Рио-де-Жанейро хотын даргыг авлигын гэмт хэрэгт холбогдуулан баривчилжээ


2020/12/29  520   0


Рио-де-Жанейро хотын дарга Марсело Кривелла 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр буюу бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоос 9 хоногийн өмнө авлигын гэмт хэрэгт холбогдон баривчлагджээ.

Тус гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг удирдаж буй шүүгч Роза Хелена Маседа Гуйта “Марсело Кривелла бол хууль бус ашиг хонжоо олох зорилгоор Рио хотын даргын албан тушаалд томилогдсон гэмт бүлэглэлийн толгойлогч юм” хэмээн мэдэгдсэн байна.

Хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилсэн шүүн таслах ажиллагааны дараа шүүхээс Марсело Кривеллаг цагдан хорих шийдвэр гаргасан ба түүнийг хотын хойд хэсэгт байрлах хорих ангид шилжүүлж буй дүрс бичлэг нийтэд цацагдсан байна.

Үүнээс хэдэн цагийн дараа шүүх хотын даргыг гэрийн хорионд байлгах зөвшөөрөл олгожээ. Гэвч Марсело Кривелла нь байршил тогтоогч электрон бугуйвч зүүж, өөрийн эзэмшилд байгаа бүх утас болон компьютерийг хураалган гуравдагч этгээдтэй холбоо тогтоохгүй байх үүрэг хүлээсэн байна.

Хотын даргыг өглөөний 6 цагийн үед гэрээс нь баривчилж буй бичлэгийг “GloboNews” телевизийн суваг нийтэд цацсан байна. Марсело Кривелла энэ үеэр “Миний бие Рио-де-Жанейро хотод авлигын эсрэг хамгийн их үйл ажиллагаа явуулсан хотын дарга бөгөөд шударга ёсыг тогтоож өгөхийг хүсэж байна” хэмээн мэдэгджээ.

Марсело Кривелла нь өнгөрсөн сард орон нутгийн сонгуулийн үеэр Ерөнхийлөгч Болсонарогийн дэмжлэгийг авсан боловч сонгуульд ялалт байгуулж чадаагүй билээ. Тус авлигын хэрэгт холбогдуулан бизнес эрхлэгч Рафаел Алвес, хотын даргын сан хөмрөгийн эрхлэгч асан Мауро Мачеда зэрэг хэд хэдэн этгээдийг мөн баривчилсан байна.

2018 онд эхэлсэн энэхүү мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд олж тогтоосноор “Риотур” орон нутгийн аялал жуулчлалын агентлагтай гэрээ байгуулах сонирхолтой компаниуд Рафаел Алвесд хахууль өгдөг байжээ. Ерөнхий прокурорын орлогч Рикардо Рибейро Мартинс “Бидний олж тогтоосноор энэхүү гэмт бүлэглэл 10 сая гаруй ам.долларын хахууль авсан байна” гэж олон нийтэд зарласан байна.

Марсело Кривелла өмнө нь сүмийн пастор байсан бөгөөд хотын даргаар ажиллаж байх хугацаанд сүмийн гишүүдэд давуу эрх олгож байсан хэрэгт холбогдон мөн шалгагдаж байжээ. Прокурорын газраас түүнийг сүм хийдийн үйл ажиллагааг ашиглан мөнгө угаасан үйлдэлд мөн сэжиглэн шалгаж байгаа билээ.

 2014 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга болон 2016 оны Олимпын наадмыг зохион байгуулсны дараагаар Рио-де-Жанейро хот нь улс төрийн болоод санхүүгийн гүн хямралд орсон билээ. Рио мужийн захирагч Вилсон Витзел мөн авлигын хэрэгт холбогдож энэ оны наймдугаар сард албан тушаалаас огцорсон юм. Түүний өмнө мужийн захирагчаар ажиллаж байсан таван албан хаагч мөн гэмт хэрэгт холбогдон мөрдөн шалгагдсанаас одоогоор дөрөв нь хорих ял эдэлж байна.

 

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх