“АТГ-ын мөрдөгч нар ачаалал ихтэй ч шийдвэрлэлт сайтай ажиллаж байгаа”


2018/10/25  399   0


АТГ-ын сар бүрийн 25-ны өдрийн хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов.

Энэ удаагийн хэвлэлийн хурлаар АТГ-аас сүүлийн үед авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн төрийн байгууллагуудад хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлтийн талаар зарим жишээ баримтыг дурдаж мэдээлэв.

АТГ-ЫН АЖЛЫН ХЭСГҮҮД ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

АТГ-ын 4 ажлын хэсэг өнөөдрийн байдлаар Дорнод, Сэлэнгэ, Говь-Алтай, Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Ажлын хэсгүүд үүний өмнө Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Булган аймагт ажиллаад дууссан. Үлдсэн аймгуудад удирдамжийн дагуу 11 дүгээр сарыг дуустал ажиллана. АТГ-ын албан хаагчид орон нутагт ажиллахдаа авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, 2018 оны худалдан авах ажиллагааны явц байдал, үр дүн, гүйцэтгэлийг хянаж үзнэ. Худалдан авах ажиллагаатай холбоотой хяналт шалгалтыг ҮАГ-тай хамтран явуулж байна.

Өнгөрсөн онд АТГ-ын албан хаагчид 21 аймагт ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгахад олон тооны зөрчил, дутагдал илэрсэн. Зарим зөрчил дутагдал нь гэмт хэргийн шинж агуулсан байж болзошгүй байсан тул гүнзгийрүүлэн шалгаж байгаа. Зөрчил, дутагдлуудаа арилгах, засаж залруулах, дахин гаргахгүй байх чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулах талаар АТГ-аас 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргад өмнө нь Зөвлөмж хүргүүлсэн. Энэ Зөвлөмжийн биелэлтийг шалгах нь энэ удаагийн албан томилолтын бас нэгэн зорилго юм.

АТГ-ЫН ХҮСЭЛТЭЭР САНХҮҮГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ ХИЙВ

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Дэлхийн банкны түншлэл болох Хулгайлагдсан хөрөнгийг буцаах CтАР санаачилгатай АТГ хамтран ажилладаг. Энэ хүрээнд тусгайлан хүсэлт тавьж санхүүгийн мөрдөгчдийг чадавхижуулах, мэргэшүүлэх анхан шатны сургалтыг зохион байгууллаа. Сургалтад АТГ-ын мөрдөгчид болон прокурор, тагнуул, цагдаа, татвар, гааль, төв банкны санхүүгийн мэдээллийн албаны ажилтнууд оролцсон. Энэхүү сургалтад хамрагдсан албан хаагчдыг үргэлжлүүлэн дунд, ахисан түвшний сургалтад шат дараалуулан хамруулна. Ингэснээр санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр хууль хяналтын болон төрийн байгууллагуудын алба хаагчид ижил түвшний мэдлэг чадвартай болж, хамтын ажиллагаа улам сайжрах юм.  

ХУУЛЬ ЗӨРЧСӨН 3 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛАВ

Энэ сард иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж, хууль зөрчсөн 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Ажилдаа хайхрамжгүй хандаж, эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр хандив, санхүүгийн туслалцаа авсан Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан, давхар ажил эрхлэлттэй холбоотой хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Чимгээ, албаны мөнгийг охиныхоо компанийн данс руу шилжүүлж хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дарихжав нарт цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.

Энэ байдлаар хууль зөрчсөний улмаас хянан шалгагдаж хариуцлага тооцуулсан албан тушаалтнуудын талаар АТГ ингэж мэдээлдэг нь дуулиан шуугиан үүсгэх зорилготой биш бөгөөд өөр бусад төрийн албан тушаалтнуудад хуулиа хэрэгжүүлэхийг сануулж буй урьдчилан сэргийлэлт юм.

Энэ сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 863 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ хүлээн авч хянан шийдвэрлэсэн. Тэгэхээр энэ 10 дугаар сард ийм хэмжээний шилжилт хөдөлгөөн төрийн албанд хийгдсэн гэж үзэж болно.

Дорноговь, Завхан, Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор тус тус нэр дэвшсэн Ц.Батболд, Б.Нарангэрэл, Ж.Баттөр нарын мэдүүлгийг хянаад илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн. Эдгээр хүмүүс нь хувьдаа болон хамаарал бүхий этгээдүүд нь мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул нийтийн албыг хашихад ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзсэн байна.

АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТЫГ ОЛОН НИЙТИЙН ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

АТГ-аас төрийн албан хаагчдыг сургах, хууль таниулах, ёс зүйн заавар зөвлөгөө өгөх ажлыг тасралтгүй зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд “Авлигын эсрэг сургалт”-ыг тусгайлсан хөтөлбөр, хуваарийн дагуу хийдэг. Одоогоор энэ оны 4 дүгээр улирлын сургалт эхэлсэн байгаа. Өдөр бүр энэ танхимд төрийн албан хаагчид албан тушаал, ажил мэргэжил, эрхлэн гүйцэтгэж байгаа чиг үүргийнхээ дагуу сургалтад хамрагддаг. Сургалт хийх гэдэг нь төрийн албан хаагчдыг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой ажил болдог. Одоогийн байдлаар 75 удаагийн сургалт хийж, 6000 орчим төрийн албан хаагчийг хамруулаад байна. Он дуустал 2665 төрийн албан хаагчийг авлигын эсрэг сургалтад оролцуулахаар урилга хүргүүлсэн байгаа.

АВЛИГЫН ТАЛААРХ СУДАЛГААНЫ ДҮН ТААРУУ БАЙНА

АТГ энэ 10 дугаар сард 2 төрлийн судалгааны дүнг танилцуулж мэдээлсэн. Нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, нөлөөллийг тодорхойлох судалгаа. Энэ судалгааг АТГ анх удаа хийсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 500.000-1.000.000 төгрөг хүртэлх хэмжээний мөнгийг төрийн албан хаагчид хахуульд өгч байсан гэдэг нь судалгааны дүнд тусгагдсан байгаа. Энэ бол анхаарал татаж байгаа асуудал. Тиймээс нарийвчлан судалж, шалгаж байгаа.

Нөгөө нь Хүүхдийн шударга байдлын судалгаа. Найм дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ судалгаагаар Монгол хүүхдийн шударга байдлын түвшин өмнөх онуудынхаас буурсан үзүүлэлттэй байна. Судалгааны дүнг АТГ-ын цахим хуудсанд дэлгэрэнгүй байршуулсан. Тэндээс шаардлагатай мэдээллийг авч болно. Одоо төрийн байгууллагуудын шударга байдлыг үнэлэх судалгааны ажил хийгдэж байна.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ХҮРГҮҮЛСЭН ЗӨВЛӨМЖИЙН БИЕЛЭЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙНА 

АТГ-аас төрийн байгууллагуудад өгсөн Зөвлөмжийн биелэлт хангалтгүй байна. Энд зарим төрийн байгууллагад илэрсэн зарим зөрчил, дутагдлын талаар товч мэдээлье.

  • “Бөртэ” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилготой 25 нэр төрлийн 46.3 сая төгрөгийн өртөгтэй оёдлын машин, тоног төхөөрөмжийг худалдан авсан байна. Ингэхдээ тус үйлдвэрийн өмнөх захирлын хувийн оёдлын цехед ашиглаж байсан хуучин оёдлын машин, тоног төхөөрөмжийг худалдан  авчээ.
  • Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах нь хавтгайрах шинжтэй байгаад АТГ анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нөөц сангийн хөрөнгөнөөс шагнал урамшуулалд нийт 30,8 сая төгрөг зарцуулсан байна. Үүнээс гадна өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй байгуулсан гэрээний гүйцэтгэл, уран сайхны кино бүтээх зэрэг арга хэмжээнд  нийт 77.5 сая төгрөг, бусад 10 удаагийн зардалд 46.4 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.
  • ИНЕГ-ын алба хаагчдад олгосон орон сууцны хөнгөлөлт нь хууль зөрчиж байгаа талаар АТГ анхааруулж, энэ зөрчлийг дахин гаргуулахгүй байхыг зөвлөсөн. Хүргүүлсэн зөвлөмжийн биелэлт хангалтгүй, энэ төрлийн зөрчил дахин давтагдсаар байна. Тухайлбал, 2017 онд 1,4 тэрбум төгрөгийг орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан байна. Тухайн байгууллагын үндсэн ажилтан биш Зам тээврийн хөгжлийн яамны албан тушаалтан О, М нарт 10-22 сая төгрөгийн дэмжлэг олгожээ. Энэ үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд заасныг зөрчсөн.
  • Ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн албан хаагчдад шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрийг олгох асуудал тасрахгүй байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газар 3 албан хаагчид нийт 34,2 сая төгрөг, Гэр бүл хүүхэд,залуучуудын хөгжлийн газар 4 албан хаагчид  нийт 7,5 сая төгрөг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар 3 албан хаагчид 3,2 сая төгрөг тус тус олгосон байгаа нь АТГ-аас хүргүүлсэн Зөвлөмжийг биелүүлээгүй гэж үзэх үндэстэй.

МӨРДӨН ШАЛГАХ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮД ӨССӨН

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлж байгаа гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн тоо сүүлийн 2 жилийнхтэй харьцуулахад 3.6 дахин өссөн үзүүлэлттэй байна. (График 1)

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн тоо болон холбогдогчийн тоон мэдээллийг сүүлийн 3 жилийн байдлаар харвал шалгагдсан этгээдийн тоо 2 дахин, хэрэг 4 дахин өссөн байна (График 2)

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх тоон мэдээллийг графикаас харуулъя. Эндээс харвал шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргийн тоо өмнөх онуудын мөн үетэй харьцуулбал 2.5 дахин өссөн байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай хэргийн тоо өссөн нь тодорхой шалтгаантай. Энэ нь АТГ-ын мөрдөн шалгах харьяаллын бус гомдол, мэдээлэл олон ирдэг, нийгэмд болохгүй, бүтэхгүй асуудал бүрийг АТГ шалгаж шийдвэрлэнэ гэсэн хүлээлт, найдлага их байдагтай холбоотой. Гэтэл АТГ нь Эрүүгийн хуулиар харьяалуулсан тодорхой тооны хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байдаг (График 3)

Шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг 2017 онд өмнөх оноос 21 нэгжээр өссөн. (График 4)

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 8.7 дахин өссөн (График 5)

Мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 9.2 дахин өссөн үзүүлэлттэй байна (График 6)

2017 онд мөрдөн байцаалтын шатанд 3.4 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж, шүүхийн шийдвэрээр 7.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. Нийт 11.1 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

Эндээс дүгнэвэл, АТГ-ын мөрдөгч нар ачаалал ихтэй ч шийдвэрлэлт сайтай ажиллаж байна.

ЭНЭ САРД ХЭРЭГ БҮРТГЭЛТ, МӨРДӨН БАЙЦААЛТЫН 386 ХЭРГИЙГ ШАЛГАСАН

Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 10 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 55 гомдол, мэдээлэл хянан үзсэн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 386 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан нь тус суманд  улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих зураг төслийн ажлыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.

“Буянт-Ухаа спортын ордон” төрийн өмчит аж ахуйт тооцооны газрын эрх бүхий албан тушаалтан  нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөрийн хамаарал бүхий компанийг  хууль бусаар шалгаруулж давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Төрийн албан тушаалтан Э, Г нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх