“Шударга байдал ба олон нийтийн итгэл”


2019/12/09  2666   0


Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулж “Шударга байдал ба олон нийтийн итгэл” сэдвээр хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр /2019.12.09/ Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцов.

УЛС ДАМНАСАН ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХЭД ГАДААДЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ НЯГТ ХАМТРАН АЖИЛЛАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа “Сүүлийн үед шалгагдаж байгаа "Эрдэнэт" үйлдвэр, Оюутолгой төсөл, Хөгжлийн банк гэх мэт манай улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлж байгаа зарим хэргүүдийг шалгах явцад гадаад улсын хууль сахиулах, санхүүгийн мэдээллийн, мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх зэрэг хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа боловч нотлох баримтыг тэр бүр бүрэн дүүрэн, шуурхай олж авч чадахгүй байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Иймд улс дамнасан гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх, шийдвэр гүйцэтгэхэд гадаад улсын хуулийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байгааг энд дурдах нь зүйтэй” гэлээ.

ДЭЛХИЙ БИДНИЙГ БУРУУШААЖ, FATF-ЫН “СААРАЛ ЖАГСААЛТ”-Д ОРЛОО

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар “Хууль тогтоох байгууллагын баталсан ялын хэт хөнгөн бодлого, Эрүүгийн хууль, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуулийн хийдэлтэй зохицуулалт гэмт этгээдүүдэд давуу байдал олгож байна. Ялсан намын өнгөөр төрийн томилгоо хийгддэг. 2016 онд дэвшин болон шинээр томилогдсон 1750 албан тушаалтныг шалгахад дандаа улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүд, тэдний нөлөөллөөр томилогдсон хүмүүс. Эндээс хүнээс хамааралтай нөхцөл байдлаас үүдэн авлига буурахгүй байна.

Авлига гэдэг зүйлтэй дэлхийн улс орнууд тэмцэж байна. Зарим улс орнууд авлигатай тэмцэх ажилд ахиц гаргаж байна. Авлига гэдэг вирусийг эрүүлжүүлдэг цорын ганц зүйл нь улстөрчдийн авлигатай тэмцэх хүсэл сонирхол юм. Улстөрчид авлигатай тэмцэх хүсэл сонирхолтой байх юм бол, авлига буурдаг. Гэтэл өнөөдөр манай улсад авлигатай тэмцэх үйл ажиллагаанд ахиц гарч байна уу гэхээр батлагдаж байгаа хуулиуд хийдэлтэй, батлагдаж байна. Дээрээс нь авлигын гэмт хэргийг илрүүлдэг мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг чиг үүрэг бүхий байгууллагууд хуулийг нэг мөр ойлгох, авлигын гэмт хэргийг зөв тодорхойлох асуудлыг ярьж байна. Зарим эрх бүхий этгээдүүд ял завшиж байгаа учраас нийгэмд бухимдал үүсгээд байгаа асуудлыг дэлгэн тавихыг хүссэн юм.

Дэлхий нийтээр авлигатай тэмцээд авлигын хөрөнгийг буцаан авах асуудал нэн тэргүүнд яригдаж байна. Монгол Улсын хувьд дээрх асуудалд тодорхой амжилт гаргаагүй учраас дэлхий нийт биднийг буруушааж FATF-ын “Саарал жагсаалт”-д бүртгэгдлээ. Эндээс бид гарахын тулд эрх зүйн орчноо боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай” гэлээ.

АТГ, ЦЕГ, ТЕГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙГАА

НПГ-ын хяналтын прокурор Р.Батнасан “Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, хахууль өгөх, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүй хөрөнгөжих, дураараа аашлах, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэх мэт авлигын 11 төрлийн гэмт хэргийг хуульчилсан.

2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар албан тушаалын гэмт хэргийн шинжтэй нийт 371 гомдол мэдээллийг хүлээн авсан. Үүнээс 195 буюу 52.5 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 149 буюу 49.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 27 буюу 7.2 хувийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлтийн 586, мөрдөн байцаалтын 145 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 41 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн, 22 хэргийг хэрэгсэхгүй болгож, 310 хэргийг хуульд заасан үндэслэлээр хааж шийдвэрлэн нийт хэргийн 50.3 хувийг шийдвэрлээд байна.

Яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн 22 хэргийг шүүхээр шийдвэрлэж, одоо 19 хэрэг шүүхээр хянан хэлэлцэгдээгүй байна. Авлигатай тэмцэх, авлигын гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд авлигын гэмт хэргийг шалган шийдвэрлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг ярилцаж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь чухал.

Нийгэмд нэр нөлөө бүхий хүмүүсийн хэргийг шийдвэрлэх явцад хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан хуулийн байгууллага улс төрийн зорилгоор хилсээр шалгаж байгаа мэт ойлголтыг олон нийтэд төрүүлж, ард иргэд хууль хяналтын байгууллагад хэн нэгэн эрх мэдэлтэй албан тушаалтны ашиг сонирхлын үүднээс буруугүй хүнийг буруутан болгож ял шийтгэл оногдуулах мэтээр буруу ташаа мэдээлэл өгч байгаа нь хуульд заасан албаны чиг үүргээ хийж яваа сэтгүүлчид хуульд зааснаар албан үүргээ чөлөөтэй явуулах нь сөргөөр нөлөөлж байна. Хэдийгээр энэ асуудал нь хэвлэлийн эрх чөлөөний асуудал боловч авлигатай тэмцэхэд дээрх асуудлыг анхаарахгүй бол болохгүй юм.

Нөгөө талаас гэмт хэрэг болох боломжгүй юмыг гэмт хэрэг мэтээр нийтэд мэдээлж, түүний үр дүнг өөрийнхөө төсөөллөөр шаардаж АТГ, прокурор шүүхийн байгууллагыг буруутгах хандлага нийгэмд ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгслийн зарим ажилтнууд, улстөрчдийн дунд түгээмэл байна.

Авлигын гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон эд хөрөнгө бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байдаг. Тухайлбал, банк томоохон аж ахуй нэгж, орд газрыг хувь эзэмших эрхийг бэлгэнд авах түүнийгээ бусдын нэр дээр шилжүүлэх, ашиг олох, хувьцаагаа бусдаар заруулах, оффшорт байршуулах, өөрийн гэр бүл хамаатан найз нөхдийн нэр дээр хувьцаа, лиценз худалдан авах нь ихэвчлэн зохион байгуулалттай явагддаг.

Дээрх нөхцөл байдалтайгаар холбоотойгоор манай улс, бусад улс орнуудтай мэдээлэл солилцох, шуурхай хууль эрх зүйн орчин дутагдалтай байгаа учраас алдагдсан эд хөрөнгийн байршлыг тогтоох боломж нөхцөл байдаггүй.

Авлигатай тэмцэхэд авлигачдыг шийтгэх нь гол асуудал мөн боловч гэмт хэрэг үйлдсэн этгээд шийтгүүлээд цаана нь олон хүмүүс хохирч байна. Авлигын гэмт хэргийн мэдээлэгчийг хамгаалах хууль эрх зүйн орчин бий болгосноор энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чухал хөшүүрэг болох юм. Олон нийтийн анхаарал татсан хэргийг хуульд заасны дагуу тал бүрээс нь шалгаж, шуурхай шалгуулахын тулд зэрэгцэн хяналт тавих прокурорыг томилон ажиллуулж байна. Мөн АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулах зэргээр авлигын хэргийг шалган, шийдвэрлэлтийг анхаарч үр дүнгээ өгч байна” гэлээ.

Урьд өмнө нь хуулийн байгууллагуудын төлөөлөл нэг дор хуран цуглаж өөрсдийнх нь үйл ажиллагаа ба шударга байдалд иргэд, олон нийт хэр зэрэг итгэлтэй байдаг талаар ярилцаж байсан удаагүй. Тиймээс өнөөдрийн зөвлөгөөн нь анхных бөгөөд цаг үеэ олсон арга хэмжээ боллоо гэдгийг оролцогчид тодотголоо.

Э.Ариун

Write comment