Орлого багатай орнуудад авлига их гарч байгаа нь “хүн төрөлхтөнд гамшиг учруулсаар байна”


2009/10/04  8718   0


 
.: Бизнесийн компаниудын дуулиант хэргүүдийг багасгахын тулд хөгжингүй орнууд хар данс хөтөлж эхэллээ :.
      

Берлин, 2008 оны 9 дүгээр сарын 23 –Сомали, Ирак зэрэг авлигын түвшин хамгийн өндөр байгаа орнуудын жишээнээс харахад ядуурал нь хээл хахууль, бэлэг үйлчилгээ хэтрүүлэн авах гэмт хэрэг болон зохих ёсоор ажиллаж чадахгүй байгаа төрийн байгууллагын үйл ажиллагаатай шууд хамааралтай болохыг энэ өдөр толилуулж буй Транспэрэнси Интернэшнлийн (ТИ) Авлигын түвшин тогтоох индекс 2008 (АТТИ) харуулж байна. Мөн зарим чинээлэг хөгжингүй оронд хяналтын механизмын хүчин чадал эрс суларсан болохыг 2008 оны АТТИ-д дурьджээ.

“Ядуу буурай орнуудад эмнэлгийн үйлчилгээ авах болон цэвэр усны төлөө хууль бусаар мөнгө төлөх явдал газар авч, авлига нь үхэл амьдралын хоорондох ялгааг улам ихэсгэж байна” гэж ТИ-ийн тэргүүн, хатагтай Хюгетт Лабелль онцлон тэмдэглэжээ. “Олон оронд нүүрлээд байгаа ядуурал, авлигын түвшин өндөр байгаа зэрэг нь хүн төрөлхтөнд гамшиг учруулсаар байгаа бөгөөд үүнийг цаашид тэвчих аргагүй болжээ. Түүнчлэн байдал арай дээр гэгдэх орны хувьд авлигатай тэмцэх талаар өмнөхөөсөө илүү нарийн арга барилаар хандах шаардлагатай болж байна.”

2008 оны үр дүн
ТИ-ийн АТТИ-ийн судалгаанд хамрагдсан тухайн орны төрийн албан дахь авлигын түвшинг бизнесийн хэд хэдэн судалгаа болон нарийн мэргэжилтнүүдийн дүгнэлтэнд тулгуурлан, тэдгээрийн үр дүнг нэгтгэсний үндсэн дээр гаргадаг юм. АТТИ нь2008 онд, 2007 оныхтой адил, нийт 180 орны авлигын түвшинг тогтоосон бөгөөд судалгаанд хамрагдсан улс орнуудад 0-10 хүртэл оноо ногдуулж байр эзлүүлсэн байгаа. “0” нь авлигын мэдрэгдэх түвшин дээгүүр байна гэсэн үзүүлэлт бол, “10” нь авлигын мэдрэгдэх түвшин дор байгааг харуулна.

Авлигын мэдрэгдэх түвшний жагсаалтыг Дани, Шинэ Зеланд, Швед зэрэг улсууд 9.3, Сингапур 9.2 оноогоор тус тус тэргүүлж байхад, Ирак, Мианмар улсууд 1.3, Гаити улс 1.4, Сомали улс 1.0 гэсэн үзүүлэлтээр хамгийн сүүлд оржээ.

Хэдийгээр энэ оны АТТИ-г өмнөх оныхтой харьцуулахад дээрх үзүүлэлтүүд огцом өөрчлөгдөөгүй мэт харагдах боловч бодит байдал дээр зарим оронд багагүй өөрчлөлт гарсан байна. Тухайлбал 2007 оны болон 2008 оны судалгаанаас харахад Болгар, Бурунди, Малдив, Норвеги, Их Британи улсын хувьд үзүүлэлт буурсан байна.

Үүнтэй адилаар, өнгөрсөн жилийн хувьд Албани, Кипр, Гүрж, Мауришус, Нигери, Оман, Катар, Өмнөд Солонгос, Тонга болон Турк улсуудын хувьд тодорхой ахиц гарсан байна.

Хяналт ба хариуцлагатай байдлыг эрчимжүүлэх нь
Орлого их ба бага орнуудад авлигатай тэмцэхийн тулд олон нийтийн болон төрийн байгуулагын үр дүн бүхий үйл ажиллагаа, хүчин чармайлт их чухал байдаг. Ядуу буурай орнуудад ихэнхдээ шүүхийн тогтолцоо нь авлигад идэгдсэн, парламентын хяналт үр нөлөөгөө алдсан байдаг. Нөгөө талаар, чинээлэг орнуудын хувьд гадаад оронд хээл хахууль үйлдэж буй өөрийн хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд хүрч үйлчлэх эрх зүйн зохицуулалт хангалтгүй байхын зэрэгцээ санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага болон гэрээ хэлцэлд тавих хяналт сул байдаг.

Хатагтай Лабеллийн хэлснээр “Авлигыг таслан зогсоох ажиллагаанд хууль тогтоогч болон хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын оролцоо, бие даасан-хараат бус хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэний нийгмийн байнгын хяналт хэрэгтэй” бөгөөд “Хэрэв эдгээр байгууллагуудын хүчин чармайлт сул бол авлига хяналтаас гарч, улмаар жирийн иргэдийн амьдралд маш хүндээр тусч, нийгмийн шударга ёс болон тэгш байдалд илүү их хор хөнөөл учруулна.”

Дэлхий нийтээрээ ядууралтай тэмцье
Бага орлоготой орнуудад авлига өргөн тархаж байгаа нь ядууралтай хийх дэлхий нийтийн тэмцлийн хүчийг сулруулж, улмаар Мянганы хөгжлийн зорилт (МХЗ)-ыг амжилттай хэрэгжүүлэх ажлын цар хүрээг гажихад хүргэж байна. ТИ-ийн 2008 оны Дэлхий нийтийн авлигын тайлан-д зааснаар ус ба ариун цэврийн хангамжийг сайжруулах ажилд зарцуулах МХЗ-ын санхүүжилтийн бараг тэн хагас буюу 50 тэрбум ам доллар (35 тэрбум евро)-тай тэнцэх хэмжээний нэмэлт зардлыг авлигатай тэмцэхэд нэмж зарцуулах тооцоо гарчээ.

Орлого багатай орны хүн амын эмзэг хэсгийн сайн сайхны төлөө зориулах хүчин чармайлтыг одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай төдийгүй олон улсын хандивлагчдын хамтын ажиллагааг илүү нарийн зохион байгуулахыг уриалж, нөгөө талаас хандив хүлээн авагч орнуудын засаглалын байгууллагууд тэдгээрийн тавьж буй хяналтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд анхаарах хэрэгтэй байгаа ба албан тушаалтнаас эрх мэдлээ урвуулах, хээл хахууль өгч авах замыг хаахад тусламж дэмжлэг үзүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.

Энэ бол 9-р сарын 25-ны өдөр хуралдах, МХЗ-ыг хэрэгжүүлэх ажлын явцыг хэлэлцэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн бүх гишүүн орнууд болон Катар Улсын Доха хотод зохиогдох Хөгжлийн төлөөх санхүүжилт сэдэвт чуулга уулзалтанд оролцох гишүүн орнуудад дахин сайн бодож үзэж тодорхой үүрэг хүлээгээсэй хэмээн ТИ-ээс илгээж буй гол илгээлт юм.

ТИ-ийн Авлигын түвшин тогтоох индексийг боловсруулахад гар бие оролцож буй Пассау-гийн Их сургуулийн Проф. Ёохан Граф Ламбсдорф авлигын хор хөнөөл, түүнтэй тэмцэх ажлын үр дүнг дүгнэн хэлэхдээ: “АТТИ дахь нэг онооны өөрчлөлт буюу нааштай үзүүлэлт нь тухайн орны дотоодын нийт бүтээгдэхүүнийг 0.5 хувиар, дундаж орлогыг 4 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ач холбогдолтой байдаг” гэжээ.

Бизнесийн байгууллагын үйлдэж буй хээл хахууль ба хоёрдмол стандарт
Зарим хөгжингүй экспортлогч орнуудын хувьд авлигын нөхцөл байдал улам бүр муудаж байгаа бөгөөд тухайлбал 2008 оны АТТИ-д харуулснаар,Европын зарим орнуудад, гадаадад явуулж буй бизнесийн үйл ажиллагаанд хяналт тавих төрийн оролцоо, улс төр дахь санхүү, мөнгөний асуудлыг хангалттай хэмжээнд зохицуулж чадахгүй байна. Гадаад оронд үйлдэж буй хээл хахуулийн талаарх дуулиант хэргүүд нь дэлхийн хамгийн баян орнуудын хувьд ч авлигатай тэмцэх талаар хамтран хэрэгжүүлэх үүрэг, амлалтаасаа хэрхэн ухарч байгааг харуулж буй жишээ юм.

“Хоёрдмол энэхүү стандартыг цаашид хүлээн зөвшөөрөх боломжгүй, учир нь тухайн улс орнууд ингэснээрээ олон улсын эрх зүйн хэм хэмжээ, стандартыг харгалзан үзэхгүй байгаа юм” гэж хатагтай Лабелль онцлон тэмдэглэжээ. “Чинээлэг улс орнууд өөрсдөө энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа явдал нь эрх зүйт төр болон олон нийтийн итгэл үнэмшлийг сүйтгэхээс гадна орлого багатай орнуудад нүүрлээд байгаа авлигатай тэмцэх ажилд илүү их туслалцаа үзүүлэхийг уриалахад сөргөөр нөлөөлж байна.” ЭЗХХА-ны байгууллагын Хээл хахуулийн эсрэг конвенци нь 1999 оноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд тус конвенцид зааснаар ЭЗХХА-ны гишүүн орнуудын харъяа компаниуд аль нэг гадаад оронд хээл хахуулийн хэрэг үйлдвэл тэдгээрийн эрх баригчдад нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан боловч бодит байдал дээр энэ заалт огт хэрэгжихгүй байгаа юм.

Зохицуулалт бол тэмцлийн зөвхөн хагас нь юм. Хөгжиж буй болон өндөр хөгжилтэй орнуудын том, жижиг бизнесийн байгууллагууд нь авлигын эсрэг үйлст бодитой ахиц гаргахын төлөө итгэл үнэмшилтэйгээр ажиллах хэрэгтэй байна.

Авлигатай хийх тэмцэл нь нийгмийн цогц үйл ажиллагаа юм
Дэлхий дахинд хяналтын хүчтэй байгууллага, хууль эрх зүйн хатуу чанд зохицуулалт, соргог шинэлэг зохицуулалт байх тохиолдолд авлигыг бага түвшинд байлгаж, нийгмийн бүх гишүүдийн нэгдмэл зорилго бүхий оролцоог хангах, хөгжлийн үр дүнг нэмэгдүүлэх, нийгмийн эмзэг бүлэгт сайн сайхан амьдрах бололцоог олгож чадна.

.: Транспэрэнси Интернэшнл нь дэлхий нийтийн авлигын эсрэг хөдөлгөөнийг тэргүүлэгч, иргэний нийгмийн байгууллага юм :.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх