Арбитрын шүүх дэх авлигын эсрэг Перу Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ байгаа онохгүй байна


2021/05/31  546   0


Перу Улсын шүүхийн тогтолцоо нь бусад олон орны адил авлигад идэгдсэн, найдваргүй байдаг. Энэ шалтгааны улмаас компаниуд арилжааны шинжтэй маргаанаа шийдвэрлүүлэх зорилгоор арбитрын байгууллагыг сонгох нь таатай хувилбар гэж үздэг бөгөөд арбитрын байгууллагыг шүүхээс хямд өртөгтэй, хурдан шуурхай гэдгээр нь биш харин арбитрчид шүүгчдийг бодвол авлига авах магадлал багатай гэж үздэгтэй холбоотой юм.

Харамсалтай нь Перу Улс дахь арилжааны арбитрын шүүхэд ч авлигын хэрэг гардаг. Энэ нь Бразилын барилгын фирм болох “Одебрехт” нь Перу Улсын Засгийн газартай холбоотой маргааныг нааштай шийдвэрлүүлэхийн тулд арбитрчдад хээл хахууль өгсөн гэх хэргээс хамгийн тод харагдаж байна.

Энэ оны 2 дугаар сард Перу Улсын Конгресст нэгэн хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд үүнийг дэмжигчдийн үзэж байгаагаар уг хууль нь тухайн асуудлыг шийдвэрлэх юм. Энэхүү хуулийн төсөлд Перу Улсын Арбитрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар дотоодын хэргийг хянан хэлэлцэж буй олон улсын бүх арбитрчид 30 хоногийн хугацаатай улсын боловсролын зохицуулагч байгууллагаас баталгаажсан гэрчилгээтэй, мэргэшсэн байх шаардлагатай гэсэн шаардлагыг нэмж оруулсан байна. Өнгөц харахад энэхүү шаардлага нь авлигатай хамааралгүй юм шиг харагддаг. Гэвч энэхүү шинэ дүрмийг Перу Улсад арбитрын үйл ажиллагаа явуулахад авлигаас урьдчилан сэргийлэх арга зам гэж ойлгох ёстой гэж хуулийн төслийг санаачлагчид тодорхой хэллээ. Хуулийн төслийг дэмжигчдийн үзэж байгаагаар гадаадын арбитрчид Перу Улсын авлигын эсрэг хуулийг ойлгодоггүйгээс арбитрын шүүхэд авлига үүсдэг гэж үзэж байна. Тиймээс энэхүү маргаан үргэлжилж байгаа бөгөөд төрийн захиргааны байгууллагаас эдгээр гадаадын арбитрчдын итгэмжлэлийг баталгаажуулах, Перу Улсын системийг ойлгох, арбитрын систем дэх авлигын хориглолт, авлигын талаарх зохицуулалтыг ерөнхийд нь авч үзэхийг шаардав.

Энэхүү хуулийн төсөл нь Перу Улсын арбитрын авлигын бодит эх үүсвэрийг шийдвэрлэж чадахгүй төдийгүй байдлыг улам дордуулж болзошгүй юм. Арбитрын шүүх дэх авлига нь Перу Улсад тулгарч буй бодит асуудал болж байгаа боловч үүнийг шийдвэрлэх зөв арга нь хуулийн өөрчлөлт биш юм.

Перу Улсад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг зарим гадаадын арбитрчдын авлигад өртсөн шалтгаан нь эдгээр арбитрчид Перу Улсын хуулийг мэдэхгүй байсантай холбоотой биш гэдгийг хүлээн зөвшөөрөхийн тулд гүн гүнзгий дүн шинжилгээ хийх шаардлагагүй. Үнэхээр ч “Одебрехт”-ийн хэрэгт хээл хахууль авсан гэх арбитрчид Перу Улсын хууль тогтоомжийг зөрчиж байгаагаа мэдээгүй гэсэн нь утгагүй зүйл юм (Авлигын хэрэгт холбогдсон арбитрчдын ихэнх нь гадаадын хуульчид биш Перу Улсын иргэд байсан тул энэ нь хоёр дахин утгагүй зүйл). Энэхүү авлига нь арбитрчид Перу Улсын дүрэм журамд юу шаарддагийг ойлгоогүйгээс бус харин эдгээр дүрмийг дагаж мөрдөхгүй байхыг сонгосноос үүдсэн юм.

Үнэн хэрэгтээ энэхүү хүнд суртлын нэмэлт шаардлагыг тавьснаар илүү их чирэгдэл үүсгэж, боломжтой арбитрчдын тоог цөөрүүлэхээс гадна авлигын шинэ хэлбэрийг бий болгож магадгүй юм. Гадаадын арбитрчид итгэмжлэх гэрчилгээг 30 хоногийн дотор баталгаажуулах боломжгүй тохиолдолд гэрчилгээ олгох эрх бүхий байгууллага болох SUNEDU-гийн албан тушаалтнуудад хээл хахууль өгөх замаар үйл явцыг хурдасгах болно. Ийм хээл хахууль өгөхөд бэлэн байгаа арбитрчид шүүхэд оролцогч талуудаас хээл хахууль авах эсвэл бусад төрлийн ёс зүйгүй авир гаргах хандлагатай байдаг.

Тиймээс энэхүү хуулийн төсөл нь асуудлыг шийдвэрлэх буруу шийдэл юм. Гэсэн хэдий ч асуудал бодитой тул үүнийг шийдвэрлэх шаардлагатай байна. Хээл хахууль авсан арбитрчид болон хээл хахууль өгсөн талуудад хоёуланд нь хатуу шийтгэл оногдуулахаас гадна арбитрын тогтолцоог ил тод болгох замаар арбитрын шүүх дэх авлигын асуудлыг хэсэгчлэн шийдвэрлэж болно.

Перу Улсын Арбитрын тухай хуулиар арилжааны арбитрын хэргийн нууцлалын анхдагч дүрмийг тогтоосон байдаг. Нууцлалын дүрэм нь ерөнхийдөө үндэслэлтэй боловч эцсийн эцэст талууд арбитрын шүүхэд нотлох баримт болгон танилцуулсан арилжааны нууц мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлахаас татгалзаж магадгүй юм. Арбитрын зарим ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэх боломжтой бөгөөд ил болгох ёстой. Магадгүй хамгийн чухал нь арбитрын шүүгчдийн талаарх мэдээлэл, үүнд арбитрч нар урьд нь хохирол, нотлох баримт гаргаж өгөх, сөрөг дүгнэлт, сөрөг нэхэмжлэл гаргах гэх мэт асуудлаар хэрхэн шийдвэр гаргасан, мөн арбитрын ажиллагааг ерөнхийд нь хэрхэн явуулсан зэрэг статистик мэдээлэл орно. Перу Улсад олон арбитрчид олон зуун хэрэгт оролцдог бөгөөд зарим арбитрчид хэвийн бус байдал гаргаж байгааг тогтооход хангалттай хэмжээний мэдээлэл байдаг гэсэн үг юм.

Эдгээр бүх мэдээллийг хялбархан олж авах боломжтой мэдээллийн баазад байршуулах нь арбитрын ажиллагаанд оролцогч талууд өөрсдөө хянан шалгах ажиллагаагаа явуулахад хялбар болгож, арбитрчдад нэр хүндээ өсгөх, хадгалах, урамшууллыг бэхжүүлэх болно.

Перу Улсын хууль тогтоогчид авлигыг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй хүнд суртлын тогтолцоонд гадаадын арбитрчдыг албадан оролцуулахаас илүүтэйгээр одоо байгаа авлигын эсрэг хууль тогтоомжийг чанд мөрдөж, арбитрын тогтолцоог илүү ил тод болгоход анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх