Авлигын эсрэг амжилттай түүх: Энэтхэгийн Аам Аадми (Aam Aadmi) нам Дели хотын улс төрийг цэвэрлэжээ


2020/03/09  50   0


GAB (2020.03.09). Энэтхэг улс түүхэндээ хамгийн том авлигын эсрэг арга хэмжээг 2011 онд эхлүүлж, хэдэн зуун мянган хүмүүс авлигын эсрэг жагсаж, парламентад хэдэн арван жил дарагдсан авлигын эсрэг үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийг шахаж эхэлсэн.

Хэдийгээр уг жагсаал цуглаан нь төдийлөн амжилттай болоогүй ч уг хөдөлгөөнөөс шинэ улс төрийн нам болох  Аам Аадми үүссэн. Аам Аадми нам нь 2013 онд байгуулагдаж, үндсэн зорилгоо авлигыг арилгахад чиглүүлэн, Энэтхэгийн засгийн газрыг цэвэрлэнэ гэдэг утгаар хог шүүрддэг шүүрийг намынхаа билэгдлээр сонгожээ.

Аам Аадми нам нь анхныхаа ялалтыг 2015 онд авч, Энэтхэгийн нийслэл болох Дели хотын улс төрийн сонгуульд давуу ялалт байгуулжээ. Үүний дараа маш олон хүмүүс Аам Аадми намыг 19 сая хүн амтай хотыг удирдаж чадах эсэх, авлигын эсрэг арга хэмжээ авч намынхаа зорилгыг биелүүлж чадах эсэхэд эргэлзэж байсан юм.

Тус намын амжилтын зам дардан байсангүй, эхний хэдэн саруудад нам доторх үл ойлголцлын улмаас үйл ажиллагаа зогсонги байдалд хүрч байсан ч эдгээр асуудлыг даван туулж, 2020 оны 2-р сарын сонгуульд Аам Аадми нам нь чадварлаг ялалт байгуулан ирэх 5 жилд ажиллах олонхийн саналыг авч чадсан юм.

Намын амжилтын гол хүчин зүйл нь боловсролын салбарт зарцуулах мөнгөний хэмжээг нэмэгдүүлж, цахилгааны болон усны үнийг багасгах бодлого байсан юм. Мөн сонгуулийн санал хураалтад амжилт гаргасан явдал нь авлигын эсрэг боловсруулсан мөрийн хөтөлбөртэй шууд холбоотой. Хэдийгээр авлигын эсрэг үйл ажиллагааны амжилтыг хэмжихэд хэцүү ч Аам Аадми намын улс төрийн бохирдлыг цэвэрлэхээр хийсэн томоохон алхмуудыг илтгэх 2 үндсэн баримт байна. Үүнд:

  • Нэгдүгээрт, Дели хотын улс төрд Аам Аадми нам орсноор улс төрчдийн хэтэвчнийхээ хэмжээгээр өрсөлдөх байдал үгүй болсон. Үүнийг сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харах боломжтой. Нэр дэвшигчид нь олон удаа дараалан сонгуульд өрсөлддөг тул улс төрийн албан тушаал хаших хугацааны өмнөх болон дараах хөрөнгийг харьцуулан үзэж болох юм. Жишээ нь: 2008 оны сонгуульд нэр дэвшиж байсан 66 улс төрчдийн 5 жилийн дараа буюу 2013 оны сонгуульд нэр дэвшихдээ өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад 5 жил улс төрийн албан тушаал хашсаны дараа хөрөнгө орлогын мэдүүлэг нь дунджаар 259% (7.53 кросс буюу 1.05 сая доллар)-иар өссөн санаанд багтамгүй мэдүүлэг байна. Харин 2020 онд Аам Аадми намыг улс төрд орсноос хойш өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг нь дунджаар 13% (92.12 лах буюу 129 доллар)-иар өссөн нь намын авлигын эсрэг үйл ажиллагаа Дели хотын засгийн газар, улс төрд амжилттай хэрэгжиж буйн нэг жишээ болж байна.
  • Хоёрдугаарт, Энэтхэгийн төв хянан шалгах хорооноос хийсэн судалгаагаар 2015-2016 оны хооронд авлигын талаарх ирсэн өргөдөл, гомдол 81%-иар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь Аам Аадми намын Дели хотод эрх барьж эхэлсэн эхний жилийн үзүүлэлт юм. Мөн Дели хотын хэмжээнд авлигын тохиолдол 2015 онд 31 байсан бол 2017 онд 9 тохиолдол болж буурсан байна. Олон улсын ил тод байдлын байгууллагын 2019 оны судалгаагаар Дели хот нь Энэтхэг улсын хэмжээнд хамгийн бага авлигын үзүүлэлттэй хотоор шалгарсан байна.

Аам Аадми нам нь Дели хотын авлигыг бүрэн арилгаагүй ч баримтууд нь бодит өөрчлөлтийг хийсэн болохыг харуулж байна.

Дели хотын хувьд Аам Аадми намын гол өрсөлдөгч нь BJP нам бөгөөд тус намаас нэр дэвших улс төрчдийн хувьд 2013 онд хөрөнгө орлогын мэдүүлэг нь 313%-ийн өсөлттэй байсан бол 2020 онд ердөө 14%-иар өссөн үзүүлэлттэй байна. Улс төрчдийн авлига авах үзэгдэл харьцангуй багассан ба Аам Аадми нам нь улс төрийн эрүүл тогтолцоог бий болгож буйг харуулж байна. Энэ жишээгээр зөвхөн Энэтхэг гэлтгүй дэлхийн бусад улс орнууд ч улс төрийн авлигыг багасгах боломж байгаа нь харагдаж байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх