БНСУ “Авлигын төсөөллийн индекс”-ээр зургаан байраар урагшилжээ


2021/02/03  803   0


Бүгд Найрамдах Солонгос Улс 2020 оны “Авлигын төсөөллийн индекс”-ээр 33 дугаар байранд орсон талаар олон улсын “Transparency International” байгууллагын судалгаанд үндэслэн Yonhap News мэдээлсэн байна.

Уг мэдээнд БНСУ нэг жилийн хугацаанд зургаан байр ахисныг дурдсан бөгөөд тус улс нь 2017 онд 51, 2018 онд 45, 2019 онд 39 дүгээр байранд тус тус жагсаж байжээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн 37 орноос 23-т жагсан нэг жилийн хугацаанд дөрвөн байр ахижээ.

“Авлигын төсөөллийн индекс”-ээр Дани, Шинэ Зеланд Улс 88 оноо авч тэргүүлж, Финлянд, Швед, Швейцарь (85 оноо), Норвеги (84 оноо), Нидерланд (82 оноо), Герман, Люксэмбург (80 оноо), Австрали, Канад, Их Британи (77 оноо) улсууд удаалсан байна.

Хамгийн бага үнэлгээг Сомали, Өмнөд Судан (179-р байр), Сири (178-р байр), БНАСАУ, Конгын Бүгд Найрамдах Улс, Хаити Улс (170-р байр) авчээ.

Тус улсын Авлигатай тэмцэх хүний эрхийн хорооноос уг индексээр тус улсын үзүүлэлт сайжирахад засгийн газрын зүгээс коронавирусын цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үр дүнтэй арга хэмжээ, төрийн өндөр албан тушаалтнуудын авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигын эсрэг хууль тогтоомж болон орон нутгийн эрх баригчдын хүчин чармайлт нөлөөлсөн гэж онцолжээ.

Авлигын төсөөлийн индексийг Дэлхийн эдийн засгийн форум, Дэлхийн банк, Германы Bertelsmann сан, Британы Economist Intelligence Unit зэрэг олон улсын 9 байгууллагын шинжээчдийн судалгаа, үнэлгээнээс тооцон гаргадаг. Уг судалгаанд хөрөнгө оруулалтын эрсдэл, үг хэлэх эрх чөлөө, амьжиргааны түвшин болон авлигатай холбоотой бусад үзүүлэлтийг хамруулдаг байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх