Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам


2012/05/10  2491   0


АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2012 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр                                  Дугаар 74                                                          Улаанбаатар хот

 

 

Журам батлах тухай

 

 

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:
 

 

 

1. “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс /Д.Дуламсүрэн/-т үүрэг болгосугай.

 


                                                    ДАРГА,
                                                    ТЭРГҮҮН КОМИССАР                                      Н.ГАНБОЛД

 

 

 

 

 

Авлигатай тэмцэх газрын даргын
2012 оны 4 дүгээр сарын 24-ний
өдрийн 74 дүгээр тушаалын хавсралт

 

 

 

 

 

АЛБАН ТУШААЛТАН ӨӨРТ НОГДУУЛСАН
САХИЛГЫН ШИЙТГЭЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ
ХОЛБОГДОХ ЭТГЭЭД БОЛОН НИЙТЭД ӨӨРИЙН ЗАРДЛААР
ХҮРГЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖУРАМ

 

 

Нэг. Ерөнхий зүйл
 

 

1.1. Энэхүү журмаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль (цаашид “Хууль” гэх)-ийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан нийтийн албан тушаалтанд хүлээлгэсэн сахилгын шийтгэлийн талаархи мэдээллийг албан тушаалтан холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Энэхүү журмыг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д дурдсан этгээд болон түүнд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т дурдсан сахилгын шийтгэл хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан дагаж мөрдөнө.

1.3. Албан тушаалтанд ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд хүргэхэд гарсан зардлыг сахилгын шийтгэл хүлээсэн албан тушаалтан хариуцна.

1.4. Сахилгын шийтгэл хүлээлгэсэн тухай мэдээллийг бэлтгэх, холбогдох этгээд болон нийтэд мэдээлэх, хүргэх үүргийг сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан өөрийн байгууллагын Тамгын газар буюу Захиргааны хэлтэс/нэгж/-т хариуцуулна.

1.5. Албан тушаалтанд ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд мэдээлэхтэй холбогдон гарах зардлыг сахилгын шийтгэл хүлээсэн албан тушаалтнаас гаргуулан авах үүргийг энэ журмын 1.4-т дурдсан газар, хэлтэс/нэгж/-ийн дарга хариуцан гүйцэтгэнэ.

1.6. Албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэсэн шийдвэрийн талаарх мэдээллийг уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор холбогдох этгээд болон нийтэд мэдээлнэ.

1.7. Энэхүү журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.7.1. “холбогдох этгээд” гэж хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан сахилгын шийтгэл хүлээлгэх зөрчлийн талаар мэдээлэгч, гомдол гаргагч, нийтийн албан тушаалтны хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эрх ашиг нь хөндөгдсөн бусад этгээд, сахилгын шийтгэл хүлээсэн этгээдийн харьяалах дээд шатны байгууллагын удирдлага, харьяалах байгууллагын албан хаагчийг;

1.7.2. “эрх бүхий албан тушаалтан” гэж нийтийн албан тушаалтанд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан сахилгын шийтгэл хүлээлгэх эрх бүхий этгээдийг;

1.7.3. “зардал” гэж сахилгын шийтгэлийн талаар холбогдох этгээдэд хүргэх шуудан, холбооны болон нийтэд мэдээлэхтэй холбогдон гарах үйлчилгээний үнэ, хөлсийг.
 
Хоёр. Холбогдох этгээдэд мэдээлэх

2.1. Албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэсэн талаарх мэдээллийг мэдээлэгч, гомдол гаргагч, нийтийн албан тушаалтны хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эрх ашиг нь хөндөгдсөн бусад этгээд болон харъяалах дээд шатны байгууллагын удирдлагад албан бичгээр хүргүүлнэ.

2.2. Харъяалах дээд шатны байгууллагын удирдлагад хүргүүлэх албан бичигт албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэсэн шийдвэрийн хуулбарыг хавсаргана.

2.3. Албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэсэн талаарх мэдээллийг харъяалах байгууллагын албан хаагчдад хүргэхдээ холбогдох шийдвэрийг нийт албан хаагчдад уншиж танилцуулна.
 
Гурав. Нийтэд мэдээлэх

3.1. Албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэсэн талаар дараахь хэлбэрээр нийтэд мэдээлнэ:

3.1.1. өдөр тутмын сонинд нийтлүүлэх;
3.1.2. харьяалах байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулах, мэдээллийн хуудсанд нийтлүүлэх;
3.1.3. Авлигатай тэмцэх газрын цахим хуудсанд байршуулах.

3.2. Нийтэд хүргэх мэдээлэлд сахилгын шийтгэл хүлээсэн этгээдийн овог, нэр, байгууллагын нэр, албан тушаал, сахилгын шийтгэл хүлээлгэсэн үндэслэл, сахилгын шийтгэлийн төрлийг тусгана.

3.3. Албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэсэн талаарх мэдээллийг энэхүү журмын 3.1-д заасан хэлбэрээр хүргэх үүргийг журмын 1.4-т дурдсан газар, хэлтэс/нэгж/-ийн хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан хариуцан гүйцэтгэнэ.
 
Дөрөв. Бусад зүйл

4.1. Албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэсэн шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан шийдвэр гарснаас хойш ажлын 10 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлнэ.

4.2. Эрх бүхий албан тушаалтан энэхүү журмын хэрэгжилтийн тайлан мэдээг жил бүрийн 2 дугаар сарын 01-ний дотор Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.

4.3. Авлигатай тэмцэх газар эрх бүхий албан тушаалтнуудаас ирүүлсэн шийдвэрийг хүлээн авч, нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулна.

4.4. Энэхүү журмын заалтыг зөрчсөн албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 
-о0о-

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх