"Төрийн албан хаагч авлигын мөнгөө олон хүн цугласан газар уулзаж, бэлнээр авдаг юм билээ"


2020/01/30  384   0


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, авлигын асуудалд хандах хандлага, авлигатай холбоотойгоор гарч буй эрсдэлүүдийг тодорхойлох, цаашид авлигыг бууруулах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэхэд ашиглах санал, зөвлөмж дэвшүүлэх зорилгоор АТГ-аас "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, хандлагыг тодорхойлох судалгаа"-г хийжээ. Гэхдээ Улаанбаатар хотод амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан юм байна. 2019 оны нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод 18 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй нийт 35580 гаруй иргэд амьдардаг аж. Түүнээс 355 иргэнийг судалгаанд хамруулжээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 75 хувь нь манай улсад авлига нийтлэг үзэгдэл болсон гэж хариулсан байна. Харин Авлигаас болж хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү хохирдог гэж 67 хувь нь хариулжээ.

Судалгаанд оролцогчдын 75.1 хувь нь эрүүл мэндийн салбар, 70.7 хувь нь боловсролын салбарт авлига “маш их, нилээд хэмжээнд, тодорхой хэмжээнд” байдаг хэмээн хариулсан байна. Үүнээс харвал Эрүүл мэнд, боловсролын салбар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “хамгийн ээлгүй” салбар гэж хэлж болохоор байна. Судалгаанд оролцогчдоос авлигын түвшин сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх байр суурийг нь сонирхож үзэхэд, 43.9 хувь нь өссөн, 15.3 хувь нь буурсан, 26.5 хувь нь өөрчлөгдөөгүй, 14.3 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.

Сүүлийн 12 сарын хугацаанд хээл хахууль өгсөн эсэх гэсэн асуултад “ТИЙМ” гэж хариулсан оролцогчдоос “хэнд авлига өгсөн бэ?” гэсэн асуултад 51.4 хувь нь эмчид, 12.9хувь нь багшид, 7.1 хувь нь шүүгчид гэж хариулжээ. Түүнчлэн хээл хахууль өгсөн гэж хариулсан иргэдийн 58.6 хувь нь бэлэн мөнгө өгсөн аж. Авлигаас үүдэлтэй дарамт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрхийн төсөвт их хэмжээгээр нөлөөлдөг гэж 27.1, дунд болон бага зэрэг нөлөөлсөн гэж 58.6 хувь нь хариулсан байна. Судалгааны дүнгээс товч танилцуулахад ийм байна. Харин судалгаанд оролцсон иргэд авлигад яаж өртөж байсан талаараа ярьсан бодит жишээнүүдийг хүргэе.

Жишээ 1

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн хувьд эцэг, эхчүүдийн нэг нь ажил хийхгүй хүүхдээ асрах шаардлагатай болдог. Тийм гэр бүлийн орлого шууд буурдаг хэрнээ хүүхдийнхээ эм тариа, эмчилгээ сувилгаанд зарцуулах зардал нэмэгддэг. Тэгэхээр тухайн гэр бүлд хүүхдэд төрөөс өгч буй халамжийн мөнгө, хөнгөлөлт ямар чухал гэдгийг харуулж байна. Гэхдээ халамж нь тийм их мөнгө биш шүү дээ. Хүүхдийнхээ эм тариаг ч авч хүрэхгүй. Тэр мөнгийг авахын тулд хорооны эмч, халамжийн мэргэжилтнүүдтэй харилцдаг. Миний хувьд эмчийн зөвлөлийн хурлаар орох гээд материалаа өгсөн чинь хурал болох болоогүй, хойшилсон гээд удаад байхаар нь эмчдээ цайны мөнгө өгч байсан. Уг нь миний хүүхдийн нөхцөл байдлыг харвал хурдан шийдээд өгчихмөөр л байгаа юм.

(Ганцаарчилсан ярилцлагаас. Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ээж, 27 настай)

Жишээ 2

Эмнэлэгт очоод үзүүлэхээс авахуулаад хагалгаанд орох ч юмуу, энгийн үйлчилгээ авахад заавал гар хараад байдаг. “Яасан юм, зүгээр байна, яах гээд байгаа юм” гээд бичиг бичээд гаргаад хаячихна. Эмчилгээ, бичиг заалтыг нь үзүүлсэн үзлэгт орохоор “Чи үнэтэй эм авч чадах уу. Антибиотик авах уу” гээд антибиотик бичнэ. Үнэтэй эм авч чадах уу гэдэг асууултыг байнга асуудаг. Ингэж асууж байгаа нь ялгаварлан гадуурхалт. Тэр эмч ингэж асууна гэдэг маш бүдүүлэг байхгүй юу. Хүний эрхийг гажуудуулсан доромжлол. Хямдхан эм бичих үү, үнэтэй эм бичих үү гэж асууж байгаа юм шиг. Сонсголгүй хүнд эмчийн үзлэг хийхдээ үзэхгүйгээр шууд гаднаас нь хараад тэгээд дур мэдэн эмийн жор бичиж өгдөг.

(Сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдтэй хийсэн Фокус бүлгийн ярилцлагаас)

Жишээ 3

Манай охин өвдөөд гэнэт халуураад хүндэрсэн. Тэгэхэд би жирэмсэн, даралт ихсээд, утсаар ярьж чадахгүй байсан. 103-руу ярихыг мэдээд байгаа ч аав нь бас сонсголгүй, охин өвдсөн байсан. Тэгээд 103 руу охин маань ярьсан чинь хүүхдийн дуудлага хүлээж авахгүй, том хүнээр яриул гэхэд манай нөхөр хэлгүй, би сонсголгүй яаж ярихав. Тэгээд гар утасны тусламжтайгаар видео калл хийж би найзруугаа яриад, найз маань 103-руу холбогдсоноос цаг алдаж, түргэн шуурхай эмнэлгийн тусламж, үйлчилгээг авч чадаагүй.

(Сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдтэй хийсэн Фокус бүлгийн ярилцлагаас)

Жишээ 4

Хүүхдийнхээ багшид нэгж, заримдаа ангийн хуримтлалын мөнгийг хураалгахдаа яаж ийгээд илүү өгдөг. Хэрвээ ингэж өгөхгүй бол аав нь харааны бэрхшээлтэй гээд хүүхдийг маань ангийн багш нь ялгаварлан гадуурхдаг, ангиараа салхинд гарах зэрэг зарим олон нийтийн арга хэмжээнд оролцуулахгүй үлдээчихсэн байдаг. Гэтэл миний хүүхэд ямар буруутай юм? Багш хүн эцэг, эхийнх нь хөгжлийн бэрхшээлээс болж хүүхдийг нь ялгаж харьцах ёсгүй биз дээ.

(Харааны бэрхшээлтэй иргэдтэй хийсэн Фокус бүлгийн ярилцлагаас. Харааны бэрхшээлтэй, эрэгтэй, 39 настай)

Жишээ 5

Миний дээд сургуульд сурах сургалтын төлбөрийг буцалтгүй тусламжаар бүрэн төлнө гэсний дагуу сургуульд элсэн суралцсан. Гэтэл гэнэт сургалтын алба мөнгөгүй байна, төлбөр мөнгөө өг гэсэн. Тэгээд байсхийгээд л ийм ч мөнгө аваад ир, тийм ч мөнгө аваад ир гээд нэхдэг. Би дохионы хэлний орчуулагчаар дамжуулаад асуухаар ерөөсөө нарийн мэдээлэл авч чаддаггүй. Тэгсэн хэрнээ юунд зарцуулагдаж байгаа нь мэдэгдэхгүй мөнгө аваад байдаг. Би англи хэлд өөрөө дуртай мөртлөө даанч дохионы орчуулгагүй болохоор би ойлгодоггүй, багш нь ч энийг мэдэхийг хүсдэггүй. Бас тэгээдхамгийн арын ширээнд суудаг.

Сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдтэй хийсэн Фокус бүлгийн ярилцлагаас)

Жишээ 6

Хэдэн жилийн өмнө дүүргийн халамжийн мэргэжилтэн надруу яриад, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлд материалаа бүрдүүлээд өгөөдөх гэсэн. Маш богино хугацаанд хэлсэн материалыг нь бүрдүүлээд өгсөн чинь нэг сая төгрөг авсан. Тэр мэргэжилтэн миний материалыг бүтээж өгснийхөө шанд тэр мөнгөний талыг нь авч байсан. Тухайн үед юу болоод байгааг сайн ойлгоогүй, тэгээд л өнгөрсөн. Сүүлд бодохнээ тэр хүн намайг ашиглаж мөнгө авсан байгаа юм. Гэтэл тэр хүн ажлаа хийж байгаа хүн байж тэгж авлига авч, мөнгө завшиж болохгүй гэдгийг ойлгосон. Одоо ч гэсэн тэр зээлийг авч байгаа хүмүүс тэр хүндээ хувь өгдөг юм билээ.

(Ганцаарчилсан ярилцлагаас. Хөдөлгөөний бэрхшээлтэй эрэгтэй, 43 настай)

Жишээ 7

... Манай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэд эвлэлдэн нэгдсэн байгууллага л даа. Төрийн байгууллагаас зарласан тендэрт оролцоод шалгарч байсан. Тухайн тендэрийн мөнгө нь тийм их биш, бид үйл ажиллагааны зардалдаа зарцуулаад л дууссан. Гэтэл эргээд нөгөө тендэр авсан байгууллагаас биднийг байнга дарамталж, шаналгах болсон. Энд тендэрийн мөнгөнөөс тухайн хүмүүст мөнгө эсвэл хувь өгөх зүйл яригдаагүй байна. Юу гэхээр мөнгөн бус хэлбэрээр авлигын хэлбэр явагддаг. “Манайхаас явуулж байгаа хүмүүнлэгийн аянд танайхаас хандив хэрэгтэй байна, шинэ жилээр ч юм уу янз бүрийн баяруудаар хүмүүс шагнах гэсэн юм, шагналд хувь оруулаач, шинэ жил зохион байгуулах гэсэн чинь зардал дутаад байна” гэх зэргээр эргээд тэр байгууллагаасаа бид хараат болчихдог.

(Ганцаарчилсан ярилцлагаас. Хөдөлгөөний бэрхшээлтэй эрэгтэй, 36 настай)

Жишээ 8

Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд маш олон байгуулагдаж, үйл ажиллагаа явуулдаг болсон. Төрийн байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан, тэднээр хийлгэх гэсэн олон тендэрүүд зарлагддаг болчихсон. Тэгээд тэр тендэрүүдэд оролцоход тендэр хариуцсан ажилтнууд нь биднээс “тендэрийн тодорхой хувийг аваад танайхыг шалгаруулаад өгье” гээд наймаалцаж байсан. Хэдэн төгрөг, хэдэн хувийг тэр хүнд өгөх вэ гэдэг нь тухайн тендэрийн нийт үнийн дүнгээс хамаараад 10-15 хувь байсан. Тэр хувь өгч байгаа мөнгийг төрийн албан хаагч өөрийнхөө дансаар авдаггүй, олон хүн цугласан газар уулзаж бэлнээр авдаг юм байна лээ. Миний оролцсон тендэрийн хувьд төдийлөн туршлагагүй, яадгийг нь мэдэхгүй байсан учраас тухайн үедээ тендэрээ авахын тулд тухайн нэхсэн мөнгийг өгч байсан. 

(Ганцаарчилсан ярилцлагаас. Сонсголын бэрхшээлтэй эмэгтэй, 45 настай)

Н.Пунцагболд

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх