Хөгжиж буй орнууд дахь авлигын сэтгэлзүйн өртөг


2021/06/14  2138   0


Авлига бол эдийн засгийн өсөлтийг удаашруулж, хөгжлийг доройтуулж, тэгш бус байдлыг үүсгэдэг гэмт хэрэг юм. Авлига дэлхийн эдийн засагт жилд ойролцоогоор 2.6 их наяд долларын хохирол учруулдаг бөгөөд ихэвчлэн улс төр болон томоохон корпорацуудын арилжаа наймаатай холбоотой байдаг. Тухайлбал Панама Пэйпэрс нь санхүүгийн өргөн цар хүрээтэй, хүчирхэг нууц салбарыг илчилсэн билээ.

Гэхдээ хөгжиж буй орнууд дахь авлигын үлэмж хэсэг нь орон нутгийн засаг захиргааны албан тушаалтнуудад "гар цайлгах мөнгө" төлөх буюу албан бус төлбөрийн хэлбэртэйгээр оршин тогтнож байдаг. Хүмүүс цахилгаан эрчим хүч хэрэглэх болон жолооны үнэмлэх авах, эмнэлэгт үзүүлэх зэрэг өдөр тутмын наад захын бараа, үйлчилгээ авахдаа ийм төлбөрийг тогтмол төлдөг байна.

Иймэрхүү төрлийн жижиг авлигын хувьд хүмүүст мөнгө санхүүгийн хувьд нөлөөлөхөөс гадна шууд мэдрэгддэггүй ихэвчлэн далд байдаг өртөг нь сэтгэлзүйд учруулж байгаа хор хөнөөл юм. Бидний судалгаа хөгжиж буй орнуудын иргэдэд тулгардаг өдөр тутмын авлига тэдний сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн хор хөнөөл учруулж байгааг тодруулах зорилготой юм.

Хохирол хэд хэдэн хэлбэртэй байж болно. Жишээлбэл, хээл хахуулийн хэмжээ болон давтамж нь санхүүгийн зардал үүсгэж, улмаар сэтгэлийн зовуурь бий болгодог бөгөөд ялангуяа, ядуу өрхүүд үүнд маш их өртөхийн хамт илүү эмзэг байдаг байна.

Авлига нь эрүүл мэнд, боловсролын дэд бүтэц зэрэг төрийн гол гол үйлчилгээнүүдийн буруу гажуу хуваарилалтын шалтгаан болдог. Эдгээр үйлчилгээнүүд нь хүний бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг хэдий ч төлбөр төлөх хүсэлтэй хийгээд чадвартай хүмүүст л ихэвчлэн хялбар бөгөөд боломжтой байдаг. Түүнчлэн, амьдралын хэрэгцээт бараа, үйлчилгээ (хуулиар тогтоосон) авахын тулд хахууль төлөх нь тухайн хүнд арга мухардсан, эрх чөлөөгүй мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.

Дэлхийн хүн амын 10 орчим хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгтэй байдаг бөгөөд ялангуяа ядуу буурай хүмүүс үүнд илүү өртөмтгий байдаг. Судалгаанаас харахад өндөр орлоготой хүмүүсийг бодвол бага орлоготой хүмүүсийн сэтгэл гутрал, сэтгэлийн хямралд өртөх эрсдэл илүү байна.

Сэтгэлийн хямрал

Бидний судалгааны ажлын судлагдахуун болох Вьетнам улс нь төрийн салбарын ил тод байдлын үзүүлэлтээр 180 орноос 104-т жагсаж байна. Авлига нь Вьетнамд бизнес эрхлэхэд гардаг ердийн нийтлэг зардал гэж тооцогдсон хэвээр байгааг судалгаа баталж байна.

Бид Вьетнамын хөдөө нутагт хоёр том судалгаа явуулсан бөгөөд Center for Epidemiological Studies Depression-ийн шатлалыг ашиглан үнэлсэн болно. Сэтгэл гутралын шинж тэмдгийг хэмжих өргөн тархсан энэхүү судалгааны хэрэгсэл нь судалгаанд хамрагдаж буй хүмүүсээс хэр олон удаа уйтгар гуниг, найдваргүй байдал мэдэрдгийг болон анхаарал сарнилт, нойргүйдэл хэр зэрэг байгааг нь тодруулдаг юм. Эцэст нь, үр дүнг нь авлигын хэмжүүртэй харьцуулсан болно.

Эхний судалгаанд авлигын хэмжүүр нь хүмүүс өдөр тутамдаа төрийн салбарын авлигад (барилга барих зөвшөөрөл авах, төрийн албанд ажилд орох, эмчилгээ хийлгэхийн тулд хээл хахууль төлөх) өртөж буй байдал дээр суурилсан байв. Харин хоёр дахь судалгаанд орон нутгийн аж ахуйн нэгжид авлига хэр зэрэг нөлөө үзүүлж буйг айл өрхүүдээс асуусан юм.

Жижиг авлигад өдөр бүр өртөх нь сэтгэцийн эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг талаар бид тодорхой бөгөөд үнэмшилтэй нотолгоо олсон юм. Эмэгтэйчүүд голчлон ар гэртээ анхаарал халамж тавих хандлагатай байдаг тул гэр бүлдээ зайлшгүй шаардлагатай үйлчилгээг тэд ихэвчлэн хөөцөлддөг байна. Бидний олж мэдсэн үр дүнгээс харахад авлига газар авсан газрууд дахь төрийн үйлчилгээнээс хараат байдал нь эмэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд эрэгтэйчүүдтэй харьцуулахад илүү их нөлөөлсөн болохыг харуулж байна.

Түүнчлэн авлигад өртөх нь орон нутгийн иргэд болон байгууллагуудад итгэх итгэлийг бууруулж, улмаар орлого буурахад хүргэдэг бөгөөд энэ нь эргээд сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг байна.

Авлигыг таслан зогсоох нь

2016 онд Вьетнамын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг авлигын эсрэг томоохон кампанит ажил эхлүүлсэн юм. 2016 оны 1-р сараас 2018 оны 8-р сарын хооронд 56 төрийн албан тушаалтанд авлигын хэргээр сахилгын шийтгэл оногдуулж, бусад хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж мэдээлжээ.

Үүний дараа зарим ажиглагчид уг кампанит ажил нь авлигын түвшинг бууруулсан гэж үзжээ. Бидний судалгаагаар, авлигын эсрэг амжилттай тэмцэж чадсан бүс нутагт сэтгэцийн эрүүл мэндийн түвшин мөн дээшилж байгааг олж тогтоосон.

Сүүлийн үед цар тахлын улмаас зайлшгүй шаардлагатай үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтээс хамаагүй илүү байх магадлалтай тул авлига цэцэглэх өргөн нөхцөл бүрдэж буй нь эргэлзээгүй юм. Эрүүл мэнд, хүмүүнлэгийн тусламжаас хамаарсан COVID-19-тэй холбоотой авлигын талаарх мэдээллүүд гарсаар байна. Энэ өвчин урт хугацааны тэгш байдал болон нийгмийн хөдөлгөөнд аль хэдийн нөлөөлж, ядуу, гадуурхагдсан бүлгүүдийг улам хүчгүйдүүлж байна.

Цар тахлын дараах сэргээн босголтын үйл явцыг хангахын тулд авлигатай тэмцэх, засаглалын бүтцийн ил тод байдлыг дээшлүүлэх үүрэг амлалттай байх шаардлагатай. Дэлхийн хамгийн ядуу хүмүүсийн хувьд мөнгө, хоол хүнс, аюулгүй байдлаа хангах тулгамдсан хямрал өдөр бүр тохиолддог. Энэ бол урт удаан хугацаанд үргэлжилсэн авлигаас болж улам дордсон тэдний бие бялдарын хийгээд оюун санааны эрүүл мэндэд хор учруулах, улигт тэмцэл юм.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх