Яруу найрагчид авлигын тухай бичиж байна


2011/06/29  7661   0


Авлига-төрд ургасан хорт хавдар
***
Авлига, аллага хоёр
Алганы хоёр тал
***
Шулмасын тулман дахь
Шуналыг авлига гэнэ
***
Өглөгт ирсэн мэхний үзүүрт
Өстний цус байх нь бий
***
Авлигатай төр гэдэг
Савслагатай төмсөг шиг юм
***
Авлига авагч, өгөгч хоёр
Адилхан хулгайч байдаг
***
Өөрийнхөө юмнаас хүн бэлэг өгдөг
Ёс бусаар авснаасаа авлига өгдөг
П.Бадарч

Жинстэй... отготой ноён боллоо гэж сэрүүн зүүдэлж буй
Жилийн эцэст ашгаа хувааж байгаа арилжаач шиг мөнгө тарааж буй
Жигшүүрт авлигачид-д, засаг завхруулагчид-д саналаа бүү худалдацгаа
Жинхэнэ эх орончдоор, жинтэй мэргэдээр төрөө түшүүлцгээ!
***
Та хайран саналаа сүнсгүй луйварчдад хивгээр битгий худалдаарай
Тамхиныхаа шилбэтэй цуг ард биднийг тантан руу шиднэ шүү, бүү
мартаарай
Таны төр, бидний эх орон луйварчдын гарт орно шүү, бүү мартаарай
Тахал шиг авлигачдын үхэл шиг аюулыг тас цохьё, бүгд нягтраарай.
Т.Галсан
 

Санаа сэтгэлээ авлигачид мөнгөөр худалдсан хүн
Сайн дураар хилээ дайсанд өгсөн цэрэг
Гаднах дүр нь өөр өөр гэлээ ч
Гаслант урвагчийн чанараараа ялгаагүй буюу
***
Сонгогч таны сэтгэл зүрх
Сохор зоосны үнэтэй гэж үү?
Амьдрал, ирээдүй бүгдээрээ
Авлигач түшмэлийн атганд гэж үү?!
***
Мөнх тэнгэрийн хүчин дор
Мөхөстөж яваагүй монгол Хүн та
Мөнгөөр сэтгэлээ зардгаа боль!
Мөхөс түшмэлийн олз битгий бол!
***
Албан газар, үйлдвэр... хаа сайгүй
Авлигачид бясаа шиг үржжээ. Бодтугай!
Алхах замыг нь нийтээрээ хааж
Ард олон минь хясаа болон Бостугай!
***
Авлига танай хаалгыг тогшиж
Алтан босгыг тань алхаж гэмээнэ
Агуу үнэн тэнд зогсч
Амьдрал төөрөн тэнэж эхэлнэ
***
Алба хэргэм, ашиг, мөнгөний төлөө
Авлигачид таныг эхлээд олзолж гэмээнэ
Аймшигт шуналын нь сав түүгээр дүүрэхгүй
Аминдаа төрийг минь авахыг санаархана.
***
Ардчиллын талбар болохоос бус
Авлигачдын олбор юм уу, Миний Монгол?
Аз жаргалтай ирээдүй болохоос бус
Авлигачдын идэш юм уу, Миний Монгол!
Д.Цоодол
 

Өөрөө өөртөө үлдэхгүй болтлоо
Өр зүрхээ зарж, үнэ цэнээ худалдаж
Арчигдах мэт буй биеэрээ арилж дуусахын цагт
Ард нь уйлан үлдэх үрсээ яанам...
***
Авлигад өршөөгдсөн хүмүүн гэж үгүй
Авлигад өршөөгдсөн хүсэл, итгэл гэж үгүй
Авлигад өршөөгдсөн эрх чөлөө гэж үгүй
Авлигад өршөөгдсөн эх орон хаа ч үгүй
***
Өнөөдрийг өнгө мөнгөний төлөө өгөөд
Өчигдрийн нэр хүндээ үрэн таран болгоод
Ирэх өдрүүдийг эх оронтойгоо, эрхэт төртэйгөө худалдчихаад
Ирээдүйгээ бид хэний нөмөрт бөөцийлөх вэ?
Д.Энхболдбаатар

Сонор сэрэмжтэй байгтун
Солонго мэт үзэгдэх гоё амлалтаас
“Соёмбо” мэт үзэгдэх хуурамч түшээдээс
Сонор сэрэмжтэй байгтун
***
Авлига гэгч төрийн ДООХ
Авлигач гэгч түмний ДООГ
***
Сонгогчдын санал худалдан авах нь
Согогтой дэвшигчийн нөхөөс юм
Хулхи түшээдийн айдас нь
Худал амлалтын нэхээс юм
/Авлигач түшээдийн айдас нь
Ард түмний нэхээс юм/
***
Нэг өдөр бөхөлзүүлж
Мянган өдөр бөхөлзөх нь
Манай сонгуулийн гажиг уу
Мартахын аргагүй “гижиг” үү?
***
Авлигачид гурван төрхтэй
Анх уулзахдаа бөхөлзөнө
Ахиад уулзахдаа бөхөлзүүлнэ
Адаг сүүлд нь төрийг самууруулна.
***
Өнөөдөр таны саналыг худалдан авагч эрхэм
Маргааш таны хайртай бүхэнд санаархана
Өнөөдөр таны өврийг тэмтрэгч тэр хүн
Маргааш эх орноо бусдад худалдана
***
Өөдгүй авлигачдыг өөгшүүлж
Өөрөөсөө урваж саналаа худалдах уу
Ирээдүй хойчийнхоо төлөө
Итгэл үнэмшлээрээ саналаа өгөх үү?
***
Авлигач, амлагч хоёр ихэр юм
Авагч, өгөгч хоёр нөхөр юм
Хууль, гууль хоёр өөр юм
Худал, үнэн хоёр тэрс юм.
Ү.Хүрэлбаатар
 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх