Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн үйл ажиллагаатай холбогдох гадаад орны туршлага


2012/10/16  4291   0


Монгол Улс Эрүүгийн хуульдаа албан тушаалын гэмт хэргийг томьёолон тусгаж ирсэн ч гэмт хэргийн бус шинжтэй хууль зөрчсөн үйлдэл, түүнд хүлээлгэх хариуцлага, албан тушаалтны хөрөнгө орлогыг мэдүүлэг гаргах асуудлыг “Авлигын эсрэг хууль”-иар 2006 онд анх хуульчлан тогтоосноор АТГ-ын үйл ажиллагааны эрх зүйн орчин тавигдаж, хөрөнгө, орлогын мэдүүлэг болон авлигын шинжтэй үйлдлийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шалгах болсон.

Монгол Улсын хувьд авлигатай тэмцэх үйл ажиллагааны эрх зүйн орчин харьцангуй хожуу бий болсонтой холбоотойгоор гадаад улс орнуудын адил төстэй байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжоос туршлага судлан практикт нэвтрүүлж байна.

Ихэнх улс оронд авлигын эсрэг ил тод байдлын гол арга хэрэгсэл нь албан тушаалтны хөрнгө орлогын мэдүүлгийг нээлттэй байлгах явдал бөгөөд хөрөнгө орлогыг нийтэд ил тод зарлан төрийн хэвлэл мэдээлэл болон вэб хуудаст байршуулдаг байна. Жишээ нь Хорват болон Канад нь хууль тогтоомжоороо олон нийтэд хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд ил тод зарладаг. Эстони улсын хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх хороонд хүргүүлэх бөгөөд тэдгээрийг State Gazette (Төрийн сонин)-д болон интернэтэд тавьдаг байна. Литва улсын Улсын болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулиар хөрөнгө, орлогын мэдүүлгийг төрийн албан ёсны хэвлэлд нийтэлнэ.

Эдгээр албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг ч бас нийтэд нээлттэй байдаг.

Олон улсын практикт албан тушаалын гэмт хэрэг, авлигын анхдагч суурь нөхцөл нь хувийн сонирхол гэж үздэг бөгөөд албан тушаалтан өөрийн хувийн сонирхлыг албаны эрх ашгаас дээгүүр тавьснаар авлигын үндэс суурь бий болдог.

Энэхүү ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” 2012 батлагдсан нь “Авлигын эсрэг хууль”-аар тогтоосон Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүргийг илүү өргөн цар хүрээтэйгээр тодорхойлсон алхам боллоо.

Авлига, сонирхлын зөрчилтэй нөхцөл байдлыг илрүүлэх, түүнтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэх субъект болон зохицуулалтын механизм нь улс орны онцлогоос хамааран харилцан адилгүй байдаг.

Ардчилал төлөвшин тогтож, төрийн албаны нээлттэй ил тод байдлыг бий болгож чадсан хөгжингүй орнуудад сонирхлын зөрчлийг төрийн албаны тухай хууль болон салбарын хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээндээ тусган, авлига, хээл хахуулийн гэмт хэргийг Эрүүгийн болон холбогдох тусгайлсан хуулиар зохицуулдаг байна. Жишээлбэл, Румын, Шинэ Зеланд, Мексик, Австрали, зэрэг орнууд ёс зүйн кодекс, дүрэмдээ тусгасан байна.

Харин социалист системд хамаарч байсан шилжиж буй улс орнуудын хувьд нийгмийн сэтгэлгээ, эрх зүйн тогтолцооны шинэчлэлтэй холбоотойгоор авлига, ашиг сонирхлын зөрчлийг Төрийн албаны хууль, хөдөлмөрийн гэрээгээр бус тусгайлсан хууль батлан гаргаж зохицуулах жишиг тогтсон байна.

Тусгайлсан сонирхлын зөрчлийг зохицуулсан хуулийг Литва, Хорват, Серби, Латви болон Словак зэрэг төв, зүүн Европын орнууд батлан гаргасан бол Казакстан, Эстони улс Авлигын эсрэг хуульд нэгтгэж зохицуулсан.

Тухайлбал, Авлигатай тэмцэж буй бодлого, авлигын түвшнийг бууруулж буй үзүүлэлтээр шилжилтийн улс орнуудыг тэргүүлэгч Латви болон Литва улсууд Сонирхлын зөрчлийн тухай тусгайлсан хууль батлан гаргасан бол Эстони улс сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хоёр бүлэг заалтыг Авлигатай тэмцэх тухай хуульдаа тусгасан байна. Эстони улс нь сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж, үүссэн зөрчлийг шийдвэрлэх үүднээс төрийн албан хаагчийн хөдөлмөр эрхлэлт болон бусад үйл ажиллагаанд тавих хязгаарлалтыг Авилгалтай тэмцэх тухай хуулиндаа маш тодорхой заасан. Үүнд төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц давхар ажил эрхлэх, гишүүнчлэлтэй байх, ажиллаж буй байгууллагынхаа нэрийн өмнөөс гэрээ хэлцэл байгуулах, өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбогдох шийдвэр гаргахыг хориглох зэрэг заалтуудтай ба торгуулийн арга хэмжээ авах, түүнчлэн нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх зэрэг хариуцлагын хэм хэмжээг тусгажээ.

Литва улс ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах зорилго бүхий “Төрийн алба дахь улсын ба хувийн ашиг сонирхлыг зохицуулах” тухай хуулийг 1997 онд баталсан байна. Уг хуульд мөн Эстони улсын нэгэн адил төрийн албан хаагчийн үйл ажиллагааны хориглох, хязгаарлах нөхцөлүүдийг тусгасан байна. Түүнчлэн албан тушаалтан бусдад шууд буюу шууд бусаар нөлөөлөх зорилгоор өөрийн эрх мэдлээ ашиглах, албан үүргээ гүйцэтгэх явцад олж авсан мэдээлээ ашиглах буюу ашиглахыг зөвшөөрөхийг хориглосон, 29,3 евро-оос дээш үнэ бүхий бэлэг буюу нэг жилд нэг эх сурвалжаас гаралтай 147 евро-оос их үнэ бүхий бэлгийг нэг сарын дотор мэдээлэх ба тухайн албан хаагчийн хувийн ашиг сонирхлын мэдэгдэлд хавсаргахаар зохицуулжээ.

Монгол Улсад шинээр батлагдсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-д дээрх улс орнуудын туршлагаас тусган мэдэгдэл, маягтын загварыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос баталсан. Ашиг сонирхлын зөрчил болон зөрчил үүсч болзошгүй байдлаа мэдэгдэх, илэрхийлэх нь нөгөө талаар албан тушаалтныг хууль зөрчсөн үйлдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Уг хуулиар “нийтийн алба”-ны тухай ойлголтыг хуульчлан тогтоосон бөгөөд үүнд төрийн улс төрийн, захиргааны, тусгай алба болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг гүйцэтгэж буй төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтнууд нь нийтийн албан хаагчид хамаарах болсноор нийтийн эрх ашгийг хамгаалах зорилготой болсон.

Сэтгэгдэл бичих


Харилцаа, хамтын ажиллагаа


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх