Туркийн авлигатай тэмцэх байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцов


2018/01/12  588   0


Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Яазалтай өнөөдөр уулзаж, авлигатай тэмцэх чиглэлээрх хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Хусейн Сакмак нар оролцов.

Уулзалтын эхэнд Х.Энхжаргал “Авлигатай тэмцэх газар байгуулагдаад 10 дахь жилдээ ажиллаж байна. Авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигын гэмт хэрэг гүйцэтгэх ажиллагаа явуулж, түүнийг илрүүлэх, мөрдөн шалгах, хуульд заасан албан тушаалтнуудаас хөрөнгө орлогын мэдүүлэг авах, шалгах зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Австри Улсын Вена хотод төвтэй Авлигын эсрэг олон улсын академи, БНХАУ-ын Ерөнхий прокурорын дээд газар, Авлигаас урьдчилан сэргийлэх товчоо, БНСУ-ын Авлигын эсрэг, Иргэний эрхийн хороо, Тайланд Улсын Авлигын эсрэг үндэсний хороо зэрэг байгууллагуудтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан сайн туршлага, харилцан ашигтай мэдээлэл солилцох, албан хаагчдынхаа чадавхийг дээшлүүлэх сургалт зохион байгуулах зэргээр идэвхтэй хамтран ажиллаж байна” гэв.

Элчин сайд Ахмет Яазал “Хоёр орон түүхэн холбоотой, тухайлбал, түүх, өв соёл, урлаг, хэл зэрэг биднийг холбодог олон зүйл байдаг. Турк Улсын хувьд бусад орны адил авлига, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хүчин чармайлт гарган, ажиллаж бөгөөд тус улсын Монсака хэмээх байгууллага уг ажлыг хариуцдаг” талаар танилцуулав. Тэрээр хоёр улсын авлигатай тэмцэх байгууллагыг холбож, цаашид айлчлал, сургалт зохион байгуулах замаар харилцан туршлага солилцох боломжтойг дурдав. Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал уг саналыг талархан дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд хоёр тал авлигатай тэмцэх чиглэлээр сургалт зохион байгуулж, харилцан туршлага солилцож хамтран ажиллахаар тохиролцов.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх