Авлигын хэрэгт холбогдсон Украйны шүүгчийг барьцаалж, эх оронд нь буцаан авчирсан талаар Молдав Улсаас мэдээлэв


2021/04/29  279   0


2016 онд авлигын хэрэгт холбогдон эх орноо орхин дүрвэсэн Украйн Улсын шүүгчийг эх оронд нь хулгайлан авчирсан талаар Молдав Улсын Дотоод хэргийн сайд энэ оны 4 дүгээр сарын 5-ны өдөр мэдээлэв.

Шүүгч Никола Чаусыг  5 жилийн өмнө Украйны хууль сахиулах байгууллагаас 150 мянган ам.долларын хахууль авч өөрийн цэцэрлэгт нуун дарагдуулсан хэрэгт холбогдуулан буруутгаж байсан юм. Түүнийг зохиомол авлигын хэрэгт буруутгаж байна хэмээн түүний гэргий Свитлана мэдээлжээ.

Түүний өмгөөлөгч Иулиан Балан Ройтерс агентлагт өгсөн ярилцлаганд “Никола Чаус нь Молдавын нутаг дэвсгэрт ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй бөгөөд түүний оршин суугаа газрын мэдээлэл зөвхөн тус улсын холбогдох байгууллагад байсан.” хэмээн мэдээлжээ.

Хуулийн халдашгүй байдлыг нь парламентаас хүчингүй болгосны дараагаар Никола Чаус Молдав Улсад улс төрийн орогнол, тус улсын иргэншил хүсэж эх орноосоо дүрвэсэн юм. Молдав Улсын төрийн байгууллага түүнд улс төрийн орогнол олгохоос энэ оны 3 дугаар сард татгалзжээ.

“... Украйны шүүгч Чаус нь Молдав Улсын хилийг давж, Украйн Улсын нутаг дэвсгэрт нэвтэрсэн.” хэмээн Дотоод хэргийн сайд Павел Войку мэдээлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас Никола Чаус болон түүний бие хамгаалагч нарын ашиглаж байсан автомашиныг олсон бөгөөд барьцаалагчид украйн хэлээр ярьж байсан талаар мөн Дотоод хэргийн сайд дурджээ.

Никола Чаусыг шалгаж байсан Украйны Авлигатай тэмцэх газраас тайлбар өгөхөөс татгалзсан байна. Украйн Улсын олон нийтийн дунд явуулсан санал асуулгад шүүх байгууллагад итгэх иргэдийн итгэл хамгийн бага байсан бөгөөд тус улсын удирдагчид шүүх байгууллагын авлигыг үндсээр нь устгах талаар мэдэгджээ. Түүнчлэн авлига нь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж буй томоохон хүчин зүйл болсон байна.

2016 онд Украйн Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Петр Порошенкогийн Засгийн газраас тус улсын улс төрчид, төрийн албан хаагчид болон шүүгчид өөрсдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим санд нээлттэй байдлаар байршуулахыг хуульчилсан байна.

Энэхүү цахим санд дурдсанаар жилийн орлого нь 10-13 мянган ам.долларын орлоготой шүүгчид өөрийн эзэмшилд өндөр үнэтэй автомашин, бугуйн цаг, их хэмжээний бэлэн мөнгөтэй талаар мэдүүлэгтэй тусгаж байсан юм.

Эх сурвалж

Нетаньяху авлигын хэрэгт холбогдон дахин шүүхэд дуудагдав

Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн авлигын гэмт хэргийн шүүх хурал 4 дүгээр сарын 5-ны өдөр үргэлжлэв. Шүүх хуралд Ерөнхий сайдын гэр бүлийг магтаж, улс төрийн өрсөлдөгчийн нэр хүндийг унагаах зорилгоор Израйлийн нэр хүнд бүхий цахим мэдээллийн хэрэгсэлд нийтлэх мэдээг бэлтгэж байсан этгээд гэрчээр оролцсон байна.

Өнгөрсөн сарын парламентын сонгуулийн дараагаар хийгдсэн Ерөнхийлөгч болон тус улсын улс төрийн нөлөө бүхий этгээдийн хоорондын уулзалтын үр дүнд Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нь тус албан тушаалд улиран томилогдох эсэх нь эргэлзээтэй болсон талаар гэрчийн мэдүүлэгт тусгагджээ.

Бенжамин Нетаньяху нь үндэсний телевизэд өгсөн ярилцлагын үеэр прокурорууд сонгогчдын хүсэл зоригийг хөсөрдүүлж, албан тушаалаас нь огцруулах зорилгоор түүнийг хавчин боогдуулж буй талаар мэдээлжээ. “Төрийн эргэлт хийх гэсэн оролдлого ийм байдаг.” хэмээн тэрээр мэдэгдсэн байна.

Шүүхийн мэдүүлэг болон улс төрийн зөвлөлдөх уулзалтын үр дүн нь Бенжамин Нетаньяху өөрийн улс төрийн албан тушаалын төлөө бүх боломжоор тэмцэж буйг харуулж байгаа юм.

Сонгуулийн дараах зохион байгуулагддаг зан үйлийн үеэр Ерөнхийлөгч Реувен Ривлин нь шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилохоор парламентын суудалтай намын төлөөлөлтэй уулзсан. Парламентын гишүүдийн олонх нь Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг улируулан томилохыг эсэргүүцэж байсан бөгөөд Ерөнхийлөгч Ривлин шинэ Ерөнхий сайдыг ойрын хугацаанд томилж магадгүй байна.

“Зөвлөлдөх уулзалтууд Ерөнхий сайд Нетаньяхуг улируулан томилоход улам бүр хүндрэлтэй байдал үүсгэж байна.” хэмээн Израйлийн Ардчилсан институтийн ерөнхийлөгч Ёханан Плеснер хэлэв. Мөн тэрээр “Нетаньяху нь парламентын 120 гишүүдийн олонхын дэмжлэгийг авахад тун хүндрэлтэй байдалд байна.” гэж мэдээлжээ.

Ерөнхий сайд Нетаньяху нь залилан, итгэл алдах болон гурван удаагийн үйлдлээр хахууль авсан гэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Энэ сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүн таслах ажиллагааны нотлох баримттай танилцах ажиллагаа эхэлсэн бөгөөд Ерөнхий сайдын эсрэг байр сууриа илэрхийлэхээр гэрчийн урт цуваа бий болжээ.

Түүний холбогдсон хамгийн ноцтой гэмт хэрэгт холбогдуулан энэ удаагийн шүүх хурлаар шүүн таслах ажиллагааг эхлүүлжээ. Ерөнхий сайд Нетаньяху нь “Bezeq” компанийн нэр хүнд бүхий цахим хуудас болох “Walla”-д өөрийн талаар эерэг мэдээ нийтлүүлэх зорилгоор тус компанид олон зуун сая ам.долларын орлого олгох журмыг эрх мэдлээ ашиглан сурталчилсан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм.

“Walla” цахим хуудсын ахлах редактор асан Илан Ешуаны мэдээлснээр “Bezeq” компанийн эзэн Шаул, Ирис Элович нар нь түүнийг Нетаньяхугийн талаар эерэг мэдээ нийтэлж, улс төрийн өрсөлдөгчийг нэр хүндийг унагахыг удаа дараа шаардаж, шахалт үзүүлсэн байна.

“Энэ бол Ерөнхий сайдын хүссэн зүйл байсан.” хэмээн Шаул, Ирис Элович хэлжээ. Мөн Илан Ешуагийн хэлснээр энэхүү дарамт шахалт нь олон жилийн турш үргэлжилж байгаа юм. Тус гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Шаул, Ирис Элович нар нь мэдээний гарчиг, үгийн сонголт, нийтлэх зураг болон бусад агуулгыг сонгон нийтэлдэг байжээ.

Мөн Ерөнхий сайдын улс төрийн өрсөлдөгчийн нэр хүндэд халдсан өгүүлэл нийтэлж, тааламжгүй хоч өгч байхыг Илан Ешуад даалгасан байна. Ерөнхий сайд Нетаньяхугийн холбоотон асан Нафтали Беннеттийг түүний өрсөлдөгч болсон даруй “Сахилгагүй шүтлэгтэн”, Хойд Африк гаралтай Сангийн сайд асан Моше Кахлоныг “Инээмсэглэл”, “Араб” гэх мэтээр хочилж мэдээ бэлтгэж байжээ.

Илан Ешуа нь Нетаньяхутай биечлэн уулзаж байгаагүй бөгөөд тус хүсэлтийг түүний туслах Нир Хефетз зэрэг зуучлагчид уламжилдаг байсныг мэдээлжээ. Нир Хефетз нь энэхүү шүүх хуралд гэрчээр оролцож Нетаньяхугын эсрэг мэдүүлэг өгч байгаа билээ.

“Нир Хефетзийн хүсэлтийн дагуу Ерөнхий сайдын эерэг мэдээг нийтэлж, сөрөг мэдээллийг устгах шаардлагатай байсан.” хэмээн Илан Ешуа хэлсэн байна. Түүний ажилтнууд Ерөнхий сайдын дарамт шахалтад ихээхэн сэтгэл дундуур байсан бөгөөд Хойд Солонгосын удирдагчтай зүйрлэж түүнд “Ким” гэх хочийг хүртэл өгчээ.

Түүнчлэн Нетаньяху нь Холливудын кино магнат Арнон Милчан, Австралын тэрбумтан Жеймс Пакер зэрэг этгээдээс олон зуун мянган ам.долларын үнэ бүхий бэлэг хүлээн авсан хэрэгт холбогдон шалгагдаж байна. Ерөнхий сайд Нетаньяхуг тус хэргүүдийг няцааж байгаа юм.

Телевизэд өгсөн мэдэгдэлд  “Тэд гэмт хэргийг мөрдөн шалгаагүй. Тэд гэмт хэрэг хайгаагүй. Харин тэд намайг агнаж байна.” хэмээн Нетаньяху мэдээлжээ. Даваа гарагийн шүүх хуралдааны үеэр прокурорын танилцуулсан яллах дүгнэлтэд “Нетаньяху болон яллагдагчид хооронд буй харилцаа нь мөнгөн тэмдэгт болсон ба цаашид арилжаалагдах шинжтэй болсон. Энэхүү мөнгөн тэмдэгт нь төрийн албан хаагчийн шийдвэр гаргах ажиллагаанд нөлөөлж болзошгүй юм.” хэмээн тусгагдсан байна.

Шүүх хуралдааны танхимын гадна Ерөнхий сайдын дэмжигч, эсэргүүцэгчид цугларч цагдаагийн албан хаагчдын урд эсэргүүцэл илэрхийлжээ. Энэхүү эсэргүүцэл нь Израйлийн гүн хагарлыг илтгэсэн байна.

Шүүхийн шийдвэр эцэслэн гарахад урт хугацаа шаардагдах боловч шүүх хуралдаан долоо хоног бүр 3 удаа хуралдах бөгөөд Ерөнхий сайд Нетаньяхугийн хувьд ичгүүртэй, цаг хугацаа шаардсан, үр дүнтэй ажиллах нөхцөл боломжийг сарниулж байгаа юм. Энэ бүхэн нь Нетаньяхуг албан тушаалаас огцроход улам бүр ойртуулж болзошгүй билээ.

3 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан сонгууль нь Нетаньяхугийн Засгийн газарт өгч буй ард иргэдийн үнэлгээ гэж харагдаж байгаа юм. Улс төрийн сөрөг хүчнээс гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй этгээд Ерөнхий сайд байх нь тохиромжгүй талаар санал бодлоо илэрхийлсэн байна. Израйлийн сүүлийн 2 жилийн хугацаанд зохион байгуулсан 4 дэх сонгууль дахин мухардалд орлоо.

Нетаньяху нь эрх мэдэл, албан тушаалаа ашиглан прокурорыг дарамтлан, шахалт үзүүлэх, цаашлаад хууль зүйн халдашгүй байдал олох зорилгоор засгийн эрхэнд үлдэх зорилготой байгаа юм. Гэвч даваа гарагийн шүүх хурлын дараагаар түүний энэхүү зорилго биелэхэд хүндрэлтэй харагдаж байна.

Нетаньяхугийн холбоотон болон сөрөг хүчин парламентад олонх болсонгүй. Түүний хувь заяа аль нэг эвсэлд нэгдээгүй баруун жигүүрийн Ямина намын дарга Беннетт, Арабын исламын намын дарга Мансур Аббас нараас шууд хамаарах юм.

Даваа гарагт Ямина намын дарга Беннетт өөрийгөө Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Израйлийн улс төрийн мухардлыг гүнзгийрүүлж, Нетаньяхугийн улиран сонгогдох боломжийг хязгаарлажээ. Гэвч Нетаньяхугийн гол өрсөлдөгч төвийн үзэлтэн Яир Лапид мөн олонхийн дэмжлэгийг авахаар ажиллаж байгаа юм.

Ямина нам нь парламентад долоон суудалтай байгаа тул засаглалын эвсэл байгуулах боломж тун хомс байгаа юм. Намын дарга Беннетт улс төрийн өрсөлдөгч талуудын хоорондох үл ойлголцлыг арилгаж чадах зөвшилцлийн нэр дэвшигч болж чадна гэдэгт найдаж байгааг илэрхийлжээ.

Ерөнхийлөгч Ривлин нь Ерөнхий сайдад нэр дэвшигч сонгох ёстой бөгөөд тус нэр дэвшигч нь зургаан долоо хоногийн хугацаанд эвсэл байгуулах шаардлагатай юм. Хэрэв Ерөнхий сайдад сонгох нэр дэвшигч байхгүй гэж үзвэл Ерөнхийлөгч парламентад хандаж, гишүүдийн нэгийг томилох эсхүл дахин сонгууль явуулахыг шаардаж болно.

Израйлийн хуулийн дагуу Ерөнхий сайд нь гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд албан тушаалаас огцрохыг шаардахгүй бөгөөд Нетаньяху мөн огцрохоос татгалзсан юм. Ерөнхий сайд Нетаньяхугийн зарим өрсөлдөгчид гэмт хэрэг холбогдон яллагдагчаар татагдсан этгээд Ерөнхий сайдын албан тушаал хаших эрхийг хязгаарлах хууль санаачилсан байна.

Эх сурвалж

Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак олон нийтийн хөгжлийн сангийн хөрөнгийн мөнгө угаасан хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ

Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак нь 2020 оны “1Малайзын хөгжлийн берхад“ компанитай холбоотой гэмт хэрэг дээр гарсан шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу шүүх хурал Путражая дахь Хууль зүйн ордонд эхлэв.

Нажиб Разак нь итгэл алдаж, эрх мэдлээ урвуулан ашиглан, төрийн бие даасан баялгийн сангаас олон зуун сая ам.долларыг угааж, өөрийн хувийн банкны дансанд шилжүүлсэн байна.

Малайзын олон нийтийн хөгжлийн сангийн хөрөнгө нь АНУ зэрэг дэлхийн олон орноос цугларсан хөрөнгө бөгөөд Нажиб Разакийн хүргэн Риза Азиз зэрэг ойрын хамаарал бүхий төрийн албан хаагчид хамтран тус хөрөнгийг шамшигдуулжээ.

АНУ-ын Хууль зүйн яамнаас тус санд оруулсан өөрийн улсын хөрөнгийг мөрдөн шалгаж 60 гаруй сая ам.долларыг 2020 онд эргүүлэн татсан байна. Нажиб Разак долоон төрлийн гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдож 12 жилийн хорих ял, 50 гаруй сая ам.долларын торгуулийн ял авсан байна.

Эх сурвалж


Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх