Хорват Улсын Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудыг шударга байдлаа нэмэгдүүлэхийг уриалжээ


2020/03/27  133   0


Европын зөвлөлийн авлигын эсрэг улсуудын бүлэг (ЕЗАЭУБ)-ээс Хорват Улсын Засгийн газар, хууль сахиулах байгууллага дахь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаарх үнэлгээний тав дахь удаагийн тайланг гаргаад байна.

Хорват Улс нь нийтийн албанд шударга байдлыг бэхжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох орчинг бүрдүүлсэн болохыг тайланд дурджээ. Гэхдээ хуулийн зохицуулалт болон тэдгээрийн практик хэрэгжилтийг хангуулах шаардлагатай байгааг онцолсон байна.

Тайланд Хорватын Засгийн газарт өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийн ёс зүйн стандартыг хангах зайлшгүй шаардлага тулгараад байгааг тусгажээ. Ялангуяа, Засгийн газрын гишүүд, төрийн нарийн бичгийн дарга нар, сайд нарын туслахуудад зориулсан ёс зүйн дүрэм, дүрмийг хэрэгжүүлэх зөвлөмжийг баталж мөрдүүлэх шаардлагатай байгааг онцолсон байна.

Мөн дээд шатны албан тушаалтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх талаарх зохицуулалтыг илүү өргөжүүлэх шаардлагатай, лоббитой  холбоотой байдлаа мэдүүлэх, лоббидсон асуудлыг тайлагнахтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт хязгаарлагдмал байгааг анхааруулжээ. Шударга байдлыг дээшлүүлэхийн тулд эдгээр асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгааг тайланд дурдсан.

Гүйцэтгэх засаглалын өндөр эрх мэдэлтэй этгээдийн хувийн эрх ашиг нь албаны чиг үүрэгтэй зөрчилдөх нөхцөлд Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх комиссод санхүүгийн байдлаа мэдүүлж байх зохицуулалт бий болгох шаардлагатай байгааг тайланд дурдав. Комиссын зүгээс уг чиг үүрэг буюу Засгийн газрын гишүүд, төрийн нарийн бичгийн дарга нар, сайд нарын туслахуудын санхүүгийн мэдүүлгийг хянаж шалгахын тулд шаардлагатай мэдээллийг авч байх талаар хуулийн илүү нарийн зохицуулалт хэрэгтэй байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор албан тушаалтнууд эрхэлж буй албан тушаалаас үл хамааран бие даасан байгууллагууд, тухайлбал Комисстой хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байхын чухлыг ЕЗАЭУБ-ээс онцолсон байна.

Цагдаагийн байгууллагад итгэх итгэл сул байгаа болон тус байгууллага дахь авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар тайланд дурдсан байна. Цагдаагийн байгууллагын хувьд авлигын эсрэг стратеги баталж хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө авлигын эрсдэлтэй үйл ажиллагааны талаар эрсдэлийн цогц үнэлгээ хийхээс ажлаа эхлэх шаардлагатай байна гэжээ. Мөн одоогийн мөрдөж буй цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд шударга байдлын бүх асуудлыг хамруулахаас гадна практикт дагаж мөрдөх гарын авлагаар хангах хэрэгтэй хэмээн тайланд онцолсон байна.

Цагдаагийн байгууллагад томилогдох, албан тушаал дэвших процесс болон цагдаагийн албанаас халагдсаны дараах ажил эрхлэлт зэрэгт анхаарах хэрэгтэй байгааг мөн анхааруулжээ. Эцэст нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа шударга бус үйлдэл гаргасан, дүрэм журам зөрчсөн албан хаагчдын талаар нийтэд ил тод мэдээлж байх асуудлыг ЕЗАЭУБ-ээс зөвлөсөн байна.

Эх сурвалж


Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх