Д.Дуламсүрэн: Авлига бол зөвхөн хээл хахууль биш ээ гэдгийг иргэдэд ойлгуулах хэрэгтэй


2019/11/14  528   0


МҮОНР-гийн “Асуулт байна” нэвтрүүлэгт АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн оролцож, ярилцлага өгчээ. Энэ ярилцлагыг сийрүүлэн хүргэе.

-АТГ-ын албан хаагчид 21 аймагт ажиллаад ирсэн. Ямар зорилгоор яваад ирэв? Ерөнхий нөхцөл байдал, иргэдийн ойлголт мэдээлэл ямар түвшинд байна вэ?

-АТГ өмнө нь 21 аймагт жил бүр ажиллаж байсан. Тэр үед төрийн албан хаагчдад чиглэсэн, төрийн байгууллагад үйл ажиллагаа явуулж байсан. Энэ жилийн хувьд өмнөхөөс арай өөр онцлогтой ажиллалаа. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхтэй холбогдуулан иргэдийг авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд татан оролцуулах, ялангуяа иргэдийн хяналтыг бий болгоно, иргэний хяналтын зөвлөлийг бүх байгууллагад ажиллуулна гэсэн цөм стратеги туссан. Энэ хүрээнд иргэн хяналтаа тавих, үйл ажиллагаа явуулах, төрийн байгууллагатай хамтран ажиллахад юу шаардлагатай вэ, ямар мэдлэг мэдээлэл хэрэгтэй вэ гэдгийг голчилж энэ удаа бүх аймгийн иргэдэд зориулан АТГ-ын үйл ажиллагааг танилцуулахаас гадна төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих арга хэлбэрийг таниулж хүргэлээ. Жишээ нь иргэд төрийн албан тушаалтнуудын ХОМ-ийг хянана гээд байгаа боловч эхлээд ХОМ гэж юу вэ, ямар бүрэлдэхүүн хэсгүүдтэй вэ, маягт нь ямар байдаг вэ, хууль нь ийм юм аа гэдгээ ойлгодоггүй юм байна. Зүгээр л байртай, машинтай гэдгээ мэдүүлдэг гэх түвшний ойлголт, мэдлэгтэй байна. ХОМ-ийн хүснэгтийг унших дадал иргэдэд байхгүй. Иргэд ялангуяа тоон мэдээлэлтэй холбоотой, жишээлбэл төсвийг уншихад бэрхшээлтэй байдагтай адил ХОМ-ийг ойлгож уншихад бэрхшээл гарах нь тодорхой. Түүнчлэн авлига гэж яг юу юм бэ гэдэг талаар иргэд буруу ойлголттой байдаг. Авлига гэхээр мөнгө төгрөг өгөлцөж авалцаж ажлаа бүтээх гэсэн агуулгаар ойлгодог. Энэ буруу хандлагыг бид залруулах ёстой. Авлига бол маш өргөн хүрээний ойлголт, хээл хахууль бол зөвхөн нэг хэлбэр нь юм гэдгийг орон нутгийн иргэдэд сурталчлан таниуллаа. Түүнээс гадна авлига яагаад оршоод байгаа юм бэ, ямар хор хөнөөлтэй юм бэ гэдгийг иргэдэд зайлшгүй ойлгуулах шаардлагатай. Ингэснээр иргэд өөрсдөө аливаа асуудалд танил тал хайх, ашиг сонирхлын зөрчилд холбогдох, хууль зөрчихгүй байх боломжтой. Төрийн албан тушаалтны ямар үйлдлийг ашиг сонирхлын зөрчил гэж ойлгож, АТГ-т хандах ёстой юм бэ гэдэг нөхцөл байдлыг бас иргэдэд тайлбарлан таниулсан.

Иргэд авлигын талаарх ойлголт, мэдээлэл нь маш муу байгааг сая 21 аймагт ажиллах явцад харагдлаа. Бидний ярьж байгаа зүйлийг шинэ соргогоор хүлээн авцгааж байсан. АТГ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоо зайлшгүй байх ёстой. Төрийн байгууллагын шийдвэр гарахаас өмнө иргэний саналыг авах үүрэг нь төрийн байгууллагад бий. Гэтэл төрийн байгууллагууд энэ тал дээр дутуу ажиллаж байна, иргэд өөрсдөө ч санаачилга муутай байгаа.

АТГ 110 гэсэн утсыг шинээр ажиллуулж эхэлсэн. Өмнө ажиллаж байсан утас нь 8 оронтой дугаартай, төлбөртэй байсан учраас иргэдэд ашиглахад бэрх байв. Тиймээс төлбөргүй 110 дугаар болгож өөрчилсөн. Энэ утсыг бид орон нутагт ажиллахдаа сайтар сурталчилсан. Иргэн ямар нэг байдлаар төрийн үйлчилгээ авах гээд явж байхдаа хүнд сурталтай тулгарвал, эсвэл албан тушаалтан ямар нэг хэлбэрээр дарамт шахалт үзүүлбэл шууд 110 утсаар АТГ-т хандах боломжийг бид бүрдүүлсэн. Утас нь төлбөргүй учраас хэдэн ч минутаар харилцаж манай ажилтнуудаас зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

Иргэд газар дээр нь эрх нь зөрчигдлөө гэхэд тэр талаар яриад явахаас биш холбогдох байгууллагад нь хандаж асуудлаа шийдүүлэхийн төлөө явж байгаа зүйл алга. Иргэд харьцангуй хувиа хичээмтгий болсон. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөг. Миний л эрх хөндөгдөхгүй, миний л ажил бүтсэн бол бусад нь хамаагүй гэж боддог. Хүнд суртлыг гэтлэх гэж танил талаараа ханддаг, асуудлаа шийдүүлдэг. Гэтэл энэ байдал нь эргээд өөрсдийг нь эвгүй байдалд оруулж байгаа тул иргэний үүргээ биелүүлэхийг уриалж ярилцсан. Зөвхөн иргэдэд зориулсан өдөрлөг, уулзалтыг хийж, энэ үеэр авхаалж самбаа сорьсон, мэдлэг мэдээлэл олгох танин мэдэхүйн тэмцээн уралдаан зохион байгуулсан. Богинохон хэмжээний асуулт хариултын тэмцээн хийхэд л иргэд хэчнээн идэвхтэй оролцож, тэр хэрээрээ мэдлэг мэдээлэл авч байгааг нь харахад бид цаашид авлигын эсрэг сургалт, сурталчилгааг улам өргөжүүлэх шаардлагатай юм байна гэдгийг мэдэж ойлгосон. Тиймээс бид ирэх оны ажлаа хаашаа яаж чиглүүлэх вэ гэдэг өнцгөө тодорхойлоод байна.

Авлигын хор хөнөөл ерөөсөө л өөрсдөд нь буудаг гэдгийг иргэд ойлгодоггүй юм байна. Энэ оны хагас жилийн байдлаар авлигын гэмт хэргийн улмаас 11.9 их наяд төгрөгийн хохирол улсад учраад байна. Энэ хэмжээний мөнгөөр 700 мянган айлын орон сууцыг барьж байгуулах бололцоотой байсан. Гэтэл нийслэлийн гэр хороололд 201 мянган айл өрх амьдарч байгаа. Хамгийн энгийнээр хэлэхэд хатуу хучилттай зам 3000 гаруйхан км бий. Дээрх мөнгөөр 4000 гаруй км хатуу хучилттай зам барих боломжтой. 20 мянгатын дэвсгэртээр тооцоод өрж тавибал 40 тоннын 11 контейнер болох жишээтэй. Гэх мэтээр авлигын хор хөнөөлийг энгийн жишээгээр тайлбарлаж, иргэдэд ойлгуулахаар ажиллаж байгаа. Түүнчлэн авлигын хор хөнөөл нь төрийн өндөр гэлтгүй дунд, доод шатанд бас байдаг. Энэ нь бүр илүү хор хөнөөлтэй. Төрийн захиргааны түвшинд жижиг авлигын асуудал нь жирийн иргэдэд өдөр тутам дарамт болж байдгаараа бүр ч хөнөөлтэй. Тэгэхээр авлигын хор хөнөөлийг танин мэдсэний үндсэн дээр иргэд өөрсдөө энэ гэмт хэргийн нэг оролцогч болохгүй байхад бид сурталчилгаагаа чиглүүлсэн.

-Иргэд төрийн үйлчилгээ авахад яг ямар бэрхшээл тулгардаг гэж хэлж байна вэ?

-Төрийн байгууллагуудын зүгээс иргэдэд мэдээллээ хүргэх явдал дутагдалтай байна. Иргэд төрийн байгууллага дээр эхлээд очихдоо ямар материал бүрдүүлэх вэ гэж очдог. Асуухаар очдог. Яагаад гэвэл тэр мэдээллийг иргэдэд нээлттэй болгоогүй учраас. Дараа нь материалаа бүрдүүлж очно. Тэгсэн ч дутуу бүрдүүлсэн байна гэж буцдаг. Энэ нь төрийн байгууллагад олон удаа хандах, олон шат дамжлага, хүндрэл чирэгдэлийг үүсгэж байна. Аль аль талдаа хүндрэлтэй. Тэгэхээр хамгийн эхэнд төрийн үйлчилгээний талаарх мэдээллээ нээлттэй, ил тод болгох шаардлагатай. Үйлчилгээгээ аль болох цахим болгох хэрэгтэй. Хэдийгээр бүх иргэн компьютергүй ч гэсэн гар утасны үйлчилгээ өргөн байгаа. Мэдээлэл дутмагаас олон дахин нааш цааш явдгаас болж иргэд ихээхэн бухимддаг юм байна.

Төрийн албан хаагчид сонирхлын маш их зөрчилтэй гэж иргэд шүүмжилж байна. Иргэдэд алагчилж, ялгавартай ханддаг талаар бас хэлж байсан. Орон нутагт бие биенийхээ тухай сайн мэддэг, хэн нь хэний хамаатан садан гэдгийг мэддэг учраас хяналт тавих боломж бүрэн байна. Тиймээс иргэд мэдээллийг нээлттэй болгохоос гадна төрийн үйлчилгээг тэгш шударгаар авахтай холбоотой асуудлыг их хөндөж ярьсан.

Мөн хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааны талаар шүүмжлэлтэй хандаж байна. Тиймээс АТГ нийтлэг байдлаар хуулийн байгууллагуудын шударга байдлыг бэхжүүлж, олон нийтийн итгэлийг нэмгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой юм байна гэж төлөвлөсөн. Нөгөө талаар иргэд, ялангуяа залуус маань цахим орчинд сайн ажилладаг байх ёстой. Шинэ техник технологи, иннованцийг ашиглах талаар залуусын дуу хоолойг сонсох шаардлага гарч байна.

-Тэгэхээр манай улсын 2 хүн тутмын 1 нь орон нутагт амьдарч байгаа. Та ярианыхаа эхэнд дурдлаа. Авлигын талаар маш буруу ойлголттой байдаг гэж. Энэ тухай та жаахан дэлгэрүүлж ярихгүй юу?

-Мэдээллийн ил тод байдлын талаар би түрүүн бас хэлсэн. Албаны мэдээлэл гэж байдаг. Албаны шугамаар авсан мэдээллээ түрүүлж хэн нэгэнд хэлэх нь ч авлигын бас нэгэн хэлбэр. Тэр бүү хэл зарим улс орнуудад ажлын байрны бэлгийн дарамтыг ч авлигын хэлбэрт оруулж тооцдог. Тэгэхээр авлига гэдэг нь албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөртөө болон бусдад давуу байдал олгож байгаа, ашиг хонжоо олж байгаа үйлдлийг хэлнэ. Үүнийг иргэдэд сайтар ойлгуулах хэрэгтэй. Авлига гэдэг нь зөвхөн хээл хахууль биш ээ гэдгийг иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Маш өргөн хүрээний ойлголт юм. Алхам тутамд тань ийм хууль бус үйлдэл таарвал өөрийгөө хамгаалах, эрсдэлээс сэргийлэх шаардлага иргэдэд бий. Тиймээс иргэд, олон нийтэд энэ талын мэдлэг, сургалт олгох үйл ажиллагааг ирэх жил бид түлхүү явуулна.

-Төрийн байгууллагууд мэдээллээ ямар арга хэлбэрээр хүргэх боломжтой вэ?

-Маш олон хэлбэрээр хүргэх бололцоотой. Сошиалаар, хэвлэмэл байдлаар, фм радиогоор, цахим хуудсаар, сонин хэвлэлээр, ярьдаг номоор, подкаст гэх мэтээр орчин үеийн дэвшилтэт арга техникийг ашиглаж мэдээллээ иргэдэд хүргэх бололцоотой. Төрийн үйлчилгээний талаарх мэдээллээ алга дарам цаасан дээр ч хэвлээд тараах боломжтой. Гол нь үйл ажиллагаагаа сайтар сурталчлах л чухал. Иргэдэд мэдээллээ хүргэхэд бэрхшээл байхгүй, хамгийн чухал нь хүсэл зориг л байх хэрэгтэй.

Нөгөө талаар манай хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид зарим төрлийн мэдээлэлд ач холбогдол өгдөггүй. Дуулиан тарьсан, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл байвал хүрч ирдэг. Гэтэл иргэдэд зориулж сургалт хийлээ, иргэд ийм ойлголт мэдээлэл авлаа гэхээр ирдэггүй. Уг нь Авлигын эсрэг хуульд бүх шатны байгууллагууд авлигын эсрэг ажиллах үүрэг хүлээсэн байдаг. Энэ үүргээ биелүүлдэггүй, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэггүй. Гэхдээ сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн байгууллагын хандлага өөрчлөгдөж байгааг дурдах ёстой.

-Авлигын талаар мэдээлсэн иргэнийг АТГ яаж хамгаалдаг вэ? Энэ талаар хариулт өгнө үү.

-Энэ бол маш зөв сэдэв. Мэдээлэл өгсөн иргэн дарамт шахалтаас айж байдаг. Манай 110 утсаар ирж байгаа мэдээллүүд бүрэн програмд ордог. Нэрээ нууцалж болдог. Мэдээллийг хүлээн авсан ажилтнаас өөр хүн харах боломжгүй. Тэгэхээр энэ тал дээр санаа зовохгүй байж болно. Гэхдээ энэ бол зөвхөн АТГ-ын хувьд биш нийт төрийн байгууллагын хувьд авч үзэхэд мэдээлэгчийг хамгаалах асуудлыг авч үзэх ёстой. Энэ асуудал үндсэндээ орхигдсон. Тиймээс иргэд мэдээлэл өгөхгүй байна. Мэдээлэл өгөхгүй байгаа учраас дутагдал нь байсаар л байна. Зөрчил нь оршсоор байна. Яагаад гэвэл Монгол Улсад мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй. Мэдээлэгчийг олон улсад шүгэл үлээгч гэж нэрлэдэг. Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах хууль журам, аргачлал байхгүй.  Нийтийн эрх ашгийн төлөө иргэд дуу хоолойгоо хүргэж байх ёстой. Энэ бол ардчилсан нийгэмд иргэний үүрэг, тогтсон соёл. Гэтэл манайд энэ соёл бүрдээгүй, эрх зүйн орчин байхгүй. Тиймээс мэдээлэгчийг хамгаалах, урамшуулах тогтолцоог бүрдүүлэх шаардлага байгаа. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлж, урамшууллын тогтолцоог бий болгоно гэж стратеги тусгасан. Тэгэхээр энэ талын ажил удахгүй хийгдэнэ гэж бодож байгаа.

Ярилцсан сэтгүүлч Г.Золзаяа

МҮОНР

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх