Авлигатай тэмцэх газрыг аймаг бүрт салбар нэгжтэй болохыг иргэд зөвлөж байна


2019/10/25  199   0


Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт энэ сарын 21-23-ны өдрүүдэд ажиллав. Ажлын хэсэг иргэдэд чиглэсэн арга хэмжээнд гол анхаарлаа төвлөрүүлэн, “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”, “Олон нийтийн хяналт ба шударга ёс” уулзалтыг зохион байгуулж, авлигын хор хөнөөлийг ойлгуулах, авлигатай тэмцэхэд иргэд ямар үүрэгтэйг ярьж таниулан, авлигын гэмт хэргийн талаар мэдээлэл хийж, иргэдийн дунд бичил хэлэлцүүлэг, асуулт, хариултын тэмцээн явуулав. Арга хэмжээний үеэр ажлын хэсэг АТГ-ын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч, иргэн хүн төрийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй хэрхэн танилцаж, хяналт тавих боломжтой талаар арга зүйн зөвлөгөө өгч, авлига, ашиг сонирхлын зөрчил, байгууллага, албан тушаалтны хүнд суртлын талаар гомдол, мэдээлэл хүлээн авах “110” дугаарын утсаа сурталчлав.

Уулзалт, өдөрлөгийн үеэр иргэд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, авлигатай тэмцэх ажлыг үр дүнтэй болгох чиглэлээр санал сэтгэгдлээ илэрхийлэв. Тухайлбал, Алтанбулаг сумын иргэн н.Болормаа ”орон нутагт авлига, хээл хахууль байгаа учраас иргэд хохироход хүрч байна, аймагт Авлигатай тэмцэх газрын салбар нэгж алга учраас ийм байдалд хүрч байна. Иймд энэ асуудлыг шийдвэрлүүлэх хэрэгтэй”,  Сүхбаатар сумын  6 дугаар багийн иргэн н.Бүрэнтөгс  “миний бодлоор аймаг бүрт авлигатай тэмцэх ядаж нэг бие төлөөлөгч баймаар байна. Зарим нэг гомдлыг газар дээр нь очиж шалгаж, хяналт тавьж, мэдээллээр аймгийн иргэдийг шуурхай хангаж баймаар байна”, Сүхбаатар сумын иргэн н.Энэбиш өмнө нь танай байгууллага аймаг бүрт төрийн бус байгуулагын сүлжээ байгуулан иргэдээс төрийн үйл ажиллагаанд  хөндлөнгийн хяналт тавих ажил үр дүнтэй хэрэгжиж байв. Энэ ажлаа сэргээж, хэрэгжүүлбэл сайн байна” гэх зэргээр санал хүсэлтээ илэрхийлж, Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэгт талархаж, ажлын амжилт хүссэн юм.

“Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-тэй хамтатган аймгийн  Засаг даргын Тамгын газар Нээлттэй хаалганы өдрөө зохион байгуулсан нь иргэдэд нэг цэгээс олон мэдээлэл авах, гомдол мэдээлэл өгөх, санал зөвлөгөө авах, яриа таниулгад оролцох, санал бодлоо илэрхийлэх, зарим үйлчилгээ хүртэх боломж олгосон арга хэмжээ боллоо гэж иргэд онцолж байлаа.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх