Ажлын хэсэг Орхон аймагт ажиллав


2019/11/03  189   0


Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг иргэд, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, уулзалт, өдөрлөг зохион байгуулах зорилгоор Орхон аймагт хоёр өдрийн турш ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажиллагаа, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй хэрхэн танилцаж, хяналт тавих боломжтой талаар арга зүйн зөвлөгөө өгч байна.

Төрийн албан хаагчдад сургалт явуулах, төрийн зарим байгууллагуудад хяналт шалгалт явуулах, иргэдтэй уулзах, санал гомдол мэдээллийг хүлээн авах, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгууллаа. Сургалтаар “Төрийн албан хаагчийн ашиг сонирхолын зөрчил, анхаарах асуудал”, “Авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөл”, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг, анхаарах асуудал”, “Авлигын эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх нь” гэх мэт сэдвүүдээр сургалт явуулав.  Орхон аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллав.

Өчигдөр Гэр бүл, хүүхэд залуучуудын ордонд иргэдтэй уулзалт зохион байгуулж, зарим чиглэлээр мэдээлэл өгснөөс гадна иргэдийн мэдэж байх эрх, төрийн байгууллагын ил тод байдлын тухай сургалт, яриа таниулга хийлээ. Түүнчлэн иргэдийн санал хүсэлтийг сонсож, уулзалт, өдөрлөгийн үеэр боловсрол, хөдөлмөр халамж, эрүүл мэндийн үйлчилгээ, газартай холбоотой санал, гомдол мэдээллийг тухайн байгууллагын удирдлагад хүргүүлж, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгууллаа. Уулзалтад Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут болон зарим хэлтэс агентлагийн удирдлагууд оролцов.

АТГ-аас зохион байгуулсан “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийн хүрээнд Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 6-7 ангийн сурагчдын дунд “Шудрага байдал-Бидний нүдээр” гар зургийн уралдааныг 7 хоногийн хугацаатай зохион байгууллаа. Уг уралдаанд нийт 309 сурагч оролцжээ. Мөн АТГ-аас АХА тэмцээн зохион байгууллаа. Иргэд авлигатай тэмцэхэд ямар үүрэгтэй байх, авлигын гэмт хэрэгт юу хамаарах, ашиг сонирхлын зөрчил гэж юу болох, албан тушаалын хөрөнгө орлого гэж юу вэ, хөрөнгө орлогын мэдүүлгийг хэрхэн гаргах, иргэд ХОМ-т яаж хяналт тавих талаар мэдээлэл өгч, санал, гомдол хүлээн авч, авлигыг мэдээлэх 110 утасны дугаартай болсон талаар сурталчилгаа явуулав.       

Үүний зэрэгцээ ажлын хэсэг АТГ-аас 2018-2019 онд Орхон аймагт хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилттэй танилцаж  байна.


Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх