З.Баасанням: Зүйрлэж хэлбэл, шанага бариулчихаад нуурын усыг шавхаж дуусга гэж байгаатай л адил юм


2018/12/27  893   0


АТГ-аас сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал энэ сарын 25-нд болсон билээ. Энэ үеэр сэтгүүлчид тус байгууллагад шалгагдаж буй дуулиантай хэргүүдийн мөрдөн байцаалтын явцын талаар холбогдох албан тушаалтнуудаас асууж тодруулсан. Сэтгүүлчдийн асуусан хэргүүдийн дийлэнхэд нь мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байсан юм. Багагүй хугацаанд шалгаж буй хэргүүд ч мөн энэ үеэр дурдагдсан.

АТГ-т авлига, албан тушаалын хэргүүд яагаад удаан хугацаанд шалгагддаг, нийгэмд хүлээлттэй байгаад байдаг талаар тус газрын Тамгын хэлтсийн дарга З.Баасанням товч тайлбарласан юм.

Тэрбээр “Хэрэг шалгаад байна. Хэзээ эцэслэн шийдвэрлэх юм бэ? Шалгалтын ажиллагаа явж байна уу, явахгүй байна уу гэдэг зүйл ярьж байна. Авлига, албан тушаалын хэрэг нь богино хугацаанд шалгагддаг хэрэг биш гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Манай байгууллага 28 мөрдөгчтэй. 28 мөрдөгч маань улсын хэмжээнд авлига, албан тушаалын гэмт хэрэг, өргөдөл гомдол дээр мөрдөн шалгах ажиллагаа хийдэг. Манай дээр шалгагдаж байгаа ЖДҮХС, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Монголбанкны, Хөгжлийн банкны гэх мэт хэргүүд нь бүгд өргөн хүрээтэй шалгах ажиллагаа явуулах, хөрөнгийн үнэлгээ хийх, банк санхүүгийн шинжээч томилох, гадаадаас даалгавар, хүсэлтийн хариу авах гээд ажиллагаа ихтэй хэргүүд бий. Өнгөрсөн хавар бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон УИХ, Засгийн газарт ядаж 50 мөрдөн байцаагчийн орон тоо нэмж өгөөч гэдэг асуудал тавьсан ч шийдэгдэлгүй өдийг хүрч байна. Бид байгаа хүн хүчнийхээ бололцоогоор амралтгүйгээр ажиллаж байгаа. Зарим хэрэг дээр цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж байна. Хүн хүчний хувьд нөөц боломжоо хамгийн дээд хэмжээнд шахаж ажиллаж байгаа. Гэхдээ бид үүн дээр хэцүү байна гэж гомдоллож суугаагүй. Хүлээсэн үүргээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэхийн төлөө хүн бүр зүтгэн ажиллаж байна. Зүйрлэж хэлбэл, шанага бариулчихаад нуурын усыг шавхаж дуусга гэсэнтэй адил зүйлийг биднээс шаарддаг.   

Жишээ нь долоон сая хүн амтай, газар нутаг багатай Хонконгийн Авлигатай тэмцэх байгууллагад 1000 гаруй мөрдөгч ажилладаг. Олон улсын жишиг нэг иймэрхүү л байгаа. Манай улс гурван сая хүн амтай гээд харьцуулаад бодохоор нөхцөл байдал ямар байгаа нь ойлгогдох байх. Бид ямар нэгэн цалин мөнгө нэмэх, ахуй хангамж сайжруулах талаар хүсэлт тавиагүй, ажиллах орон тоо нэмэгдүүлэх асуудлыг л тавьсан байгаа.

Зарим зүйл хүн хүчний боломж нөхцөлөөс шалтгаалан та бүхний хүсэн хүлээсэн шиг богино хугацаанд шийдвэрлэгдэхгүй, удаж байгаа мэт харагддаг байх. Гэхдээ энэ мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналт дор тасралтгүйгээр хийгдэж байгааг та бүхэн ойлгоорой” гэлээ.  

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх