Авто замын газрын дарга Д.Бат-Эрдэнэ хуурамч нэртэй, бас хуурамч дипломтойг тогтоолоо/2009.04.10/


2009/04/15  4686   0


-Тэрээр Д.Батмөнх гэдэг нэртэй бөгөөд 1981онд иргэний бичиг баримт авахдаа өөрийн төрсөн ах Д.Бат-Эрдэнийн нэрээр иргэний бүртгэл мэдээллээс холбогдох баримт бичгүүдийг гаргуулан авч иржээ-

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ч.Сайханбаяр нар их дээд сургууль, институт төгссөн гэх хуурамч дипломтой ба хуурамч диплом хууль бусаар олж авсан, ашигласан үйлдэл нь төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгт хэрхэн нийцэж буйд дүгнэлт хийж, манайд хариу ирүүлэхийг мэдэгдэе” гэжээ.

Түүнчлэн, Авто замын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нь бодит байдал дээр Д.Батмөнх гэдэг нэртэй юм байна. Тэрээр 1981онд иргэний бичиг баримт авахдаа өөрийн төрсөн ах Д.Бат-Эрдэнийн нэрээр иргэний бүртгэл мэдээллээс холбогдох баримт бичгүүдийг гаргуулан авч иржээ. Түүний энэ үйлдэл төрийн албаны үндсэн зарчим, төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага болон тангарагт нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийж хариу мэдэгдэхийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт явуулсан албан бичигтээ илэрхийлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн дугаар хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ба энэ хэргийн мөрдөн байцаалтаар Д.Бат-Эрдэнэ нь Бат-Эрдэнэ бус Д.Батмөнх гэдэг нэртэй нь тогтоогдсон байна. Тэрээр өөрийн төрсөн ах Дамжин овогтой Бат-Эрдэнийн нэрийг 1981 оноос хойш ашиглаж, иргэний бүртгэл мэдээлэлд холбогдох баримт бичгүүдийг уг нэрээр гаргуулан авч иржээ.

Д.Бат-Эрдэнэ буюу бодит байдал дээр Д.Батмөнх нь 1964 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрж, тус сумын дунд сургуульд суралцан долдугаар ангийн боловсрол эзэмсэн. Тухайн үедээ мөн аймгийн “Сүхбаатарын зам” нэгдэлд малчин байж байгаад 1981 онд аймгийн цагдан сэргийлэх ангиас иргэний паспорт авсан. Мөн онд Улаанбаатар хотод шилжин ирж суурьшихдаа өөрийн төрсөн ах Дамжин овогтой Бат-Эрдэнийн төрсний гэрчилгээг ашиглан дахин иргэний паспорт авч, цаашид Б.Бат-Эрдэнэ нэрээр регистрийн дугаар, ургийн овог зэргийг өөрчлөн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх гаргуулж ирсэн байна.

Тэрээр мөн Хөдөө аж ахуйн их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулиудыг тус тус дүүргэж, дээд боловсол эзэмсэн болох нь ч худал буюу хуурамч баримт бичиг /диплом/ ашиглаж ирсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдлоо.
Иймд Д.Бат-Эрдэнэ буюу Дамжин овогтой Батмөнх нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Авто замын газрын даргын үүрэгт ажлыг эрхлэх нь Төрийн албаны үндсэн зарчим, төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага болон тангарагт нийцэх болов уу.

Түүнчлэн, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ч.Сайханбаярт холбогдох хэрэгт шалгалт явуулахад төрийн албанд орохдоо Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн 904 дугаарын магистрын зэрэгтэй хуурамч диплом ашигласан нь илэрлээ.

Тэрээ 1998-1999 оны хичээлийн жилд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтын магистрын ангид суралцаж төгсөөгүй, 904 дугаартай хуурамч дипломыг Баянгол дүүргийн нотариатч Ч.Эрдэнэбаяраар 2006 оны дөрөвдүгээр сард гэрчлүүлж, хуулбарыг төрийн албан хаагчийн хувийн хэрэгт хавсаргасан болох нь шалгалтаар тогтоогдлоо.

Уг дипломыг хуурамчаар үйлдсэн, хууль бусаар олж авсан гэх үйлдлийн эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж /хуулийн дагуу/ материалыг Нийслэлийн прокурорын газарт шилжүүллээ.

Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хүргүүлсэн албан бичигт “Ч.Сайханбаярын төрийн албан хаагчийн хувийн хэрэгт байх Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн 904 дугаарын магистрын зэрэгтэй хуурамч дипломын хуулбарыг хүчингүйд тооцож ойлгохыг мэдэгдье” гэсэн байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх