АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


2018/01/31  1664   0


Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас “Олон нийтийн төв”-дөө АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТ зохион байгуулж эхэллээ.

Сургалтыг бүтэн жилийн туршид цувралаар зохион байгуулах бөгөөд энэ хугацаанд яам, агентлаг, аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд буюу төрийн бүх шатны байгууллагын албан тушаалтнуудыг хамруулахаар ажиллаж байна. Авлигын эсрэг сургалтын анхдугаарт яам, агентлаг, нийслэл, дүүргийн дотоод хяналт, аудитын нэгжийн дарга нар оролцсон бол хоёр дахь өдөр төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчдыг оролцууллаа.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн хэлэхдээ “УИХ-аар баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулахаар тусгасан. Энэ сургалтыг бид удирдах албан тушаалтан, хууль, хүний нөөц, төсөв, санхүү, аудит, худалдан авах ажиллагаа хариуцсан албан хаагч, төрийн албанд шинээр томилогдсон албан хаагч зэргээр ангилан зохион байгуулж байгаа” гэв.

Авлигын эсрэг сургалт нь төрийн албан тушаалтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж болон шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг таниулах, сурталчлахаас гадна төрийн албан хаагчдыг авлигын эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллах зан үйлд сургаж байгаагаараа ач холбогдолтой юм. Сургалтыг Авлигатай тэмцэх газрын албан хаагчдаас гадна Удирдлагын академи, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, зарим төрийн болон төрийн бус байгууллагын зочин багш нар уригдан хичээлийг хөтлөн явуулж байна.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй сургалтын хөтөлбөрт заагдсан шаардлагын дагуу албан хаагчдаа идэвхтэй оролцуулахыг нийт төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудаас Авлигатай тэмцэх газар хүсч байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх