Дэлхийн банктай хамтран ажиллаж байна


2014/12/05  896   0


Дэлхийн банк нь 1944 онд Дэлхийн 2 дугаар дайны дараа олон улсын мөнгө санхүүгийн харилцааг зохицуулах зорилгоор АНУ-ын Нью Хампширийн Бреттон Вудст явагдсан хуралдааны үеэр Олон улсын валютын сантай нэгэн зэрэг байгуулагдсан түүхтэй. 

Тус банк нь Нэгдсэн Үндэстний байгууллагын олон улсын санхүүгийн институт бөгөөд бага болон дунд орлоготой хөгжиж байгаа орнуудад хүн амын ядуурлыг бууруулж, амьжиргааны нөхцлийг сайжруулах зорилгоор тодорхой хөтөлбөрийн дагуу зээл тусламж үзүүлдэг. Дэлхийн банк нь Дэлхийн банкны группын нэг хэсэг төдийгүй Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк (IBRD) болон Олон улсын хөгжлийн ассоциаци (IDA)-аас бүрддэг. 

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн үеэс одоог хүртэл Дэлхийн банктай ядуурлыг бууруулах, сайн засаглалыг хөгжүүлэх зэрэг улс орны хөгжилд саад болж буй олон асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор төрөл бүрийн төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл Дэлхийн банк нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллаж, дараах гол ажлуудыг хийж гүйцэтгэхэд жинтэй тус нэмэр үзүүлсэн байна.

Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэрийлэх тухай хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтнууд “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ээ мэдүүлэх үүрэгтэй байдаг. Ингэж нийтийн албан тушаалтан бүр мэдүүлэг гаргах нь олон улсын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн нөхцөлд тооцогддог төдийгүй уг мэдүүлгийг дан цаасаар бус электрон хэлбэрээр авах арга зонхилдог байна. Иймд Дэлхийн банк нь Монгол Улс дахь нийтийн албан тушаалтнуудад зориулсан мэдүүлгийн нэгдсэн систем бий болгох зорилгоор Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллаж, 2010 оны 5-11 дүгээр саруудад болон 2013 оны 5 дугаар сард хоёр үе шаттайгаар туслалцаа үзүүлсэний үр дүнд Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдээллийн системийг ашиглалтад оруулсан. 

Энэхүү мэдүүлгийн систем ашиглалтад орсоноор нийтийн албан тушаалтнууд хуульд заасан “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийн цахимаар мэдүүлдэг болсон бөгөөд үүний үр дүнд Авлигатай тэмцэх газрын мэдээллийн санд Монгол Улс дахь бүх нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлого болон хувийн ашиг сонирхлын мэдээлэл хадгалагдаж, эдгээр мэдээлэлд үндэслэн төрөл бүрийн дүн шинжилгээ хийж, аливаа авлига, ашиг сонирхлын эрсдлээс урьдчилан сэргийлэх ажиллагааг явуулахад үнэлж барашгүй хувь нэмэр оруулах болсон. 

Мөн үүнээс гадна Эдийн засгийн хөгжлийн яам, Дэлхийн банкны хооронд 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан буцалтгүй тусламжийн гэрээний дагуу Дэлхийн банкны санхүүжилтээр “Авлигаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг бэхжүүлэх” төсөл Авлигатай тэмцэх газарт хэрэгжиж эхэлсэн. 

Энэхүү төслийн хүрээнд нийтийн албан тушаалтнуудын “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийг бүртгэх, хянах, хадгалах, тайлагнах үүрэг бүхий төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй 882 эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан улсын хэмжээний бүсчилсэн сургалтыг таван бүсэд зохион байгуулсан. 

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу Авлигын индексийн судалгааг хоёр жил тутам явуулж, судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулдаг билээ. Тэгвэл энэхүү судалгааны аргачлалыг цаг үеийн шаардлагатай нийцүүлж, судалгааны үр дүнг практикт хэрэглэхэд дөхөмтэй болгох зорилгоор судалгааны аргачлалыг шинэчлэн сайжруулах ажлыг хэрэгжүүлж байна.

Дээр дурдсанаас гадна бусад цаг үеийн шаардлагатай асуудлаар Авлигатай тэмцэх газар болон Дэлхийн банк нь нягт уялдаатай хамтран ажиллаж байна. 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх