хэргийг хэрэгсэхгүй болгосон байна


2020/05/20  262   0


Украин Улсын "Түр эзлэгдсэн газар нутаг" болон Дотоод дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дэд сайд асан Юрий Грымчактай холбоотой эрүүгийн хэргийг тус улсын Авлигатай тэмцэх үндэсний товчоо (АТҮТ) хэрэгсэхгүй болгосон байна.

Ю.Грымчак энэ тухай өөрийн “Facebook” хуудсандаа “Авлигатай тэмцэх үндэсний товчооноос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 366 дугаар зүйлд заасан албаны бичиг баримт хуурамчаар үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учир уг хэргийг хаасан” гэж 5 дугаар сарын 12-ны өдөр бичсэн байна.

Харин Ю.Грымчакын өмгөөлөгч Татьяна Матяш энэ талаар өөрөөр мэдээлсэн байна. Тэрээр Авлигатай тэмцэх үндэсний товчооноос хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн зүйл заалтаар нээсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн байна.

Украин Улсын “Верховная Рада” парламентын депутат, “Слуга народа” намын гишүүн Александр Дубинский дээрх нөхцөл байдалд дүгнэлт өгөхдөө “Авлигатай тэмцэх үндэсний товчоо нь АНУ-ын ЭСЯ-ны зарим этгээдүүдийн даалгавар, зааврыг биелүүлж хууль бус мөрдлөг явуулдаг” гэсэн бөгөөд Авлигатай тэмцэх үндэсний товчооны тэргүүн Артём Сытникийг огцруулахыг уриалсан байна.

Эргэн сануулахад Ю.Грымчак урьд нь Киев хотын түүхэн хэсгийг тохижуулах ажлын зөвшөөрлийг олгохдоо 500 мянган ам.долларын хахууль авсан үндэслэлээр баривчлагдаж байсан.

Эх сурвалж

Башкирт цагдаагийн ажилтанд хахууль өгсөн үндэслэлээр торгосон байна

Башкир Улсын Прокурорын газрын хэвлэл мэдээллийн албанаас цагдаагийн албан хаагчид хахууль өгөхийг оролдсон үйлдэлд 300 мянган рублийн торгууль оногдуулсан тухай 5 дугаар сарын 12-ны өдөр мэдээлсэн байна.

Белорецк хотын 42 настай иргэн ойд хууль бусаар мод бэлтгэж байсан үйлдэлд нь хойшлуулашгүй ажиллагаа явуулсан цагдаагийн ажилтанд хахууль өгөхийг завдсан байна.

Тэрээр хуулийн хариуцлагаас зугтахын тулд цагдаагийн ажилтанд 50 мянган рублийг санал болгож түүнд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэхгүй байхыг гуйсан байна.

Цагдаагийн ажилтан хуульд заасан чиг үүргийн дагуу хахууль авахаас татгалзаж удирдлагадаа тухайн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлын талаар танилцуулсан байна. Хахууль өгөхөөр завдсан уг үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Уг этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхийн шийдвэрээр түүнийг 300 мянган рублээр торгож, хахуульд өгөхийг завдсан 500 мянган рублийг улсын орлого болгосон байна.

Эх сурвалж

Write comment