Олон улсын авлигын талаарх статистик мэдээллийн үнэн зөв байдал хэр баталгаатай вэ?


2021/05/27  728   0


Авлигатай тэмцэх салбарт ажилладаг хүмүүс авлигын хэмжээ, олон улсын түвшин дэх нөлөөллийг харуулсан глобал тоон мэдээний ойлголттой байдаг. Тэр ч утгаараа авлигын холбогдолтой асуудлын талаарх тайлан, мэдээ, албан тушаалтны ярилцлагын эхлэлийн үг хэлбэрээр тогтмол хэрэглэгддэг билээ. Жишээлбэл, жил бүр 1 их наяд ам.доллар авлигын улмаас алдагдаж байна, авлига нь дэлхийн эдийн засагт 2.6 их наяд ам.доллар (дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувь), жил бүр төрийн байгууллагын худалдан авах ажиллагааны 10-25 хувь авлигын үйл ажиллагаанд алдагддаг зэрэг болно. Тэгвэл эдгээр тоон мэдээ нь хэр үнэн зөв бэ? Энэ талаар бид өмнө блогт хэлэлцэж байсан билээ.

Хэдэн жилийн өмнө миний бие энэхүү 1 их наяд ам.доллар болон 2.6 их наяд ам.долларын талаарх мэдээллийн баталгаат байдалд эргэлзэж байсан талаар нийтлэл байршуулж байсан, үүнийг дагаад Авлигын эсрэг глобал блогын ахлах мэдээ нийтлэгч Рик Мессик болон зочин нийтлэгч Маяа Форстатер нараас хэд хэдэн шүүмжлэл хэлсэн юм.

Өнгөрсөн жил, миний бие “U4 авлигын эсрэг эх сурвалжийн төв”-ийн Сесиле Ватхне (ахлах зөвлөх асан)-тай хамтран судалгааны ажил хийсэн юм. Энэхүү судалгааны ажлын нэр нь “Авлигын статистик мэдээллийн үнэн зөв чанар: Олон улсын 10 статистик мэдээг дүгнэх нь” юм. Судалгааны хүрээнд бид олон улсын түвшинд хамгийн өргөн хэрэглэгддэг авлигын тоон мэдээний үнэн зөв чанарыг дүгнэж, тус мэдээллийн эх үүсвэрийг олж тогтоон, баталгаат байдлыг тодорхойлсон юм. Бид судалгааны хүрээнд статистик мэдээний баталгаат чанарыг баталгаатай, асуудалтай, батлагдаагүй гурван төрөлд ангилан ялгасан болно.

Харамсалтайгаар бидний судалсан хамгийн өргөн хэрэглэгддэг 10 статистик тоон мэдээнд баталгаатай ангилалд орох мэдээлэл байгаагүй юм.(Ердөө хоёр тоон мэдээ энэ ангилалд хамаарахад ойрхон байсан) Зургаан статистик мэдээ нь асуудалтай, харин үлдсэн 4 тоон мэдээ нь бүхэлдээ ямар ч үндэслэлгүй байсан. Энэхүү судалгааг сонирхсон иргэд, судлаачид эх тайлантай танилцах боломжтой бөгөөд судалгааны хураангуй дүгнэлтийг та бүхэнд танилцуулж байна.

Судалгааны хүрээнд дараах дүгнэлтийг хийв.

1.    Статистик: Дэлхийн хэмжээнд жил бүр авлигын улмаас 1 их наяд ам.доллар хохирол учирдаг

Үнэлгээ: Асуудалтай

Дүгнэлт: 2000 оны эхэн үеийн зарим тоон баримтууд авлигын үйл ажиллагаанд жил бүр 600 тэрбумаас 1.76 их наяд ам.доллар алдагддаг талаар олж тогтоосон нь энэхүү тоон мэдээлэлтэй хамгийн ойролцоо тоон мэдээлэл юм. Гэвч энэхүү тоон мэдээллээс жил бүр 1 их.наяд ам.доллар алдагддаг гэх тооцоолол хийх нь тийм ч оновчтой биш юм. Хамгийн сүүлд энэхүү тоон мэдээг шинэчлэх зорилгоор тооцоолол хийсний үндсэнд 1.5-аас 2 их наяд ам.доллар төлөгддөг талаар бичсэн байна. Гэвч ийнхүү шинэчлэхдээ тооцооллын ямар арга ашигласан нь тодорхойгүй болно.

2.    Статистик: Жил бүр төсвийн хөрөнгийн 2.6 их наяд ам.доллар авлигын улмаас шамшигддаг

Үнэлгээ: Асуудалтай

Дүгнэлт: Олон улсын хэмжээнд ямар нэгэн байгууллага болон судлаачид төсвийн хөрөнгөөс 2.6 их наяд ам.доллар жил бүр шамшигддаг талаар судалгаа, тоон мэдээлэл боловсруулаагүй болно. Ойрын хугацаанд энэхүү тоон мэдээ хурал, тайланд хэрэглэгдэж эхэлсэн нь 2018 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Нарийн Бичгийн даргын хэлсэн үгийг буруугаар тайлбарласан шалтгаантай юм.

3.    Статистик: Авлига нь дэлхийн эдийн засагт 2.6 их наяд ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэх хохирол учруулдаг

Үнэлгээ: Батлагдаагүй

Дүгнэлт: Энэхүү тоон мэдээ нь ямар нэгэн эх сурвалж, судалгаанд тулгуурлаагүй бөгөөд өөр сэдэвт асуудлын хүрээнд боловсруулсан судалгааг буруугаар тайлбарлаж ашигласан байж болзошгүй. Иймд ямарваа байгууллага эсхүл зөвлөх энэхүү тоон мэдээг ямар ч нөхцөл байдалд дурдах, ашиглахад тохиромжгүй юм.

4.    Статистик: Авлига, татвараас зайлсхийх, хууль бус санхүүгийн урсгал нь хөгжиж буй улс, орнуудад 1.26 их наяд ам.долларын хохирол жил бүр учруулдаг

Үнэлгээ: Асуудалтай

Дүгнэлт: Энэхүү тоон мэдээ нь Глобал санхүүгийн шударга байдлын байгууллага (Global Financial Integrity)-аас хөгжиж буй улс, орнуудын хууль бус хөрөнгийн урсгалын талаар 2008 онд боловсруулсан судалгаанд тулгуурлажээ. Гэвч энэхүү тоон мэдээ нь зөвхөн хууль бус санхүүгийн урсгалд хамаарах мэдээлэл бөгөөд авлига болон татвараас зайлсхийх үйлдэлд хамаарахгүй юм. Түүнчлэн энэхүү тоон мэдээ нь тухайн цаг үе дэх нөхцөл байдлаас маш ихээр нэмэгдэж тооцоологдсон байгаа юм. Хэрэв аливаа байгууллагаас Глобал санхүүгийн шударга байдлын байгууллага (Global Financial Integrity)-ын мэдээллийг ашиглаж илүү нарийвчилсан тоон мэдээлэл боловсруулсан тохиолдолд хөгжиж буй орнууд хууль бус санхүүгийн урсгал, авлига болон бусад хууль бус үйл ажиллагаанаас шалтгаалан жил бүр 660 тэрбум ам.долларын хохирол хүлээдэг болох нь харагдах юм.

5.    Статистик: Жил бүр төрийн байгууллагын худалдан авах ажиллагааны зардлын 10-25 хувь нь авлигын улмаас алдагддаг

Үнэлгээ: Асуудалтай

Дүгнэлт: Хэдийгээр энэхүү тоон мэдээ үнэмшилтэй харагдаж байгаа боловч холбогдолгүй тоон мэдээг субъектив байдлаар тайлбарлаж боловсруулсан статистик юм. Олон улсын хөгжлийн албан хаагчид 2000 оны эхээр төрийн худалдан авах ажиллагааны зардлын 10-15 хувь нь авлигын үйл ажиллагаанд алдагддаг талаар таамаглаж байсан гэдгийг дурдах шаардлагатай.

6.    Статистик: Төсвийн хөрөнгөөс санхүүжилт авсан дэд бүтцийн үйл ажиллагаанд жил бүр авлигын улмаас 10-30 хувийн хохирол

Үнэлгээ: Баталгаагүй

Дүгнэлт: Энэхүү тоон мэдээг нэр хүнд бүхий олон байгууллага дурдаж байсан боловч эх сурвалжийн талаар өмнө дурдаж байгаагүй. Хэдийгээр бид боломжтой хэд хэдэн эх сурвалжийг тодорхойлсон боловч энэхүү статистик мэдээллийг баталгаажуулах мэдээ олдоогүй болно.

7.    Статистик: Усны салбарт зарцуулсан хөрөнгийн 20-40 хувь нь жил бүр авлигын улмаас алдагддаг

Үнэлгээ: Баталгаагүй

Дүгнэлт: Хэдийгээр ус болон ариутгалын салбарт авлигын үйл ажиллагаанд алдагдаж буй хөрөнгийн хэмжээ энэ хүрээнд байх боломжтой боловч энэ сэдвээр хийсэн судалгаа байхгүй бөгөөд бусад холбогдох сэдвийн хүрээнд хийсэн судалгааны үр дүнгээс тааварлаж тооцоолсон үнэлгээ юм.

8.    Статистик: Хөгжлийн хүрээнд олгосон тусламжийн 30 хүртэлх хувь нь жил бүр авлига болон залилангийн улмаас алдагддаг

Үнэлгээ: Асуудалтай

Дүгнэлт: Бид энэ мэдээллийн баталгаат эх сурвалжийг олж тогтоож чадаагүй. Гэвч энэхүү тоон мэдээлэлтэй хамгийн ойролцоо мэдээлэл нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Глобал Сангийн аудит хийсэн үр дүн юм. Аудитын үнэлгээг хөгжлийн хөтөлбөрийн тусламжийн 30 хүртэлх хувь нь авлигын үйл ажиллагаанд алдагддаг хэмээн тайлбарлах нь зохимжгүй юм. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Глобал Сангийн санхүүжилтээр бие даасан аудитын ажиллагааг хийсэн бөгөөд ДОХ, сүрьеэ болон хумхаа өвчинтэй тэмцэх сангийн 30-67 хувь нь ихэнх тохиолдолд авлигаас шалтгаалан зориулалтын бусаар зарцуулагдсан байсан.

9.    Статистик: Гаалийн үйл ажиллагаатай холбогдох авлига нь Дэлхийн Гаалийн байгууллагын гишүүн орнуудад жил бүр 2 тэрбум ам.доллараас багагүй хохирол учруулдаг

Үнэлгээ: Асуудалтай

Дүгнэлт: Хэдийгээр энэхүү судалгааг академик түвшинд боловсруулсан боловч тоон мэдээг тооцсон аргачлалыг тодорхой дурдаагүй бөгөөд үнэлгээний хувьд асуудалтай байж болзошгүй юм. Тус тоон мэдээллийг дурдаж буй байгууллагаас энэхүү статистикийн тодорхойгүй байдлыг хүлээн зөвшөөрч Дэлхийн худалдааны байгууллага болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага зэрэг олон улсын байгууллагыг эх сурвалжаар дурдахгүй байх шаардлагатай.

10. Статистик: Дэлхийн хэмжээнд 5-аас доош насны хүүхдийн нас баралтын 1.6 хувь (жил бүр 140 мянга гаруй нас баралт) нь авлигын үйл ажиллагаанаас тодорхой хэмжээнд хамааралтай

Үнэлгээ: Асуудалтай

Дүгнэлт: Энэхүү статистик мэдээлэл нь хэтэрхий тодорхой байдалтай байгаа нь үнэлэмжийг баталгаатай бус асуудалтай хэмээн үнэлэх нөхцөл болсон. Хэрэв “Авлигын үйл ажиллагаа нь бага насны хүүхдийн нас баралтын хувийг нэмэгдүүлдэг нь судалгаанаас батлагдав” гэх агуулгатай байсан тохиолдолд энэхүү мэдээг баталгаатай хэмээн үнэлэх байв.

Энэхүү судалгааны хүрээнд авлигын үйл ажиллагаанд холбогдох статистик тоон мэдээллийг олон нийтэд түгээх тайлан болон мэдэгдэлд хэрэглэх тохиолдолд баримтлах шаардлагатай 5 зөвлөмжийг боловсруулав. Үүнд.

1.    Тоон мэдээллийн эх сурвалжийг үргэлж шалгаж байх

Олон нийтэд түгээх баримт бичиг эсхүл мэдэгдэлд статистик тоон мэдээлэл дурдахаас өмнө тус мэдээллийн эх сурвалжийг заавал шалгах шаардлагатай. Зарим тохиолдолд эх сурвалжийг “А” баримт бичгээс, “А” баримт бичиг нь “Б” баримт бичгээс зэрэг байдлаар дурдсан тохиолдол байдаг. Иймээс үндсэн эх сурвалжийг ашиглаж тоон мэдээллийг дурдах нь зүйтэй бөгөөд дундын эх сурвалжийг ашиглах нь тохиромжгүй юм. Дундын эх сурвалж нь тоон мэдээг оновчгүй дурдсан байж болзошгүй. Хэрэв эх сурвалжийг тодорхойлох боломжгүй бол тус мэдээллийг дурдах нь зохимжгүй юм. Түүнчлэн эх сурвалж нь “судалгаанаас харахад...” хэмээн тоон мэдээг онцолж, тодорхой судалгааг дурдаагүй тохиолдолд мөн тус мэдээллийг дурдах нь оновчгүй. Жишээлбэл, эх сурвалж нь “Дэлхийн банкны судалгааны дагуу” гэсэн боловч тус байгууллагын тодорхой баримт бичгийг дурдаагүй бол энэхүү тоон мэдээг ашиглах нь зохимжгүй болно. 

2.    Эх сурвалжийг анхааралтай унших

Мэргэжлийн бус хүн эх сурвалжийг академик судлаач адил шалгах шаардлагагүй. Авлига зэрэг далд үйл ажиллагааг үнэлж дүгнэх хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж, судалгааны аргачлалыг олон нийтэд нээлттэй шүүмжилж, дүгнэж байх шаардлагатай юм. Гэвч зарим тохиолдолд олон нийтэд нээлттэй мэдээллийг эх сурвалжаар ашиглаагүй байдаг нь энэхүү ажиллагаанд хүндрэл учруулдаг. Иймээс аливаа байгууллага эсхүл түүний ажилтан статистик тоон мэдээллийг дурдахаас өмнө тус байгууллагын өөр холбогдох албан хаагч энэхүү мэдээг сайтар уншиж танилцан, тоон мэдээ нь ойлгомжтой,  учир холбогдолтой байгааг нягтлах шаардлагатай. Хамгийн багадаа, тус тоон мэдээг судалгааны хүрээнд олж мэдсэн бөгөөд субъектив байдлаар таасан мэдээ биш гэдгийг батлах хэрэгтэй юм. Түүнчлэн судалгааны зүйлийг нарийвчлан харах шаардлагатай, жишээлбэл, авлигын үйл ажиллагааны улмаас дэлхийн эдийн засагт учирч буй хохирлыг тодорхойлоход мөнгө угаах үйл ажиллагааны улмаас учирч буй хохирлын хэмжээг ашигласан байж болохгүй. Нарийвчилсан академик судалгаа шаардлагагүй боловч заавал хийх шаардлагатай үндсэн судалгааг хийх нь оновчтой юм.  

3.    Зохиогчийн байгууллагын хамаарлыг тус байгууллагын албан ёсны судалгааны ололттой бүү хутга

Судалгааны тайланг олон улсад нэр хүндтэй байгууллага боловсруулсан тохиолдолд түүний баталгаат чанар зохиомлоор нэмэгддэг, жишээлбэл, Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагын судалгаанд иргэд, судлаачид итгэх итгэл өндөр байдаг. Гэвч бодит байдалд тус судалгааг тухайн байгууллагын гэрээт ажилтан эсхүл зөвлөх байгууллага гүйцэтгэсэн байдаг. Иймээс тус байгууллагын судалгааны тайланд байгаа тоон мэдээг дурдах тохиолдолд “Дэлхийн банкны олж тогтоосноор” бус харин “Дэлхийн банкны судалгааны тайланд дурдсанаар” хэмээн дурдаж байх нь зүйтэй юм.

4.    Тодорхой байдал, нарийвчлал, ерөнхий байдлыг хэтрүүлж болохгүй

Хялбаршуулах нь зөвлөх болон бодлого боловсруулах ажиллагаанд шаардлагатай байдаг боловч хэт хялбаршуулах нь асуудал дагуулдаг. Ихэнх тохиолдолд авлигын талаарх статистик нь тодорхой цаг хугацаа, байршил, салбарыг заасан байдаг. Түүнчлэн, эх сурвалж нь судалгааны тодорхойгүй байдлыг хүлээн зөвшөөрсөн байдаг(эсхүл тодорхойгүй байдлыг хүлээн зөвшөөрөөгүй боловч ойлгомжтой байдаг). Статистик тоон мэдээ судалгаанаас судалгаанд дамжин дурдагдах явцад энэхүү тодорхойгүй байдал нь гээгдэж үл ойлголцол үүсгэдэг байна. Энэхүү үл ойлголцлыг судалгааны тодорхойгүй байдлыг хүлээн зөвшөөрч, судалгаанд дурдсанаар  зайлсхийх боломжтой. Ингэснээр авлигын холбогдолтой цөөн тооны үнэн зөв статистик тоон мэдээлэл олон улсын түвшинд ашиглагдах юм. Бид авлигын хор уршгаас хамааран дэд бүтцийн салбарт жилд учирч буй хохирлыг нарийвчлан хэлэх боломжгүй, гэвч тодорхой улс болон хөтөлбөрийн хүрээнд авлигын үйл ажиллагаанд алдагдсан хохирлыг тооцоолох боломжтой юм. Ийнхүү тодорхой жишээнд тулгуурлан боловсруулсан тоон мэдээлэл нь авлигын хор хөнөөлийг таниулахад хангалттай баримт мэдээ болно.

5.    “Сүржигнэсэн” статистикээс зайлсхийж, чухал үр дагаврыг харуулсан нотлох баримтад анхаарал хандуулах

Энэ нь бидний зүгээс хүргэж буй хамгийн ерөнхий бөгөөд шүүмжлэл дагуулах зөвлөмж юм. Олон улсын байгууллага, донор агентлаг, иргэний нийгмийн бүлэг болон бусад холбогдох байгууллагыг зуршил болсон “сүржигнэсэн” статистикээс зайлсхийхийг зөвлөж байна. Тайлан болон мэдэгдэлд их хэмжээний тоон мэдээ, хувь дурдахын оронд нөлөө бүхий  эдгээр байгууллага нь авлига болон бусад холбогдох зүйлийн холбоо хамаарлыг харуулсан эмпирик нотолгоонд илүү анхаарал хандуулах шаардлагатай. Авлигын хор хөнөөлийг нарийвчлан тогтоох бус, жишээлбэл, дэлхийн эдийн засагт жил бүр учруулж буй хохирол(туйлын тодорхой эсхүл хувиар илэрхийлсэн дүн гаргах)-ыг тооцоолох бус харин эдийн засагт их хэмжээний хохирол учруулж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг бууруулдаг, эрх тэгш байдлыг доройтуулдаг, макро эдийн засагт сөргөөр нөлөөлдөг талаар тодорхой мэдэгдэж байх шаардлагатай. Бид авлигын үйл ажиллагааны улмаас хэдэн хүүхэд нас бардаг талаар нарийвчлан мэдэх боломжгүй боловч хүүхдийн нас баралт болон авлигын хор уршгын холбоо хамаарлыг тайлбарлаж чадна. Баталгаагүй статистик тоон мэдээлэлд анхаарал хандуулахын оронд авлигын хор хөнөөлийг нотолсон эмпирик нотлох баримтад анхаарал хандуулснаар асуудлыг тайлбарлахад хүчин чармайлт гаргах бус харин үр дагавар, шалтгаант нөхцөлийг арилгах арга хэмжээ авахад хүчин чармайлт гаргахад эерэгээр нөлөөлөх юм.   

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх