АТГ-ЫН 2019 ОНЫ 8 ДУГААР САРЫН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН


2019/08/26  299   0


Зөвлөмж хүргүүлэв

“Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2019 оны 223 дугаар тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” 115 дугаар тогтоолын дагуу Засаг дарга, Нийслэлийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах арга хэмжээг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн Засаг даргад Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу хүргүүллээ. Нийслэлийн орон сууцны корпораци зөвлөмжийн дагуу "Буянт-Ухаа-2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдаж сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийг зорилтот бүлгийн ангилал бүрээр албан ёсны цахим хуудастаа нээлттэй байршуулсан.

Зөрчил гаргасан 57 албан тушаалтанд хариуцлага тооцсон байна

Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан авлига, ашиг сонирхлын зөрчил гаргасан нийт 57 албан тушаалтанд 2019 оны эхний хагас жилд хариуцлага тооцуулсан байна. Эдгээр зөрчлийн 39 буюу 68%-ийг төлөвлөгөөт хяналт шалгалтаар, 18 буюу 32%-ийг иргэдийн гомдол, мэдээллийн мөрөөр илрүүлж холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Үүнээс дүгнэхэд Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зөрчсөн талаар иргэд Авлигатай тэмцэх газарт мэдээлэл өгөх хандлага сул байна. Хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь үнэн зөв мэдүүлээгүй зөрчил хамгийн их буюу зөрчлийн 68 хувийг эзэлж байна.

Хариуцлага хүлээлгэсэн албан тушаалтнуудын 46 /81%/ нь удирдах албан тушаалтан,  31 /54%/ нь төрийн захиргааны албан тушаалтан байна. Хариуцлага хүлээсэн төрийн албан тушаалтнуудыг харьяалагдах салбараар нь авч үзвэл боловсролын салбарын албан тушаалтан 20 /35%/, мөн тухайн байгууллагын төсөв санхүү хариуцсан албан тушаалтан 11 /19.5%/ байгаа нь дийлэнх хувийг эзэлж байна. Боловсролын салбарт гарч буй зөрчил дутагдал дийлэнх хувийг эзэлж байгаа тул цаашид тус салбарт чиглэсэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй зохион байгуулж ажиллана.

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан авлига, ашиг сонирхлын зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох албан бичгийг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлдэг ч хуульд заасан хариуцлагын арга хэмжээг өөрчилдөг, бууруулдаг хууль бус нэгэндээ найр тавьсан үйлдэл зарим албан тушаалтнууд гаргаж байна. Цаашид ийнхүү албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгож, авлигын зөрчил гаргаж буй удирдах албан тушаалтнуудыг нийтэд мэдээлнэ. 

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн
нарийвчилсан хяналт шалгалт хийж байна

Төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол мэдээллийн мөрөөр нийт 20 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт нарийвчилсан шалгалт явуулж шийдвэрлэсэн байна. Үүнээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М, Ашигт малтмал, газрын тосны газрын хэлтсийн дарга Д, МИАТ ХК-ийн ахлах мэргэжилтэн Г, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан Б нар нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд  заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон тул хуульд заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан тоот хүргүүлэв.

Түүнчлэн төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад ... дүүргийн ... анхан шатны шүүхийн шүүгч “Г” нь хөрөнгө, орлогын эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй нөхцөл байдал илэрсэн тул “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор Мөрдөн шалгах хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Авлигын эсрэг хууль 2006 онд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 2012 онд батлагдсан. Мөн ХАСХОМ хэрхэн гаргах талаар жил бүр сургалт явуулдаг, байгууллага тус бүрт хариуцсан ажилтнууд ажиллаж байгаа. Гэтэл албан тушаалтнууд нь хууль тогтоомжийг бүрэн судлаагүй, хайхрамжгүй байдлаасаа болж хөрөнгө, орлогоо буруу мэдүүлсэн нийтлэг зөрчил гарч байна.

609 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв

Өнгөрсөн 1 сарын хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 735 этгээдийн ХАСУМ-ийг хүлээн авсан бөгөөд (өмнөх сарын үлдэгдэл орсон) 609 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна.

Шинээр хүлээн авсан
Хянан шийдвэрлэсэн- 609
Үлдэгдэл
Илт зөрчилтэй
Зөрчилгүй
Буцаасан
Анхааруулсан
126
735
2
540
30
37

Илт зөрчилтэй-2

1. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд тасгийн даргаар томилогдохоор нэр дэвшсэн “Е”

2. Нийслэлийн Цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах тасгийн даргаар томилогдохоор нэр дэвшсэн “О” нарыг тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч болох нөхцөл байдал тогтоогдсон талаар хариуг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн.

Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 49 өргөдөл, гомдлыг хянан үзэв

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч, 49  өргөдөл, гомдлыг (өмнөх сарын үлдэгдэл орсон) мөн хугацаанд хянан шийдвэрлэсэн байна.

Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч хяналт шалгалтын ажиллагааг явуулахад Хэнтий аймгийн “Хан хэнтий” цогцолбор сургуулийн захирал “Т” нь “Хан хэнтий” цогцолбор сургууль үүсгэн байгуулагдсны  40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тус сургуулийн 47 багш, 25 ажилтан албан хаагчид, 15 бүлгийн төгсөгчидөөс 20,960,000.00 төгрөгийн хандив, туслалцааг авахдаа нийтийг хамарсан албадлагын болон тэгштгэсэн шинжтэйгээр хураан авсан зөрчил тогтоогдсон ба зөрчил гаргасан албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Гэмт хэргийн шинжтэй 57 гомдол хянан үзэв

Мөрдөн шалгах хэлтсээс  2019 оны 8 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 57 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс  22  гомдол, мэдээлэл буюу 38.5 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 15 гомдол, мэдээлэл буюу 26.3 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай, гомдол, мэдээлэл буюу 1.8 хувьд харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоо 19 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 33.4 хувьтай байна. Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 57 гомдлын 38 буюу 66.7 хувийг Улаанбаатар, 19 буюу 33.3 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 474 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав

Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 8 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 474 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 11 буюу шалгасан хэргийн 2.3 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 22 буюу шалгасан хэргийн 4.6 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 2 буюу шалгасан хэргийн 0.4 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 439 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 390 хэрэг, мөрдөн байцаалтын 49 хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 7.4 хувийг шийдвэрлэсэн.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаарх мэдээллийг олон нийтийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ МУ-ын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, төрийн болон албан тухай хууль, хувь хүний нууцын тухай хууль, Улсын Ерөнхий Прокурорын газраас гаргасан аргачилсан заавар, журмыг баримтлан мэдээлэл өгөх шаардлагатай бөгөөд тодорхой нэг иргэн, албан тушаалтан, аж ахуй нэгж хуулийн этгээдийн нэрийг шууд зарлах боломжгүй болохыг анхааруулъя.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх