Ч.Жаргалбаатар: Улс төрд нөлөөллөө тогтоосон эрхмүүд ямар ч хэргийг яаж ийгээд хаацайлж байна


2019/10/24  222   0


Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр манай улсад “Монгол Улс дахь авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” техникийн төсөл хэрэгжиж эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкинд хүсэлт тавьсаны дагуу хэрэгжихээр болсон уг төслийн гүйцэтгэгч байгууллагаар АТГ, хэрэгжүүлэгч байгууллагаар УЕПГ, ШЕЗ сонгогджээ. Иргэдээс нийгэм дэх хариуцлагыг нэмэгдүүлэх, төсвийн үргүй зарлагыг бууруулах, авлигын хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг хүсэмжилж буй энэ цаг үед уг төсөл хэрэжиж эхэлж буйгаараа онцлог болж байна. Азийн сангийн 2019 онд хийсэн судалгаагаар Монгол Улс дахь авлигын хэрэг шийдвэрлэлтийн хувь 23.89 хувьтай байгаа нь Япон, БНСУ, зэрэг өндөр хөгжилтэй улсууд болон Хонконгтой харьцуулахад харьцангуй бага юм. Мөн энэ асуудал нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд унагах нэг хүчин зүйл болж байгаа билээ.

Төслийн хүрээнд манай улсын авлигын хэрэг шийдвэрлэлтийн урсгалд нарийвчилсан дүн шинжилгээ хийх бөгөөд авлигын хэрэг шийдвэрлэгдэхгүй байх шалтгаан нөхцлийг тодруулах юм. Мөн дүн шинжилгээнд үндэслэн мөрдөгч, прокурор, шүүгч нарын чадавхийг бэхжүүлэх сургалт явуулах, гарын авлага боловсруулах, хууль тогтоомж, дүрэм журамд оруулах шаардлагатай өөрчлөлтийн зөвлөмж боловсруулах аж. Тус төсөл 2021 оны хоёрдугаар улирал хүртэл хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд Засгийн газрын үйл ажиллагаанд болон нийгмийн бүх түвшинд авлигын эрсдлийг бууруулахад нөлөө үзүүлэх зорилт тавьж байна.

Бид энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатартай ярилцлаа.

-Манай улсын авлигын хэрэг шийдвэрлэлт яагаад ийм бага хувьтай байна вэ?

-АТГ-ын статистик мэдээгээр 2018 онд 84 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. 2019 оны эхний есөн сарын байдлаар 105 хэрэг шүүхэд шилжүүлж, 36 хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байна. Үүнээс харвал, хэрэг шалгагдаж, тодорхой хэмжээнд шийдвэрлэгдэж байна. Гэхдээ бидний цэвэрлэсэн албан тушаалд улстөрчдийн хүсэл сонирхлоороо томилгоо хийдэг учраас авлига арилдаггүй. Монгол Улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 0.6 хувийг эзэлж байгаа албан тушаалын гэмт хэргийн шийдвэрлэлт үнэхээр учир дутагдалтай байна. Эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн, улс төрд нөлөөтэй хүмүүсийн үйлдэл урхагтай, хохирол нь өндөр. Тэдний эсрэг шударга байдлыг тогтооно гэсэн албан тушаалтанд өс хонзон санадаг, албан үүрэгт нь хууль бусаар нөлөөлдөг нөхцөл байдал Монголд байсаар байна. Дэлхий дахинд авлигын гэмт хэрэгтэй тэмцэж, таслан зогсоохоор ажиллаж байна. Монголоос, төсвөөс хулгайлагдаж байгаа хөрөнгийг гадаад улсад байршуулдаг асуудал байгаа. Гадаад улсад байршсан хөрөнгийг буцааж авчирах асуудал хамгийн чухал байна.

Авлигачдад гишгэх газар байхгүй болсон

-Гадаадад байршсан хөрөнгө мөнгийг буцааж авчрах талаар АТГ хэрхэн ажиллаж байна вэ. Ямар саад учирч байна?

-Манай улсын Эрүүгийн хууль хэт хөнгөн ялын бодлоготой. Хууль тогтоогчид нь ялын бодлогыг хэтэрхий хөнгөн баталчихсан. Хөнгөн ял оногдуулаад байгаа учраас магадгүй тэр хүмүүс 10 гэмт хэрэг үйлдсэн бол есийнх нь ашиг үлдээд, давуу байдалтай болчихоод байгаа юм. Тэгэхээр тэр бүх гэмт хэргийг бүгдийг нь мөрдөж мөшгиж, тогтоох, гадаад улсад байршуулсан хөрөнгийг Монгол Улсад буцааж авчирах зайлшгүй шаардлага байна. Сүүлийн үед Ази номхон далайд ARIN-AP сүлжээ байгуулагдсан. Дэлхий нийтээрээ авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн ороод, улс орнууд хоорондоо холбоо харилцаа тогтоож байна. Улмаар хулгайлагдсан мөнгөнүүдийг буцаах талаар ажиллагаанууд хийж эхэлсэн. Тийм учраас цаашид гэмт этгээдүүд гишгэх газаргүй. Хулгайлагдсан хөрөнгө мөнгийг эх орондоо буцааж авчрах цаг удахгүй ирнэ гэдэг итгэлтэй байгаа.

-Монгол Улсад авлигатай тэмцэхэд хамгийн гол хүндрэл бэрхшээл юу байна вэ?

-Ерөөсөө л хүнээсээ хамааралтай бэрхшээлүүд байна. Хууль батална тэр нь хийдэлтэй. Аливаа үйл ажиллагаа явуулахдаа хийдэлтэй явуулна. Эдийн засгийн эрх чөлөөг олоод авчихсан, улс төрд өөрийн нөлөөллөө тогтоосон хүмүүс байна. Энэ хүмүүс нэг баг фракц болчихоороо ямар ч гэмт хэрэг, үйлдэл байсан яаж ийж байгаад л хаацайлж байна. Өнөөдөр хүн бүхэн мэдэж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтнууд өөрсдөө хөрөнгөө авдаггүй, бусдаар дамжуулж гадаадад гаргадаг, зугатаалгадаг. Тэр этгээдийг нь очоод бариад ирье гэхээр ямар нэг саад хийдэг. Тэгээд гэрч байхгүйгээр хэрэг шийдвэрлэгдэхгүй нөхцөл байдал үүсдэг. Үндсэндээ хууль бус брэнд бий болж байна. Хэргийг шийдвэрлүүлэхгүй байх, яаж хорлон сүйтгэж, зогсоох уу гэдэг хууль бус брэндүүд хүртэл гардаг. Оролцдог, нөлөөлдөг, зөвлөгөө өгдөг хууль бус үйл ажиллагаанууд Монгол Улсад байгаад байгаа учраас авлигатай тэмцэх үйл ажиллагаанд үр дүн гарахгүй байгаа юм.

-Авлигын хэргийг шийдвэрлээд байгаа ч араас нь томилогдож байгаа нөхдүүд дахиад авлигад идэгдээд байгаа учраас үр дүнгүй байна гэсэн. Яах ёстой юм бэ?

-Бид жилд 84 хэрэг шүүхээр шийдвэрлүүлж байна. 84 хэргийн цаана 140-150 хүн шүүхээр ял шийтгүүлж байгаа. Тэдний оронд томилогдож байгаа хүмүүс дахиад л бахь байдгаараа авлига аваад байвал ямар ч үр дүн алга. Мөн авлига авдаг, ашиг сонирхлын зөрчилтэй юм байна гээд хөөцөлдөж байж нэг хэргийг шүүхээр шийдвэрлүүлээд, өнөөх хүн нь хэсэг хугацаанд ял эдэлчихээд буцаж гарч ирээд, дахиад төрийн өндөр албан тушаалд томилогдчихоод байна. Ингэхээр нийгэмд зөв төлөвшил тогтоох, нийгэмд авлигыг үгүй хийх ойлголтыг байхгүй болгодог. Энэ хүн өнөөдөр авлигын хэргээр шийтгүүлчихээд буцаад албан тушаалд томилогдож байгаа юм бол би яагаад болохгүй гэж гэсэн барьцах сэтгэлгээ нийгэмд бий болж байна.

-АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгадаг, хуулийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэдэг. Гэтэл тэд эргээд гүтгэлээ, хэлмэгдүүллээ гээд хэвлэлээр мэдээлэл хийдэг шүү дээ?

-АТГ-ын хийгээд байгаа ажлыг үгүйсгэдэг. Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоод, нотлох баримт нь хангалттай тогтоогоод, ялыг нь эдлүүлсний дараа эргээд юу ярьдаг вэ гэхээр “Намайг хонгилоор чирсэн, хэлмэгдүүлсэн” гээд хохирогчын дүрд тоглоод байгаа нийтийн албан тушаалтнууд байгаа. Улс төрийн нөлөөгөөрөө эргээд тухайн хэргийг шударга ёсыг тогтоохоор шүүсэн, ажилласан шүүгч, прокуроруудыг айлгадаг, ичээдэг. Заримыг нь ажлаас нь халдаг, чөлөөлдөг нөхцөл байдлыг ч үүсгэдэг. Тиймээс прокурор, шүүгчид тэр хэргийг үнэн мөнөөр шалгаж шийдвэрлэе гэсэн хүсэл сонирхолгүй болчихож байна. Өнөөдөр улс төрчид өөрсдөө авлигатай тэмцэнэ гэж ярьж, лоозогнодог боловч бодит байдал дээр хэрэгжүүлэхгүй байгаагийн хор уршгаар Монгол Улс өнөөгийн нөхцөл байдалд хүрээд байна. Ярихгүй орхичихъё гэхээр болохгүй. Ярихаар зүйл үнэхээр их байна. Хүнд хэлэхээс ичмээр зүйлс ч бий. Тухайн хүнд нь хэлээд анхааруулдаг. АТГ-ын мөрдөгчид үнэхээр хүчин мөхөсдөж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байх ёстой байтал шүүхийн байгууллага 24 ажиллаж чадахгүй байна

-Яагаад хүчин мөхөсдөж байна гэж?

-Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг батлахдаа хэргийг прокурор өөрөө мөрддөг, Солонгос, Японы загвар руу явж байсан. Гэтэл хуулиа боловсруулчихаад яг батлахдаа “Прокурор ганцаараа дийлэхгүй юм байна. Мөрдөгчөөр нь мөрдүүлье” гээд баталчихсан. Тэгсэн хэрнээ хэргийг хянан шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагааг хурдан шуурхай явуулах бүх чиг үүрэг, эрхүүдийг нь прокурор дээр үлдээчихсэн. Ингэхээр хэргийг шуурхай шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх тэр эрх биелэгдэх боломжгүй байдалд мөрдөгчид ажиллаж байна. Гэрчээ дуудах боломжгүй, хэргийн газар дээр очоод үзлэг хийх эрхгүй мөрдөгч яах юм бэ.

Зүгээр ил байгаа баримт авъя гэхэд заавал прокурорын, шүүхийн зөвшөөрөл авна. Зөвшөөрлийн зохист харьцааг алдагдуулаад хаячихсан . Үүнийг болгоомжгүй, бодлогогүй хийсэн зүйл гэж харахгүй байгаа. Магадгүй нэг гайгүй мөрдөгч, хоёр прокурор, гурван шүүгч оролцуулж байгаад энэ хуулийг баталсан бол чамбай хууль болох байсан. Гэтэл дандаа ажлыг нь хийдэггүй, мэддэггүй нөхдүүдийг хууль боловсруулах ажлын хэсэгт аваачаад тавьчихсан. Онолын синдромтой улсууд. Магадгүй хууль эрх зүйн орчин ийм болохыг зарим улсууд урьдчилан төсөөлсөн байх. Эрсдлийг үгүй болгох үүднээс ийм хууль баталсан болов уу гэж би хувь хүний үүднээс харддаг юм.

-АТГ-ын мөрдөгчид тэгвэл иргүй хутгатай адил юм биш үү?

-Хэцүү шүү дээ. Бүх юм зөвшөөрөл шаарддаг. Төрийн нууцтай холбоотой асуудал шалгая гэхэд гаргуулж авах эрх байхгүй. Прокурор ч гаргуулах эрхгүй. Хэн гаргаж авах нь мэдэхгүй хаягдчихсан . Хувь хүн, байгууллагын нууцыг заавал прокурорын зөвшөөрлөөр авна. Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байх ёстой. Гэтэл өнөөдөр шүүхийн байгууллага 24 цагаар тасралтгүй ажиллаж чадахгүй байна. 48 цагийн хугацаанд хүн баривчилна гээд байгаа. Мөрдөгч нар 24 цаг. Гэтэл шүүх нь 24, 48 цагаар тасралтгүй ажиллахгүй болохоор тэнд хэн шийдвэр гаргах юм бэ. Үүнээс үүдэлтэйгээр хүний эрхийг зөрчиж байна.

-Тэгээд яаж энэ хуулийн хийдлээс гаргах ёстой юм бэ?

-Хууль тогтоогчид л хуулийг шинэчлэх, залруулах, олон улсын жишигт нийцсэн хууль батлах ёстой. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиуд маш их хийдэлтэй. Хуулийн хийдлүүдийг тоолоход 14 хуудас жагсаалт гарсан. Хуулийг яагаад нэг мөр ойлгож хэрэглэж чадахгүй байгаа юм бэ. Өнөөдөр мөрдөгч хэрэг мөн байна гээд шийдэхэд прокурор нь биш байна гээд, анхан шатны шүүхийн шүүгч нь мөн байна гээд, давах нь биш, хянах нь мөн гээд шийдвэр гаргаж байна. Бүгд л адилхан хуульч нар юм бол яагаад өөр өөрөөр тайлбарлаад, ойлгоод байгаа юм бэ. Үүнээс авахуулаад манай хуульд засч залруулах зүйл зөндөө байна. Миний ярьж байгаа хэсэг бол жижигхэн л хэсэг. Судалгааны үр дүнгээр маш олон зүйл гарч ирэх байх. Магадгүй манай хууль тогтоогчид судалгааны үр дүнг хараад ичих байх гэж найдаж байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх