2018 оны 1 дүгээр сард хийсэн ажлын талаар мэдээлэв


2018/01/25  633   0


Авлигатай тэмцэх газраас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хуралд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2018 оны 1 дүгээр сард хийж гүйцэтгэсэн ажил, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх бодлогын чанартай үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

Мэдээллийг товчоор танилцуулъя.

  • Авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчил, төрийн үйлчилгээний хүнд суртал, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээлэл хүлээн авах 1800-1969 дугаарын утсаар өнгөрсөн 1 сарын хугацаанд 219 дуудлага хүлээн авсан. Дийлэнх нь тодруулга хүссэн, эрх зүйн болон арга зүйн зөвлөгөө туслалцаа хүссэн дуудлага байдаг. Утсаар ирүүлсэн гомдлуудыг агуулга, харьяаллын нь дагуу АТГ-ын хэлтэс, албад шалгаж, хариу өгч шийдвэрлэн ажиллаж байна.
  • МШХ өнгөрсөн сарын хугацаанд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээлэл шалгасан. Эдгээрээс 32-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, шийдвэрлэлт нь 83,7 хувьтай байна. Харин албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 51 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн. Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын мөрөөр албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж, зөрчил гаргасан 6 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан, мөн хууль бус төлбөр хураамж тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох зэргээр зөрчлийг арилгуулсан байна.
  • АТГ нэвтрүүлгийн цагтай болов. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг таниулах, сурталчлах, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, хянан шийдвэрлэсэн гомдол, мэдээллүүд, шалгаж шүүхээр шийдэгдсэн эрүүгийн хэргүүд, төрийн албан хаагчдын гаргасан зөрчил, авсан арга хэмжээ, хариуцлага тооцуулсан байдал зэрэг сэдвүүдээр долоо хоног бүрийн даваа гарагийн 19.30 цагт МҮОНТ-ээр “Авлигатай тэмцэх газрын мэдээлэл” тусгай нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэж эхэлсэн. Энэ нэвтрүүлгийг бүтэн жилийн туршид тогтмол цуврал байдлаар бэлтгэн хүргэж байх юм.   
  • Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх чиглэлээр сургалт хийв. Улсын хэмжээнд нийт төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх ажил хийгдэж байгаа. Энэ ажил 2 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Төрийн бүх шатны байгууллагад төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэж авах эрх бүхий албан тушаалтнуудад АТГ сургалт хийж, цахим систем, баталгааны маягтын талаар арга зүй өгсөн. Эрх бүхий албан тушаалтнууд байгууллага, салбарынхаа хэмжээнд бусад албан хаагчдынхаа мэдүүлгийг бүртгэж авах талаар бүрэн хэмжээний ойлголт, мэдлэг авсан. Одоо төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд үнэн зөв мэдүүлэхэд техникийн болон зохион байгуулалтын ямар нэгэн саад бэрхшээл байхгүй.
  • Хөрөнгө, орлогын мэдүүлгийн явцын мэдээ. https://meduuleg.iaac.mn цахим системд өнөөдрийн байдлаар нийт 10200 орчим мэдүүлэг гаргагч мэдүүлгээ мэдүүлж, баталгаажуулсан бөгөөд улсын хэмжээнд явц байдал 29.2 хувьтай байна. 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн хугацаандаа хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ амжиж бүртгүүлээрэй гэж төрийн албан хаагчдад уриалж сануулмаар байна.
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1117 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн. Өнгөрсөн сарын хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, орон нутгаас Хэнтий, Завхан аймгаас ирүүлсэн урьдчилсан мэдүүлэг бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, сая нэр дурдсан байгууллагад боловсон хүчний томилгоо, шилжилт хөдөлгөөн хамгийн олон хийгдсэн гэсэн үг. Хянан шийдвэрлэсэн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг өмнөх сарын мөн үеийнхтэй харьцуулахад 490 буюу 44 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тэгэхээр 2017 оны эцэстэй харьцуулбал 2018 он гарсаар төрийн албанд халаа сэлгээ, боловсон хүчний томилгоо, шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн гэж ойлгож болно.
  • АТГ-ын Хяналт шалгалтын албанаас хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн, Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга, хэлтсийн дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, мэргэжилтэн нарын нийт 6 албан тушаалтанд хуульд заасны дагуу сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаад байна.
  • Хуульд заасан харьяаллын 254 холбогдогчтой 219 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргээс 14-ийг шүүхэд шилжүүлэх саналтай, 14-ийг нь хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 189 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгасан хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 138-аар буюу 2,6 дахин, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 8.3 хувиар, одоо шалгагдаж байгаа хэргийн тоо 3,7 дахин өсчээ. Эндээс харахад АТГ-ын мөрдөн шалгах ажлын ачаалал 3.7-8.3 дахин нэмэгдсэн байна.
  • АТГ 2018 он гарсаар эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн. Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурь нарт холбогдох хэрэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан А.Цолмон нарт холбогдох хэрэг, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Э.Пүрэвжавт холбогдох хэрэг, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, хурандаа Б.Батсайханд холбогдох хэрэг, Баянгол дүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин, Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж нарт холбогдох хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай харьяа прокурорын байгууллагад шилжүүлээд байна.
  • Эдгээр хэргүүд нь байгалийн ховор ургамал экспортлох зөвшөөрөл олгохын тулд бусдаас 65 сая төгрөгийн хээл хахууль авсан, хууль бус захирамжаар газар олгосны улмаас улсад 49 сая төгрөгийн хохирол учруулсан, төрсөн эгчийнхээ аж ахуйн нэгжтэй өндөр үнэтэй түрээсийн гэрээ байгуулж давуу байдал бий болгосон, эхнэрийнхээ эзэмшлийн амралтын газарт засвар хийлгэснээс 109 сая төгрөгийн хохирол учруулсан, шалгалтаар очсон мэргэжлийн хяналтын байцаагчид хахууль өгсөн зэрэг үйлдэл, холбогдолтой эрүүгийн хэргүүд байна.   

Т.Баярхүү: Хясан боогдуулсны улмаас хахууль өгсөн хэргээ илчлэн ирсэн бол ялаас чөлөөлнө

  • Нэг. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 22 дугаар бүлгийн 22.5-д “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэсэн заалт орсон. Авлигатай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа хэргүүд дээр тухайлбал, Мэргэжлийн хяналт, Автотээврийн үндэсний төв, гаалийн байцаагч нарт холбогдох гэх мэт хэргүүд дээр албан тушаалтнууд өөрийн албаны эрх хэмжээгээ ашиглан иргэн, аж ахуйн нэгжийг хясан боогдуулсан үйлдлүүд тогтоогдож байна. Жишээ нь: Түргэн муудах шинж чанартай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд экспортолж, импортолдог аж ахуйн нэгжүүдэд хясан боогдуулах дарамт ихээр тулгардаг. Олон тонн мах, жимс гэх мэт бараа бүтээгдэхүүн бэлтгэж хилээр оруулж, гаргах гээд зөвшөөрөл хүсдэг. Гэтэл албан тушаалтнууд зөвшөөрлийг нь олгохгүй удаах, элдэв бичиг баримт нэхэх зэргээр зохиомол дараалал, хүнд суртал үүсгэж байна. Тухайн бараа бүтээгдэхүүний чанарыг муутгахгүйн тулд их хэмжээний түрээсийн төлбөр төлж хадгалуулах шаардлага үүсдэг, эсвэл тухайн бараа бүтээгдэхүүнээ муутгаж алдагдал хүлээхээс өөр сонголтгүй болдог. Энэ мэт дунд шатны албан тушаалтнуудын хясан боогдуулсан, хахууль нэхсэн үйлдлүүдийн талаарх мэдээллийг сайн дураараа илчлэн ирвэл 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хойш эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалт бий болсон.

  • Хоёр. Нийт төрийн байгууллагуудын 2018 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө батлагдаж, тендер зарлах, үнэлгээний хороо байгуулах ажлууд хийгдэж эхэлсэн. Хуучин эрүүгийн хуульд заасан албан тушаалаа урвуулах, хэтрүүлэх гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу багаар бодоход 9-10 сая төгрөгийн бодит хохирол учруулж байж гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангадаг байсан. Энэ хуулийн зохицуулалтаар албан тушаалтны хууль зөрчсөн үйлдэл нь тогтоогдсон ч учирсан бодит хохирлыг тооцоход хүндрэл учирдаг байсан. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулиар албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулж өөртөө болон бусдад давуу байдал олгосон бол хохирол шаардахгүйгээр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангана гэсэн үг. Өөрөөр хэлбэл тендерийн үнэлгээний хороо эсвэл хэн нэгэн албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээд, найз нөхөд, ашиг сонирхол нэгтэй хүмүүст шалгарах ёсгүй тендер олгосон, олгоход шийдвэр гаргахад нь нөлөөлсөн үйлдлүүдийг гэмт хэрэг төгс үйлдэгдсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгах зохицуулалттай болсон. Тиймээс аливаа тендер сонгон шалгаруулалтад орж байгаа иргэн аж ахуйн нэгж, нөгөө талаас захиалагч буюу төрийн байгууллага, албан тушаалтнууд худалдан авалтыг хууль, журмын дагуу зохион байгуулахад анхаарч ажиллана гэж найдаж байна.
  • Гурав. Авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт явагдаж байна. Хуульд заасны дагуу мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалтнууд 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд 2017 оны хөрөнгө, орлогоо мэдүүлэх ёстой. Хугацаа ойртох тусам ачаалал ихсдэг учир хугацаа байгаа дээр мэдүүлгээ гаргаарай гэдгийг мэдэгдье. Авлигатай тэмцэх газар 2016 онд холбогдох эрх зүйн акт болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн программд шинэчлэлт хийсэн. Үүний үр дүнд нэг төрийн албан хаагчаас хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг буюу 760 мянга орчим хуудас цаас авч, гарын үсэг зуруулан хадгалдаг байсныг өөрчилж, өнгөрсөн оноос эхлэн баталгааны маягт ашиглаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл цахим системд төдний өдөр мэдүүлсэн миний хөрөнгө орлогын мэдүүлэг үнэн зөв гэдгээ баталгаажуулж 1 ширхэг хуудас цаас ашиглана. Ингэснээр улсын хэмжээнд нийт мэдүүлэг гаргагч 39 мянга гаруй хүнээр тооцож үзэхэд 13-15 хуудас буюу 90 гаруй сая төгрөгийн цаас, тэр хэрээр цаг хугацаа хэмнэж, ачааллыг багасгасан байна.
  • Дөрөв. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасны дагуу Авлигатай тэмцэх газар төрийн бусад байгууллагуудтай Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, түүний хэрэгжилттэй холбоотой асуудлаар цахим шуудангаар дамжуулан харилцаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагууд хөтөлбөрийн дагуу тухайн байгууллага дээр авч хэрэгжүүлсэн ажлын тайлангаа жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор Авлигатай тэмцэх газрын дэргэдэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд ирүүлэх үүрэгтэй. Эдгээр тайлан, холбогдох мэдээ материалаа Авлигатай тэмцэх газарт цахим шуудангаар ирүүлнэ гэсэн үг юм.


Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх