Хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдалд үнэлгээ хийхээр ажиллаж эхэллээ


2018/09/27  577   0


Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням нар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны дэд захирал Женифер Крофт, мэргэжилтэн Александр Секулик нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Ардчилсан институц, хүний эрхийн албаны төлөөлөгчид Монгол Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд манай улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдал, энэ чиглэлээрх ололт амжилт, сорилт бэрхшээлийг тогтоох, улмаар Засгийн газарт санал зөвлөмж өгөх, цаашид хамтран ажиллах боломжийг тодруулах юм байна.

Женифер Крофт тэргүүтэй төлөөлөгчид Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзсан байна.

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж уулзалтын үеэр Авлигатай тэмцэх газрын бүтэц, үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулж, хүний эрхийг хангах, Иргэний хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа, шүгэл үлээгч болон эрэн сурвалжлах сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын эрх чөлөөг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцлоо.

Авлигатай тэмцэх газар нь 2016 оноос эхлэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засаг, байгаль орчны албатай харилцаа тогтоон хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд харилцан айлчлал хийж, Эдийн засаг, байгаль орчны форум болон холбогдох, уулзалт сургалтуудад албан хаагчдаа хамруулж ирсэн.  Мөн тус албатай хамтран 2016 онд “Орчин судалгааны арга зүй, программ ашиглалт”, 2017 онд “Авлигын эсрэг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь”, “Олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх нь”, 2018 онд “Оффшор бүс нутгийг ашиглан мөнгө угаах явдалтай тэмцэх нь” сэдэвт сургалтуудыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас гаргасан “Авлигатай тэмцэх гарын авлага”-ыг монгол хэлнээ орчуулж, хэвлүүлээд байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх