Ч.ЖАРГАЛБААТАР: МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД НӨЛӨӨЛӨХ, СААРМАГЖУУЛАХ ХАНДЛАГА ИЛЭРЧ БАЙНА


2019/03/01  552   0


Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэт сүлжээгээр гараад байгаа мэдээлэлтэй холбогдуулан АТГ-т хандаж хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдээс асуултууд ирүүлж, ярилцлага тодруулга авах хүсэлт тавьж байгаа тул АТГ тэдгээр асуултуудыг нэгтгэн, нэгдсэн журмаар хуулийн хүрээнд албаны эх сурвалжаас нь үнэн бодит мэдээллийг өгөх зорилгоор 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар оролцож, мэдээлэл хийв.

-Нэгэнт шалгагдаж байгаа хэрэг асуудал прокурорын зөвшөөрлөөр, зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл хийдэг хуультай. Энэ хуулийн хүрээнд зөвшөөрөл авч энэ мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Өнгөрсөн хугацаанд энэ асуудлын талаар олон өнцгөөс харж тайлбар мэдээллийг олон хүн хийлээ. Гэхдээ бодит байдлаас зөрүүтэй, үндэслэлгүй мэдээ, мэдээлэл илтээр цацах, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нөлөөлөх гэсэн хандлага ч илэрч байх шиг байна.

Талийгаачтай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагт талийгаачийг прокурорын дуудах хуудсаар дуудан ирүүлж, гэрчээр мэдүүлэг авсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим газарт зайлшгүй нэгжлэг хийх шаардлага үүссэн тул прокурорт танилцуулан зөвшөөрөл авч талийгаачийн ажлын өрөө, зуслангийн байр, амьдарч буй гэрт нь 16.00-21.00 цаг дуусах хүртэл хугацаанд нэгжлэг хийсэн.

Нэгжлэгийн явцад хэрэгт ач холбогдол бүхий баримтууд хураагдсан, тухайн хүнийг сэжиглэн шалгах үндэслэлүүд тогтоогдсон учраас 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 23.55 цагт шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тогтоолоо прокурорт танилцуулахад 00.40 цагт тогтоолын үндэслэлийг хянаж үзээд сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон юм. Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хорих байранд хүргэсэн Шүүх тухайн асуудлыг мөн 24 цагийн дотор хянан үзэж шийдвэрлэх ёстой.

Сэжигтнийг баривчилснаас хойш мөрдөн шалгах олон ажиллагаа явуулсан. Ажиллагааг явуулсны үндсэн дээр тухайн хэрэгт 4-5 хүнийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах үндэслэл тогтоогдсон. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын байгууллага саналыг хүлээн авч хянан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хангалттай баримт цугларсан байна гэж үзэн хэрэгт холбогдсон хүмүүсийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн юм.

Эрүүгийн хэргийн тогтоол болон сэжигтнийг шалгаж байгаа тухай мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг шүүх байгууллагад 17.10 цагт хүргүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу бүрэн хийгдэж шүүхэд хүргэгдсэн. Шүүх тухайн материалыг мөн 24 цагийн дотор хянан үзэж шийдвэрлэх ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан тохиолдолд шүүх хэргийн материалтай танилцаж үзээд тус хуулийн 31.12 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл шүүх шийдвэрээ гаргаагүй учраас бид прокурорт хүсэлт гарган 48 цаг дуусч буй учраас хүнээ суллаж авъя гэж очиход талийгаачийг нас барсан байдалтайгаар олсон гэсэн мэдээллийг өгсөн.

Мөрдөн шалгах үйл ажиллагааны нууцлал, тухайн тогтоогдсон нөхцөл байдал, нотлох баримтуудын талаар тайлбарлах эрх надад байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явсан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Зарим баримт материалтай танилцаагүй хүмүүс төсөөллөөрөө асуудалд хандаж, байж боломгүй нөхцөл байдал үүсгэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн нэр төрд халдах, үндэслэлгүй мэдээ мэдээлэл тарааж байгаад харамсалтай байна.  Бодит мэдээлэл өгснөөр энэ байдал таслан зогсох байх.

Ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар  сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5.3-т прокурор 24 цаг саатуулах эрхтэй гэсэн байгаа. Үүнийг тайлбарлаж өгөөч?

-24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагаа явуулаад шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан тогтоолоо прокурорт нэн даруй танилцуулсан. Прокурор тухайн тогтоолыг шүүхэд хүргүүлнэ. Шүүх энэ тогтоолыг ЭХХШТХ-ийн дагуу хянаж үзээд шийдвэрээ гаргах ёстой. Энэ нь ЭХХШТХ-ийн 31.12 дахь зүйл дээр байгаа. Нэгэнт баривчлагдсан сэжигтнийг суллах үндэслэлүүд заагдсан байдаг. Шүүхээс шийдвэр гаргаагүй бол баривчилснаас хойш 48 цаг дуусч, сэжиглэгдэж байгаа хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын шийдвэр, цагдан хорих шүүхийн шийдвэр ирээгүй бол баривчлах байрны дарга мөрдөгч, прокурор, шүүгчид мэдэгдэж, түүнийг суллах үүрэгтэй. Дээрх тохиолдлын хувьд холбогдох материалыг хүргүүлсэн боловч шүүхээс ямар нэг шийдвэр гаргаагүй тул ЭХХШТХ-ийн 31.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон талийгаачийн баривчлах хугацааг прокурорт танилцуулан суллах шийдвэр гаргуулан Цагдан хорих байранд очсон.

-АТГ өөрийнхөө байранд талийгаачийг шалтгаангүйгээр өдөржин байлгасан нь эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр болох талаар Ц.Баасандорж өмгөөлөгч ярьсан. Энэ талаар тайлбар өгнө үү.

-Ц.Баасандорж өмгөөлөгчийн хувьд ямар зорилготой, ямар баримтад тулгуурлаж ийм мэдээлэл хийж байгааг би үнэхээр мэдэхгүй, гайхаж байна. Өөрөө энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцох мэдэгдлийг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Хэрэгт байгаа баримт мэдээллийг мэдэж байгаа юм шиг мэдээлэл хийсэнд хуульч хүний хувьд харамсаж байгаа. Мэргэжлийн хуульч хүн нийгмийг ингэж төөрөгдөлд оруулах ёсгүй. Та бүхэнд цаг хугацааны дарааллыг би сая харуулсан. Эхлээд гэрчээр мэдүүлэг авсан, дараа нь үзлэг нэгжлэг явуулсан. Нэг өрөөнд суулгаад хориод байгаа асуудал биш. Үзлэг нэгжлэг хийх ажиллагаанд ар гэрийнхнийг нь оролцуулаагүй гэдэг асуудал яригдаж байгаа. Үзлэг нэгжлэг хийх ажиллагаанд манай мөрдөгч нар гэр бүл, ажлын газрын хүнийг нь оролцуулсан. Илүү дэлгэрэнгүй  ярих  боломжгүй. Оролцуулсан хүн, цаг хугацаа зэрэг бүгд камерт дуу дүрсний бичлэгтэйгээ байгаа учраас үүнд эргэлзээ байхгүй.

-Дулаан хувцас өмсгөөгүй, ганцааранг нь өрөөнд оруулсан, хүүтэй нь уулзуулаагүй зэрэг асуудал яригдаж байгаа?

-Баривчлах байрны хувьд стандартын дагуу, камерийн хяналтын системтэй. Энэ ажиллагаанд бид оролцдоггүй. Тухайн байгууллага өөрийн дүрэм журмын хүрээнд ямар өрөөнд байлгахаа шийддэг. Болсон хэрэг явдлын хувьд цагдаагийн байгууллагаас та бүхэн асуух нь зүйтэй. АТГ-ын хувьд ямар хувцастай байлгах, ямар нөхцөл байдалтай байхыг хариуцахгүй.

С.Төмөрбатын хувьд ирээд уулзъя гэдэг шаардлага тавьсан. Тэр хүний 17.34 цагт ирж уулзаад бичиж өгөөд гарсан бичиг нь байгаа. Энэ хүн бидэнтэй уулзаад явсан. Баривчилж байна, одоо ирээд хувцсыг нь солих шаардлагатай байна гэж ар гэрийнхэнд нь мэдэгдсэн. Тэр дагуу ар гэрийнхэн нь ирээд хувцсыг нь солиулсан бичлэг манай байгууллагад байгаа.

-Ц.Баасандорж өмгөөлөгч та бүхэнд ямар шаардлага тавьсан бэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн хэрэг дээр өмгөөлөгчөөр оролцохоор болсон бол би энэ хэрэг дээр өмгөөлөгчөөр оролцож байгаа шүү гэдгийг нотолсон гэрээ, эсвэл мэдэгдлээ өгөх ёстой. Энэ мэдэгдэл АТГ-т Ц.Баасандорж өмгөөлөгчөөс ирээгүй байгаа. Уулзахаар ирсэн байна гээд очиход бидэнтэй уулзаагүй, буцаад гараад явсан. Бидэнд ямар нэгэн шаардлага тавиагүй. Мөрдөн шалгах ажиллагааг удаашруулах, саад учруулах, сааруулах гэсэн зорилго агуулж байгаа бол энэ эндүүрэл. Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй үргэлжлэх болно. Тухайн хэрэгт сэжиглэгдсэн үндэслэл нь хээл хахууль өгөх, авах гэмт хэргүүдэд хамтран оролцсон гэдэг талаар бид өмнөх хэвлэлийн хурал дээр мэдээлсэн. Тухайн нөхцөл байдлыг нотлох баримтын хүрээнд танилцуулаад бидний шалгаж байгаа үндэслэл бүхий баримт мэдээллүүд үндэслэлтэй юм байна, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэл тогтоогдсон юм байна гэдгийг прокурорын байгууллага хянаад тогтоолоо гаргасан байгаа.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх