Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2013 оны судалгааны үр дүн, дүгнэлт, санал


2014/04/21  4784   0


Авлигын нөхцөл байдал, цар хүрээ, шалтгаан, хэлбэрийг бодитой, үнэн зөвөөр тогтоох үйл ажиллагааны хүрээнд АТГ-аас зохион байгуулдаг судалгаануудын нэг нь “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх шинжээчдийн төсөөллийн судалгаа” бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломж бүрдүүлж өгдөг чухал ач холбогдолтой.

Судалгааг жил бүр зохион байгуулж явуулах чиг үүргийг Улсын Их Хурлын 2008 оны 13 дугаар тогтоолоор тус газарт даалгасан бөгөөд судалгааны үр дүн нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг үнэлэх нэг шалгуур болдгоороо онцлог юм.

2013 онд 6 дахь удаагаа хийгдсэн судалгааны үр дүн нь өмнөх жилүүдийн үр дүн, дэд хэсгүүдийн үзүүлэлтүүдээс харьцангуй эерэг үнэлгээтэй байна. Шинжээчид ийнхүү Монгол Улс дахь улс төр, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн хүрээн дэх авлигын хэмжээ буурсан гэж үзсэн нь төрөөс авч хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг олон талт үйл ажиллагааны үр дүн билээ.

Судалгааны үр дүн
Монгол Улсын улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх шинжээчдийн төсөөллийн 2013 оны үнэлгээ 3.68 гарсан нь 2012 оныхоос 0.25 пунктээр буурчээ.

Монгол Улс дахь улс төрийн институцуудэд авлига тархсан байдлын үнэлгээнд нийт 6 институц хамруулснаас улс төрийн намууд, Засгийн газар, яам, харъяа байгууллагуудад авлига тархсан байдал нь бусдаасаа харьцангуй их байна. Судалгаанд хамрагдсан нийт улс төрийн институцуудэд авлига тархсан байдлын дундаж үзүүлэлт нь 2008 оноос 2013 он хүртэлх хугацаанд аажим буурч байгаа нь эерэг үзүүлэлт болж байна.

Авлигад өртөх эрсдлийн үнэлгээгээр яамдын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, мөн яамдын газар, хэлтэс, агентлаг, харъяа бусад байгууллагын удирдах албан тушаалтнуудын авлигад өртөх эрсдэл их, шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын авлигад өртөх эрсдэл дунд зэрэг байна. Аймаг, нийслэлийн шүүхийн авлигад өртөх эрсдэл шүүхүүдийн дунджаас дээгүүр, харин сум буюу сум дундын, дүүргийн шүүх, Захиргааны хэргийн шүүхийн авлигад өртөх эрсдэл шүүхүүдийн дунджаас бага, улсын Дээд шүүхийн авлигад өртөх эрсдлийн хэмжээ шүүхүүдийн дундажтай адил түвшинд байна. Сум дундын, дүүргийн, аймаг, нийслэл, тээврийн прокурорын газруудын авлигад өртөх эрсдэл дунджаас дээгүүр, Улсын ерөнхий прокурорын газрын авлигад өртөх эрсдэл прокурорын байгууллагын дунджаас доогуур байна. Замын цагдаагийн газар, Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын авлигад өртөх эрсдэл цагдаагийн байгууллага дотроо хамгийн өндөр, Цагдаагийн Ерөнхий газрынх хамгийн бага байна. Салбар дотроо хорих ангиуд болон нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын авлигад өртөх эрсдэл хамгийн өндөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын авлигад өртөх эрсдэл хамгийн бага байна.

Авлигыг нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийн үнэлгээгээр улс төрийн томилгоо, улс төрийн хүрээн дэх бизнес бүлэглэлүүдийн ашиг сонирхол, сонгуулын өнөөгийн тогтолцоо зэрэг хүчин зүйлс улс төрийн хүрээний авлига үүсэхэд илүүтэй нөлөөлсөн байна. Намын санхүүжилтийн механизмын үзүүлэх нөлөөлөл энэ онд нилээд буурсан байна. Хууль хяналтын байгууллагын албан хаагчийн ёс зүйг сахиулах, хариуцлага тооцох механизмын дутагдалтай байдал хууль сахиулах байгууллага болон шүүхэд авлига үүсэхэд хамгийн их нөлөөлсөн байна. Нөлөөллийн үзүүлэлтээрээ үүний дараа албан хаагчдын цалин хангамж, ажиллах нөхцөл хангалтгүй байдал орж байна. Хуулийн байгууллагын шийдвэр гаргах үйл явц бүрэн хуульчлагдаагүй байдлын үнэлгээ болон хууль хяналтын байгууллагын албан хаагчийн цалин хангамж, ажиллах нөхцөл хангалтгүй байдлын нөлөөлөл өнгөрсөн оныхоос хамгийн ихээр өсчээ.

Судалгааны дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх