2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлэг: Путин ямар хэмжээний цалин авдаг болон хамгийн баян албан тушаалтан хэн бэ?


2021/05/14  781   0


Кремль, Засгийн газрын албан тушаалтнууд өнгөрсөн жилийн хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлэв. Хэн хамгийн их цалин авдаг вэ?

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины өнгөрсөн оны орлого 9.99 сая рубль байсан бөгөөд энэ нь 2019 онд мэдүүлж байсан 9.72 сая рублиэс 270 орчим мянган рублиэр илүү байна. Мэдүүлэг дэх түүний өмчлөлд бүртгэлтэй хөрөнгийн хэмжээ өнгөрөгч нэг жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй, 77м.кв талбай бүхий байр, 18м.кв гараж болон ГАЗ М21, “Нива” төрлийн тээврийн хэрэгсэлтэй байна.

Засгийн газар

Путинтай харьцуулахад тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустины орлого 19.8 сая рубль байгаа нь 2019 онд мэдүүлж байсан 18.2 сая рублиэс 1.6 сая рублиэр нэмэгдсэн байна. 

Мэдүүлэг дэх түүний хөрөнгийн хэмжээ өмнөх оныхтой мөн адил ашиглах эрх бүхий 5500 м.кв хэмжээтэй газар, 861 м.кв, 141 м.кв талбайтай орон сууцтай байна. Мэдүүлэгтээ гэр бүлийн гишүүд болох эхнэр, хүүгийн хөрөнгө, орлогыг мэдүүлсэн бөгөөд Ерөнхий сайдын эхнэрийн өнгөрсөн оны орлого 63.9 сая рублв байна.

Засгийн газрын бүрэлдэхүүн дэх хамгийн өндөр орлоготой албан тушаалтнаар Үйлдвэр, худалдааны сайд Дэнис Мантуров нэрлэгджээ. 2020 оны мэдүүлэгт түүний орлого 740.4 сая рубль байгаа нь өмнөх оноос 145 сая рублиэр нэмэгджээ. Гэр бүлийн хүний орлого мөн нэмэгдэж 9.1 сая байснаас 13.6 сая рубль болж өсчээ. Орлогын нийт хэмжээ нь өмнөх оноос 595.2 сая рублиэс 754 сая рубль болж өссөн байна.

Тэрээр өмнөх мэдүүлгийн тээврийн хэрэгсэл хэсэгт Land Rover, Lada Vesta, “Москвич 408” загварын 3 тээврийн хэрэгсэл мэдүүлж байсан бол өнгөрсөн оны мэдүүлэгтээ Lada Vesta-гаас гадна шинэ Tesla Model X загварын автомашинаа бүртгүүлжээ. “Москвич 408” загварын тээврийн хэрэгслээ төрөл садангийн хүндээ шилжүүлсэн талаар Үйлдвэр, худалдааны яамны “Интерфакс” эх сурвалжаас мэдээлсэн байна. Сайд машины хэрэгцээгээ үндэсний үйлдвэрийн Aurus загварын албаны машинаараа хангадаг талаар яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ. Мантуровын үл хөдлөх хөрөнгийн жагсаалтад 4 газар, орон сууц, зочин хүлээн авах байр,  автомашины 4 гараж орсон байна. Тэрээр хөрөнгө, орлогынхоо талаар “Надад нуух зүйл байхгүй” гэж мэдээлсэн байна.

Засгийн газрын бүрэлдэхүүнээс хөрөнгө, орлогын хэмжээгээрээ 2 дугаарт Зам тээврийн сайд Виталий Савельев бичигдсэн бөгөөд тэрээр 2020 оны 11 дүгээр сард уг албан тушаалд томилогдсон байна.

Нислэгийн “Аэрофлот” компанийн тэргүүнээр ажиллаж байсан тэрээр мэдүүлэгтээ өөрийн орлого 359.4 сая рубль, 6 газар, 5 хувийн байшин, 3 орон сууц, бусад барилга байгууламж болон BMW, Bentley загварын тээврийн хэрэгсэл мэдүүлжээ. Савельевийн эхнэрийн орлого 35.6 сая рубль бөгөөд түүний эзэмшилд 3 газар, 2 хувийн байшин, 4 орон сууц, 2 гараж, Mercedes Benz загварын 2 машин багтаж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газар

Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамгийн их орлоготой албан тушаалтнаар ерөнхийлөгчийн туслах Игорь Левитин тодорсон бөгөөд түүний орлого 43 сая рубль байгаа нь өмнөх оноос 17.6 сая рублиэр их байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүний орлогоор 1 дүгээрт Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Дмитрий Песков бичигджээ. Тэрээр мэдүүлэгтээ өөрийн болон эхнэр олимпын аварга Татьяана Навкагийн нийт орлогыг 225.4 сая рубль гэж мэдүүлсэн бөгөөд үүнээс эхнэр Татьяанагийн орлого 212.8 сая рубль байгаа нь нөхрөөсөө 17 дахин их орлоготой байна.

ОХУ-ын Ерөнхий сайд асан, Аюлгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведевийн орлого өнгөрсөн оны эхээр Засгийн газар огцрох үеэр 7 сая рублиэр нэмэгдсэн байна. Тэрээр 2020 оны зун орлогоо 11 сая рубль гэж мэдүүлж байсан бол одоо 18.1 сая болж өсчээ.

Холбооны зөвлөл

Холбооны зөвлөлийн спикер Валентин Матвиенко мэдүүлэгтээ 17.4 сая рублийн орлогоо мэдүүлсэн нь өмнөх оныхоос 700 мянган рублиэр илүү байна. Түүний хөрөнгө нь өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй бөгөөд зуслангийн газар, байшин, автомашины зогсоол, 3 барилга байгууламж, 1 дуусаагүй барилга бүхий орон сууцтай байна.

Холбооны зөвлөлийн гишүүдээс хамгийн өндөр орлоготой гишүүнээр Камчатк мужаас сонгогдсон сенатор Валерий Пономарев байсан бөгөөд түүний орлого 2.7 тэрбум рубль байснаас 4.18 тэрбум рубль болж өссөн байна. Харин Пономаревын эхнэрийн орлого 31.9 саяаас 25.3 сая рубль болж буурчээ.

ОХУ-ын Төрийн Дум

ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин 2020 оны ХОМ-тээ орлогоо 84 сая рубль гэж мэдүүлсэн бөгөөд өмнөх онд түүний орлого 100.3 сая рубль байжээ.

Гишүүдээс хамгийн өндөр орлоготой гишүүнээр 2.7 тэрбум рублийн орлогоо мэдүүлсэн Нэгдсэн Орос Намын гишүүн Григорий Аникеев тодорчээ. Түүний үл хөдлөх хөрөнгийн жагсаалтад 588 м.кв талбай бүхий орон сууцны хороолол барих газар, 159 квадрат метр талбай бүхий авто зам, инженерийн шугам сүлжээ барих газар, мөн 200 болон 357.6 м.кв хэмжээтэй 2 орон сууц багтсан байна. Түүнчлэн гишүүнд хамаарах тээврийн хэрэгслүүдэд тухайлбал AS 350 B3 нисдэг тэрэг, Hagglunds BV 206 хуурай замын тээвэрлэгч, эмнэлгийн үйлчилгээний AMS-49415N загварын 2 автомашин байна.

Төрийн Думын тэрбумтан 2 гишүүний орлого өмнөх оныхоос нэмэгдсэн байна.

Гишүүн Леонид Симановскийн мэдүүлэг дэх орлого 1.6 тэрбум рубль байгаа нь өмнөх оноос 427 сая рублиэр өсчээ. Харин түүний хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөөгүй бөгөөд 2 газар, 2 орон сууц, зочид буудал болон бусад барилга байгууламжтай мөн Mercedes Benz загварын 2 машин, жижиг 2 усан онгоцтой байна. Форбес сэтгүүлд дэлхийн хамгийн баян хүмүүсийн рейтинг жагсаалтыг гаргахдаа Симановскийн хөрөнгийг 1.6 тэрбум ам.доллараар үнэлжээ /2021.03.05-ны өдрийн байдлаар/.

Харин гишүүн Андрей Скочийн жилийн орлого 40 хувиар өсч, 305.6 саяас 427.4 сая рубль болсон байна. Тэрээр тус бүр 2 газар, хувийн байшин, орон сууцтай байна. Форбес сэтгүүлд Скоч болон түүний гэр бүлийн хөрөнгийг 8.6 тэрбум ам.доллараар үнэлжээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх