БЕРТЕЛСМАН САНГИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ


2021/10/11  1246   0


Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 120 дугаар захирамжаар байгуулагдсан Авлигын эсрэг ажлын хэсгийн гишүүн ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир тэргүүтэй төлөөлөгчид  Берлин хотноо Бертелсман сангийн ТУЗ-ийн ахлах зөвлөх Стефан Эмпте, Монгол Улсыг хариуцсан судлаач Сабине Доннер нартай тус сангаас эрхлэн гаргадаг Шилжилтийн индексийн талаар уулзаж ярилцлаа.

ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллага нь жил болгон улс орны төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг. Авлигын төсөөллийн индекс нь нэгдмэл аргачлал бүхий бие даасан судалгаа биш, харин дэлхийн 180 гаруй орныг хамруулан АНУ, ХБНГУ, Их Британи, Швейцар, Хонконгод байрлан үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг сонгон авч тодорхой аргачлалаар индексийг тооцдог.  Харин 2020 оны Монгол Улсын индексийг тооцоход ашигласан 9 эх сурвалжийн нэг нь Бертелсман сангийн Шилжилтийн индекс юм.

Бертелсман сангийн Шилжилтийн индекс нь дэлхийн улс орнуудын ардчилсан, чөлөөт эдийн засгийн тогтолцоонд хэрхэн амжилттай шилжиж буй талаарх үнэлгээ юм. Үнэлгээг боловсруулахад улс орнуудыг Ази болон далайн орнууд /Oceania/, Латин Америк болон Кариб зэрэг нийт 7 бүс нутагт хуваан авч үзэх ба Монгол Улсын хувьд Пост социалист Евроази бүс нутагт хамаарна. Монгол Улс нь дэлхийн нийт улс орнуудаас Засаглалын чанараар “сайн” дүн авсан 28 улсын нэг юм. “Маш сайн” үнэлгээ авсан 5 улс байна. 

Уулзалтын үеэр Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа байгууллагын болон Монгол Улсын Засгийн газрын зүгээс авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар танилцуулав. Бертелсман сангийн удирдлагууд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, Засгийн газрын зүгээс "Транспэрэнси Интернэшнл" байгууллагын Авлигын төсөөллийн индексийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудыг өндрөөр үнэлж, авлигыг бууруулан, холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангахад төр, иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын удаан хугацааны тогтвортой хүчин чармайлт чухал үүрэгтэйг онцлов. 

Талууд цаашид авлигатай тэмцэх чиглэлээр мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар тохиролцлоо.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх