Хураан авсан хахуулийн мөнгө болох 639,244,450 төгрөгийг улсын орлого болгов


2021/06/24  2566   0


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан онц их хэмжээний хахуулийн мөнгийг Сангийн яамны төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болголоо.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа иргэд, аж ахуйн нэгжээс хясан боогдуулах замаар их хэмжээний хахууль авсан Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр эцэслэн шийдвэрлэсэн.

Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар Н.Баярсайханы Хан-Уул дүүргийн Жаргалан хотхон дахь орон сууцанд нэгжлэг хийж зочны өрөөнөөс 5.1 сая төгрөг, 16.460 ам.доллар, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, сейфнээс 140 сая төгрөг, 127.117 ам.доллар, 50 мянган юань, мөн түүний ажлын өрөөнөөс 10.8 сая төгрөг, 8600 ам.доллар тус тус хураан авсан нь нийт 230.8 сая төгрөг, 152.177 ам.доллар, 70 мянган юань болсон бөгөөд дээрх мөнгө, валютыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэх үндэслэлтэй байх тул улсын төсөвт шилжүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн юм.

Ийнхүү хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн тул Н.Баярсайханаас хураан авч Авлигатай тэмцэх газарт битүүмжлэгдэн хадгалж байсан 173.4 сая төгрөг, 152.177 ам.доллар, 50 мянган юань, Г.Элдэв-Очироос хураан авсан 5 сая төгрөг, С.Бүрэнтөгсөөс хураан авсан 5 сая төгрөг буюу нийт 639,244,450 төгрөгийг мөрдөгчид Сангийн яамны төрийн сангийн дансанд тушааж улсын орлого болголоо.

Энэ хэргийн өөр нэг холбогдогч болох Э.Аззаяад холбогдох хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Аззаяагийн өмчлөлийн Рапид хотхон дахь орон сууцнаас 57.4 сая төгрөг, 20 мянган юань эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх