“Авлигын эсрэг хамтын ажиллагаа: Төрийн бус байгууллагын оролцоо” сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав


2021/09/30  1329   0


Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төрийн бус байгууллагуудын дунд авлигын эсрэг хамтын ажиллагаа, оролцооны талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болсон “Авлигын эсрэг хамтын ажиллагаа: Төрийн бус байгууллагын оролцоо” сэдвээр уулзалт, хэлэлцүүлэгт АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн А.Баянмөнх болон нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын удирдлага, төлөөлөл оролцов.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачилгыг дэмжих”-ээр тусгасан бөгөөд АТГ-аас иргэдийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллага, эрдэм шинжилгээний ба мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулдаг билээ.

Уулзалт, хэлэлцүүлэгт АТГ-ын ажилтнууд мэдээлэл, танилцуулга хийв. Тухайлбал, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш мэдээлэлдээ АТГ нь 2008 оноос иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран орон нутагт “Авлигын эсрэг төрийн бус байгууллагын сүлжээ” байгуулан ажиллаж байсан талаар дурдаад иргэдийг татан оролцуулах, сургаж чадавхижуулах, соён гэгээрүүлэх ажлын хүртээмж, оролцоог нэмэгдүүлэх, санал санаачилгыг өрнүүлэхэд төрийн бус байгууллагууд нэн идэвхтэй оролцохыг уриалав.

АНУ-ын Нийтийн шударга байдлын төвөөс Ирак, Афганистаны дайны үеэр Батлан хамгаалах яам, түүний харьяа анги нэгтгэлтэй байгуулж байсан гэрээ хэлцлийн субъект болон санхүүжилтэд мониторинг хийх үеэрээ тус төвийн 20 судлаач 6 сарын хугацаанд Мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд үндэслэн бичсэн 73 удаагийн албан хүсэлтийг холбогдох төрийн байгууллагууд руу илгээж байжээ. Үүнийг төрийн бус байгууллагаас төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж оролцсон сайн туршлагын нэг хэмээн олон улсад хүлээн зөвшөөрдөг байна.  

“Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Энхбадрал “Иргэний цахим хяналт, оролцоо” сэдвээр танилцуулахдаа https://www.uih.mn/ төслийнхөө талаар мэдээллээд “Иргэд төрд сонгосон хүмүүсийнхээ оролцоо, санаачилгыг эхлээд хэмжих бололцоотой байх ёстой. Хэмжих бололцоог бүрдүүлсний дараа хянах боломж бий болно. Тиймээс иргэдэд нээлттэй эх сурвалжуудыг аль болох олноор үүсгэх хэрэгтэй” гэдгийг онцлов.

Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд төрийн бус байгууллагууд оролцсоноор олон нийтэд чиглэсэн кампанит ажил зохион байгуулах, шинэлэг контент бүтээх, сургалт сурталчилгааны хэрэглэгдэхүүн боловсруулах, хөндлөнгийн мониторинг хийх зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой юм. Гэвч төрийн бус байгууллагуудын хувьд өөрсдийнх нь чадавх бэхжээгүй, санхүүгийн дэмжлэг дутмаг, иргэдийн оролцоо сул байдаг нь хамгийн том бэрхшээл болж байгааг уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчид онцлон дурдлаа.

Уулзалт, хэлэлцүүлгийн төгсгөлд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.7-д авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачилгыг дэмжих зорилтыг хангах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгасан боловч төрийн бус байгууллагууд маань зөвхөн эдгээр заалтуудаар хязгаарлалгүй Үндэсний хөтөлбөрийн бүхий л заалтыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө АТГ-тай хамтран ажиллахыг хүсье” гэв.  


Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх