ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛД БҮТЭЛГҮЙТЭЖ БУЙ ГУРВАН ШАЛТГААН: РОТШТЕЙНЫ ӨГҮҮЛЭЛД ТАЙЛБАР ӨГӨХ НЬ


2021/10/14  356   0


Авлигатай тэмцэх салбарт нэр хүндтэй судлаачдын нэг болох Профессор Бо Ротштейн өнгөрсөн долоо хоногт “Эрдэмтэн, судлаачид авлигатай тэмцэх чиглэлд бүтэлгүйтэж буй гурван шалтгаан” сэдэвт өгүүллийг нийтэлжээ. Энэхүү өгүүлэл нь дотоодын шинэчлэгчид болон олон улсын хөгжлийн байгууллагуудын дэмжлэгтэй хийгдэж буй авлигын эсрэг хүчин чармайлт, үйл ажиллагаа нь яагаад “томоохон бодлогын алдаа” болон хувирч байгаа талаар нарийвчлан тайлбарласан байна. Авлигын эсрэг үйл ажиллагааг амжилтгүй болгож буй гурван шалтгаанд 

1) авлигын талаарх буруу тодорхойлолтыг ашиглах 

2) нийгмийн шинжлэх ухааны буруу онолыг ашиглаж авлигыг судлах, анализ хийх 3) авлигыг “нийгмийн буруу газраас” хайх гэсэн асуудлыг дурджээ.

Энэхүү өгүүлэлтэй холбогдуулан тус салбарын нэр хүнд бүхий судлаач Харвардын их сургуулийн Хууль зүйн доктор, профессор Мэттью Стефенсонын шүүмжлэл, тайлбарыг та бүхэнд хүргэж байна.

Миний бие профессор Ротштейны бичсэн өгүүлэлтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд хэдийгээр профессор Ротштейн одоогийн нөхцөл байдалд тулгамдаж буй хэд хэдэн шалтгаант асуудлыг тодорхойлсон боловч үндсэн асуудлыг орхигдуулсан байна. Түүний бичсэн академик судалгааны материалд гурван нийтлэг хандлага илэрч байгаа юм. Үүнд: 

1) Авлигын тодорхойлолтын талаарх эрүүл бус, ашиг тусгүй хэнээрхэл 

2) Нийгмийн шинжлэх ухааны үзэл баримтлалыг буруу ойлгох, буруу ашиглах, ялангуяа онолын ойлголтын талаар 3) Өмнөх судалгаа, материалыг үл тоомсорлосон байна.

  • Тодорхойлолтын талаарх ашиг тусгүй хэт хэнээрхэл

Авлигыг нарийвчлан тодорхойлох нь амаргүй үйлдэл, гэвч үүнийг цаашид нарийвчлан судлах, тайлбарлах нь зохимжгүй бөгөөд олон жилийн турш маш олон судалгааг энэ чиглэлд хийж одоогийн нөхцөл байдалд хүрсэн байгаа юм. Авлигын тодорхойлолт нь ялгаатай үзэл баримтлалд мөн адил ялгаатай байдлаар тайлбарлагддаг. Гэвч авлигатай тэмцэх салбарт авлигыг “өөрт олгогдсон эрх мэдлийг хувийн ашиг сонирхлын үүднээс урвуулан ашиглах” гэж ойлгодог. Хэдийгээр энэхүү тодорхойлолт нь хэд хэдэн тодорхой бус байдал бий болгодог боловч (урвуулан ашиглана гэж юу гэсэн үг вэ? хувийн ашиг сонирхол гэдэгт юуг ойлгох вэ?) хүмүүс авлигын талаар ярих үедээ тодорхой нэг ойлголтыг төсөөлж байдаг, тухайлбал, хахууль, төсвийн хөрөнгийг шамшигдуулах, танил талаа ажилд томилох гэх мэт болно. Зарим тохиолдолд аливаа тодорхойлолтыг ойлгох өндөр нарийвчлалтай томьёолол шаардлагатай болдог, жишээлбэл, тоон судалгаанд аливаа үйлдлийг нарийвчлан тодорхойлох, эсхүл авлигатай тэмцэх эрх бүхий байгууллагын харьяаллын хэрэг мөн эсэхийг тогтооход ашиглах боловч ерөнхийдөө олон нийтийн дунд авлигын талаарх ойлголт нэгдмэл байгаа юм.

Эрдэмтэн, судлаачид шинэ санаа, арга хэмжээ олж чадахгүй байдалд хүрсэн үедээ үргэлж тухайн зүйлийн тодорхойлолтыг үнэн зөв эсэх талаар маргалдаж эхэлдэг билээ. Ийнхүү нэр томьёоны асуудалд анхаарал хэт хандуулснаар ихэвчлэн ямарваа нэгэн нотлох баримтгүйгээр тус асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа явдлыг нэр томьёоны буруу ойлголттой холбон тайлбарладаг. Тухайлбал, энэ тохиолдолд авлигын эсрэг тэмцэл үр дүн муутай байгаа нь авлигыг зөв тодорхойлж чадаагүй гэх шалтгаантай хэмээн тайлбарласан байна. Профессор Ротштейн мөн авлигыг буруу тодорхойлсон нь ийнхүү бүтэлгүйтэлд хүргэсэн гэж бичсэн байгаа юм. Түүнийхээр “урвуулан ашиглах” гэх үйлдлийг тодорхойлж чадаагүй нь асуудлын эх үүсвэр гэжээ.

Профессор Ротштейны хэлж буй санаанд зарим нэг үнэн зүйл байгаа боловч “урвуулан ашиглах” үйлдэл нь эрх мэдлийг зохистой хэрэгжүүлж байгаа эсэх талаарх нийтлэг ойлголтоор тодорхойлдог. Авлигатай тэмцэх салбарын судлаач, албан хаагчид сүүлийн 40 жил ийнхүү тус үйлдлийг ойлгож ирсэн. Эрх мэдлээ урвуулан ашиглах үйлдлийг гурван үзүүлэлтээр тодорхойлох боломжтой талаар авлигатай тэмцэх салбарт ойлгодог. Нэгдүгээрт, албан ёсны зохицуулалт (эрүүгийн хууль болон бусад хууль, тогтоомж), хоёрдугаарт, олон нийтийн санал бодол ба нийгмийн хүлээлт, гуравдугаарт, шударга байдлын объектив стандарт буюу зохимжтой засаглал юм. Эдгээр үзүүлэлт бүр нь өөрсдийн гэсэн давуу ба сул талтай. Гэвч практикт энэхүү тодорхойлолт нь тийм ч чухал зүйл биш юм. Учир нь авлигын үндсэн үйлдлийн талаар нийтлэг ойлголт байдаг юм(хахууль, төсвийн хөрөнгийг шамшигдуулах зэрэг).  

Профессор Ротштейны бичсэн өгүүлэлд дурдсанаар авлигатай тэмцэх бодлогын бүтэлгүйтэл нь түүнийг зөв тодорхойлоогүй үйлдлээс шалтгаалсан хэмээн дүгнэсэн нь ихээхэн учир дутагдалтай байгаа юм. Энэ дүгнэлтийн талаар тэрээр нарийвчлан тайлбар хийгээгүй бөгөөд ердөө хувийн үзэмжээр ийнхүү дүгнэжээ. Тус дүгнэлт нь учир дутагдалтай гэхээс илүүтэйгээр инээдэмтэй дүгнэлт юм. Энэхүү дүгнэлтийг практикт ойлгохоор нэг жишээ татаж үзье. Тухайлбал, Олон улсын валютын сан  болон Европын холбооноос төв Европын улс орнуудыг авлигатай тэмцэх шинэ дагнасан шүүх байгуулахыг шаардаж тус шүүхэд “авлига”-ын гэмт хэргийг(хахууль, мөнгө угаах гэх мэт) шүүн таслахыг зохицуулжээ. Хэдэн жилийн дараагаар тус шүүх байгууллага нь тийм ч сайн үр дүнтэй ажиллаж чадахгүй байв. Хэдийгээр нотлох баримт хангалттай байгаа боловч шүүн таслах ажиллагаа сунжирч, гэм буруутай нь тогтоогдох шүүгдэгчид цөөн байлаа. Олон улсын ивээн тэтгэгчид болон дотоодын шинэчлэгчид үүний цаадах учир шалтгааныг ойлгохыг хүсэж хэн нэгэн албан тушаалтнаас тодруулга авав. Гэвч тухайн албан тушаалтан өндөр эрх мэдэлтэй албан тушаалтнуудтай нэг ширээний ард суугаад “Авлигатай тэмцэх шүүх нь үр дүн багатай ажиллаж байгаа нь авлигыг зөв тодорхойлж чадаагүй явдалтай холбоотой” гэж хэлбэл тус албан тушаалтнууд юу гэж бодох вэ? Тийм ч таатай хүлээж авахгүй билээ. Авлигатай тэмцэх үйл ажиллагааны үр дүнгүй байдал нь түүний тодорхойлолтоос үүдэлтэй гэдгийг нотолсон судалгаа одоогоор дэлхийд байхгүй билээ.

Мэдээж авлигыг шинэчлэн, нарийвчлан тодорхойлох оролдлого цөөнгүй хийгдсэн боловч ихэнх тохиолдолд тодорхойлолтыг илүү дордуулж байсан юм. Профессор Ротштейн өөрийн өгүүлэлд энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал бичжээ. Нэгдүгээрт, авлигын эсрэг ойлголтыг тодорхойлох шаардлагатай, хоёрдугаарт, авлигын эсрэг ойлголтыг “төрийн чадавх” гэж тодорхойлсон ба үндсэн хэм хэмжээ нь төрийн албан хаагчдын шударга байдал гэсэн байна. Тэгэхээр, авлигын эсрэг ойлголт нь шударга байдал байна. Тэгвэл авлига гэх ойлголтыг тодорхойлохын тулд бид шударга байдлыг тодорхойлох шаардлага тулгарч байгаа юм. Гэвч шударга байдлын эсрэг ойлголт нь давуу байдал олгох юм гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр давуу байдал олгох нь авлига гэсэн үг үү? Үгүй юм, учир нь авлигын үндсэн хэрэгслийн нэг нь давуу байдал олгох бөгөөд үүнээс олон үйлдлийг мөн авлигад хамааруулан ойлгодог билээ. Түүнчлэн давуу байдал олгох нь зарим тохиолдолд авлигын шинж чанаргүй байдаг. Ингээд үзэхээр бид буцаад л авлигын ерөнхий ойлголтод очиж байгаа юм.

Би дахин хэлэхэд, тодорхойлолтын талаар хэт хийрхэх нь тухайн судлаач ямарваа шинэ санаагүй, тулгамдсан асуудлыг шийдэх арга хэмжээний санаачлагагүй байдлыг илэрхийлж байдаг юм.

2. Нийгмийн шинжлэх ухааны үзэл баримтлалыг буруу ойлгох, буруугаар ашиглах

Нийгмийн шинжлэх ухаан судлаачид тус салбарын нарийн төвөгтэй асуудлыг судлах хэд хэдэн онолыг боловсруулсан байдаг. Эдгээр онолыг судалж, танин мэдэх нь судлаачдад ихээхэн ашиг тустай юм. Гэвч эрдэмтэн судлаачид аливаа нэг асуудлыг шийдвэрлэх арга зам нь нийгмийн шинжлэх ухааны “Х” онол бөгөөд “У” онолыг ашиглаж болохгүй хэмээн дүгнэх нь тун аюултай үзэгдэл юм. Цаашлаад, судлаачид өөрсдийн бүрэн ойлгоогүй тодорхойлолт, томьёоллыг ашиглахгүй байх шаардлагатай. Ялангуяа, тодорхой асуудлын хүрээнд илт харагдаж буй алдаа дутагдлыг шүүмжлэхэд ийнхүү томьёололлыг ашиглах нь учир дутагдалтай байдаг. Ихэнх тохиолдолд судлаачид өөрсдийн ашиглаж буй тодорхойлолтыг бүрэн ойлгоогүйгээс шалтгаалж буруу дүгнэлтэд хүрдэг. Үүнээс аюултай нь судалгааг хийх аргачлалыг сонгоход өөрсдийн бүрэн ойлгоогүй тодорхойлолтыг ашиглах юм.

Профессор Ротштейн нь авлигын эсрэг шинэчлэл нь “Удирдагч-Төлөөлөгчийн онол”[2]-ыг ашигласан учраас амжилтгүй байсан хэмээн мэдэгдсэн. Түүний хэлснээр “Удирдагч-Төлөөлөгчийн онолыг Дэлхийн банкнаас эхлээд хөгжлийн бүхий л байгууллагууд авлигын эсрэг тэмцэлд ашиглан ирсэн нь тулгамдаж буй асуудлыг буруугаар ойлгоход хүргэсэн” гэжээ. Энэ нь авлигатай тэмцэх бодлогын бүтэлгүйтлийн хамгийн чухал шалтгаан гэж тодорхойлсон байна.

Удирдагч-Төлөөлөгчийн онолыг хөдөлмөрийн харилцааг зохицуулах шаардлагаар эдийн засагчид боловсруулсан байдаг. Тус онолыг тайлбарлавал,  тодорхой этгээдийг төлөөлж шийдвэр гаргах этгээд нь өөрийн ашиг сонирхлын үүднээс ажиллаж, төлөөлж буй этгээдийн сонирхолтой үл нийцэх шийдвэр гаргахыг хэлдэг билээ. Удирдагч нь төлөөлөгчийн үйлдлийг удирдахыг хүсэх боловч дараах шалтгааны улмаас гүйцэтгэх боломжгүй болдог. Удирдагч нь төлөөлөгчийн шийдвэрийг хянах боломжгүй нөхцөл байдал үүсэх, цаашлаад ямар шийдвэр нь удирдагчийн сонирхолд нийцэж байгаа, ямар шийдвэр нь нийцэхгүй байгааг ялган зааглах аргагүй байдал бий болох юм. Хэдийгээр удирдагч нь төлөөлөгчтэй өөрийн сонирхлыг хамгаалах зорилгоор харилцаагаа загварчлахыг хүсэх боловч дээр дурдсан шалтгааны улмаас шаардлагад нийцэх харилцааг тогтоох боломжгүй болдог. Энэхүү асуудлыг шийдвэрлэх арга замыг олон судалгааны баримт бичигт тусгасан байдаг.

Эдийн засагчид авлига нь энэхүү Удирдагч-Төлөөлөгчийн онолын асуудал гэдгийг эртнээс мэддэг байсан. Мэдээж энэ онол нь авлигын тодорхойлолтод өөрийн байр суурийг бататгасан байдаг. Авлига нь өөрт оногдсон эрх мэдлийг  хувийн ашиг сонирхолд урвуулан ашиглах буюу тус албан хаагч нь хэн нэгний төлөөллийг хэрэгжүүлж байгаа бөгөөд өөрийн ашиг сонирхлын үүднээс ашиглаж байгааг илэрхийлж байна. Энэ тохиолдолд удирдагч гэдэг нь нийгмийн бүх гишүүд ба төлөөлөгчид нь нийтийн ашиг сонирхолд үйлчлэх ёстой этгээдүүд юм. Энэхүү онол нь тус асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар судалдаггүй. Тулгамдаж буй асуудлаас шалтгаалан авах хариу арга хэмжээ нь ялгамжтай байдаг. Үүнд, нэгдүгээрт, үндсэн асуудалд анхаарлаа хандуулах, хоёрдугаарт, тус асуудлыг яагаад шийдвэрлэх нь хүндрэлтэй болох, тухайлбал, төлөөлөгчийг нарийвчлан хянах нь түүний үр бүтээмжид сөргөөр нөлөөлнө гэх мэт, гуравдугаарт, тодорхой байгууллагын бүтэц нь асуудал үүсгэж буй талаар тайлбарлах, дөрөвдүгээрт, тодорхой арга хэмжээнд үзүүлэх хариу үйлдлийг төсөөлөх, тавдугаарт, байгууллагын асуудлыг шийдвэрлэх шинэлэг, онцлог арга хэмжээг санал болгох болно.

Профессор Ротштейны хэлж буйгаар Удирдагч-Төлөөлөгчийн онол нь авлигын эсрэг үйл ажиллагаанд Сомали Улсыг Дани болгоход саад тотгор учруулсан болж байгаа юм. Энэхүү онолын дагуу хэрэв үнэнч удирдагч (хотын дарга г.м) өөрийн төлөөлөгчийн(ЗДТГ-ын албан хаагчид) шударга бус байдлыг залруулах урамшууллын системийг нэвтрүүлж чадвал төлөөлөгчийн авлигаас ангид үйлдэл нь тэдний ашиг сонирхолд нийцэж, цаашлаад авлигач үйлдлийг арилгаж болно гэж үзжээ. Гэвч энэ нь буруу юм. Хэдийгээр эдийн засагчид урамшууллын механизм нь шаардлагатай гэж үздэг боловч энэ механизмаар авлигыг устгаж болно гэдэгт итгэдэг эдийн засагч нэг ч байхгүй. Эдийн засагчид энэхүү асуудлыг судалдаг цорын ганц шалтгаан нь энэхүү асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн хүндрэл бэрхшээлтэй байдаг байдалтай л холбоотой юм.

Түүний хэлснээр урамшууллын механизмыг бий болгосноор авлигыг үгүй хийх боломжтой байсан бол авлига нь аль эрт устаж үгүй болох ёстой байсан гэжээ. Тиймээс Удирдагч-Төлөөлөгчийн онол нь зөв байсан бол авлигатай тэмцэх ажиллагаа нь ихээхэн хялбар байх байсан юм. Авлигатай тэмцэх зорилгоор улс төр болон төрийн албанд урамшууллын механизм бий болгох талаар хангалттай их судалгаа, мэдээлэл одоогоор байхгүй байна. Цаашлаад үр дүнтэй авлигын эсрэг шинэчлэлд тулгамддаг үндсэн хүндрэл бэрхшээл нь ихэнх тохиолдолд техникийн асуудал биш харин улс төрийн шинжтэй асуудал байдаг билээ.

Профессорын авсан жишээнд хотын дарга нь удирдагч байхаар тусгасан боловч тэрээр хотын дарга мөн л төлөөлөгч байх нөхцөлийг тооцоолоогүй юм. Түүний тодорхойлсноор улс төрийн нөлөө бүхий улс төрчид бүгд удирдагчид байх ба тэдгээрийн шударга бус үйлдлийг таслан зогсоосноор төлөөлөгчдийн авлигач үйлдлийг зогсоох боломжтой гэсэн нь алдаа дутагдалтай юм. Энэхүү онолын нэгэн томоохон үзэл баримтлал нь удирдагч нь төлөөлөгчийн үр бүтээмжийг боломжит өндөр түвшинд байлгахад оршдог бөгөөд ийнхүү зөв харилцаа тогтооход хоёр асуудал үүснэ.

Нэгдүгээрт, Профессор Ротштейны ойлгож буйгаар ямар ч авлигад автагдсан системд удирдагчид нь авлигын эсрэг шинэчлэл хийхэд нээлттэй байдаг байна. Тухайлбал, Украйн, Бразил, Индонез зэрэг улсуудын түүхийг харвал зарим улс төрчид авлигатай тэмцэх шинэчлэлд эерэг хандлагатай хандаж буйг харж болно. Гэвч зарим тохиолдолд клептократчид нь өөрсдийн олох ашгийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлдэггүй. Энэ нь дараагийн асуудалд хүргэж байгаа юм. Ротштейны хэлж буйгаар авлигын эсрэг үйл ажиллагаанд Удирдагч-Төлөөлөгчийн онолыг ашиглахаа зогсоож “Нийгмийн гэрээний онол”-ыг ашигласнаар илүү их амжилтад хүрэх боломжтой гэжээ. Ийнхүү онолыг ашигласнаар хяналт шалгалтад тулгуурласан арга хэмжээнээс татгалзаж ард түмний хүсэж буй зүйлийг(дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд г.м) тэдэнд өгдөг төрийг бий болгох боломжтой гэж үзжээ. Удирдагч-Төлөөлөгчийн онолыг хэрэглэхгүй байх шалтгаан нь зарим нийгмийн удирдагчид нь хэт авлигач учраас аливаа шинэчлэл хийхийг хүсдэггүй байдалтай холбон тайлбарласан юм. Тэгвэл яагаад Нийгмийн гэрээний онолын дагуу тэдгээр улс төрчид, удирдагчид нь өөрсдийн олох ашгийг багасгаж ард иргэдэд зориулан дэд бүтэц, боловсролын салбар зэргийг хөгжүүлэх юм бэ? Энэ хоёр ойлголт нь хоорондоо зөрчилдөж байна шүү дээ. Онцгой нөхцөл байдлын улмаас эдгээр удирдагчид нь ард иргэдийн сайн сайхны төлөө дэд бүтэц, үйлдвэр, сургууль барихаар шийдлээ гэж төсөөлөхөд доод, дунд шатны авлигач нөхцөл байдлаас шалтгаалан тухайн бүтээн байгуулалт хийгдэхэд хүндрэлтэй байдал үүсэх билээ. Тэгэхээр удирдагч нь арга барилаа өөрчилж, авлигатай тэмцэх өндөр хүсэл эрмэлзэлтэй болсон тохиолдолд хэрхэн нийгмийн авлигыг устгах талаар Профессор Ротштейн тайлбарлаагүй байна.

Тэгэхээр энэхүү онол нь авлигын эсрэг тэмцэлд тийм ч ач тустай зүйл биш юм. Гэхдээ түүнд нэгэн чухал санаа байсан нь авлигын эсрэг шинэчлэл нь техникийн шинж(ямар бодлого үр дүнтэй вэ?) чанараас илүүтэй улс төрийн шинж(шинэчлэгчид хэрхэн эрх бүхий албан тушаалтнуудыг үр дүнтэй бодлого баримтлахад хүргэх вэ?) чанартай асуудал юм. Хэдийгээр авлигатай тэмцэх чиглэлд маш өргөн хүрээний судалгааг дэлхийн олон эрдэмтэн, судлаачид хийсэн боловч үүнийг тойрсон улс төрийн асуудлыг төдийлөн сайн судлаагүй байна.

3. Өмнөх судалгааны баримт бичгийг үл тоомсорлох

Эрдэмтэн, судлаачид өмнөх судалгааны баримт бичгийг шүүмжлэх, залруулах тохиолдол цөөнгүй байдаг. Ингэснээр судалгааг илүү зөв, үр дүнтэй дүгнэлтэд хүрэхэд тустай юм. Залуу судлаачдад өгөх сайн зөвлөгөөний нэг нь “Хэн нэгэн чухал этгээд нь ямар нэгэн чухал зүйлийн талаар буруу бодсон гэдгийг судалгаанд нотлох нь ихээхэн чухал” юм. Гэвч ийнхүү өмнөх судалгааны баримт бичгийг шүүмжлэхэд болгоомжтой хандах шаардлагатай ба түүнд холбогдох өөр онол, дүгнэлтийг холбогдуулан үгүйсгэх тохиолдол гардаг юм. Профессор Ротштейн “авлигын эсрэг үйл ажиллагааны бүтэлгүйтэл нь эрх зүйн асуудал биш юм. Учир нь ихэнх авлигын түвшин өндөр улс, орнууд авлигатай тэмцэх маш сайн эрх зүйн тогтолцоотой байдаг” гэж мэдэгдсэн. Гэвч бодит амьдрал дээр аливаа хууль, тогтоомжийг сайн, муу гэж дүгнэх нь хүндрэлтэй байдаг. Зарим улс орнуудад үндэслэлгүйгээр хөрөнгөжих үйлдлийг хориглосон байхад зарим оронд энэ асуудлыг зохицуулаагүй, зарим улсад ашиг сонирхлын зөрчлийн эсрэг маш хатуу зохицуулалт байхад, бусад улсад байдаггүй зэрэг олон ялгавартай эрх зүйн систем байдаг билээ.

Гэвч Профессор Ротштейны хэлж буй санаанд нэгэн оновчтой зүйл байсан нь эрх зүйн шинэчлэл нь авлигын эсрэг үйл ажиллагаанд төдийлөн чухал зүйл биш, учир нь бүхий л улс орнууд хахууль, төрийн хөрөнгийг шамшигдуулахын эсрэг хууль, журамтай байдгийг дурджээ. Тиймээс одоогоор хэрэгжиж байгаа энэхүү хууль журам нь авлигыг устгаж чадаагүй учраас дахин эрх зүйн ямар ч шинэчлэл хийсэн төдийлөн үр дүнтэй биш гэдгийг илэрхийлж байгаа юм.

Эцэст нь, энэхүү шүүмжлэлийн дүгнэхэд, нэгдүгээрт, аливаа тодорхойлолтын зөв, буруугийн талаар маргалдах нь зохимжгүй бөгөөд энэхүү мэтгэлцээн нь практикт төдийлөн ач холбогдолтой биш гэдгийг ойлгох хэрэгтэй, хоёрдугаарт, нийгмийн шинжлэх ухааны арга, техникийг тодорхой хүрээнд боломжтой үед ашиглах шаардлагатай боловч аливаа асуудлыг шийдвэрлэхэд зарим онолыг зохимжтой, үлдсэн онолыг үр дүн муутай гэж дүгнэх нь учир дутагдалтай байдаг, гуравдугаарт, холбогдох чиглэлийн хүрээнд хийсэн өмнөх судалгааны материалыг шүүмжлэх тохиолдолд тус салбарын хамгийн сайн судалгааг жишиг болгож дүгнэх нь зүйтэй, ингэснээр тус судалгааны ололтыг бүрэн дүүрэн ойлгох, шүүмжлэх боломжтой юм.

Эх сурвалж: https://globalanticorruptionblog.com/2021/09/29/three-reasons-anticorruption-academics-fail-a-commentary-on-rothstein/

 


   

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх