"14 саяын хадгаламжаа 14 тэрбум гэж бичиж алдаа гаргаж байна"


2020/02/19  486   2


Авлигатай тэмцэх газрын /АТГ/ Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар тодрууллаа.

-Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгөө мэдүүлж, АТГ-т хүргүүлж баталгаажуулах үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар хэчнээн албан тушаалтан хөрөнгөө мэдүүлээд байна вэ?

-Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн орлого хөрөнгийн байдлыг мэдүүлэх үүрэгтэй. Хуульд заасны дагуу төрийн байгууллагууд хоёрдугаар сарын 15-наас хойш 14 хоногийн дотор АТГ тайлан мэдээгээ албауулж ирүүлэх ёстой.

Бид цахим системээс урьдчилсан дүн мэдээг гаргаад байна. Энэ жилийн хувьд хуулийн үйлчлэлд хамрагдах 41686 албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргахаас 41685 нь мэдүүлсэн. Нэг мэдүүлгээ гаргагч мэдүүлгээ бүртгүүлээгүй.

АТГ-т төрийн өндөр албан тушаалтан, Засгийн газраас томилогддог 290 албан тушаалтан мэдүүлгээ шууд гаргаж бүртгүүлэхээс энэ сарын 15-нд буюу хуулийн хугацаанд 283 албан тушаалтан мэдүүлсэн. Долоон албан тушаалд томилгоо хийгдээгүй сул орон тоотой байсан. Ингээд АТГ-т мэдүүлэг гаргах албан тушаалтнууд зуун хувь мэдүүлж дууссан.

-Хуулийн хугацаанд хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох билээ?

-Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаагүй албан тушаалтан нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат юм. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нийт 19 шүүгчийн бүрэн эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн. Үүнээс долоог нь буцаан сэргээж, 12 шүүгчийн бүрэн эрх түдгэлзсэн байгаа. Түдгэлзсэн шүүгч нар бүгд хуулийн үйлчлэлд хамрагдаж мэдүүлгээ гаргаж өгөх үүрэгтэй. Яагаад гэвэл нийтийн албанаас чөлөөлөөгүй, ямар нэгэн гэм буруутай гэсэн эцсийн шийдвэр гараагүй түр хугацаагаар албан тушаалаас нь түдгэлзүүлсэн тул мэдүүлгээ өгөх ёстой байдаг.

АТГ-аас хуулийн хугацаанд бүртгүүлээгүй албан тушаалтанд Авлигын эсрэг хуульд заасны дагуу холбогдох хариуцлага тооцно. Хуульд зааснаар нийтийн албанаас халах хүртэл арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай.

-Нэгдсэн дүн мэдээг хэзээ олон нийтэд ил болгох вэ?

-Бид хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгэж аваад гуравдугаар сарын 1-нд нэгдсэн дүн мэдээг олон нийтэд танилцуулж, дараа нь хоёрдугаар улиралдаа багтаан нийт мэдүүлэг гаргагчдын бүртгүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-ын цахим сайтад байршуулна. Хуульд заасны дагуу иргэдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд энэ жил мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн албан тушаалтны мэдүүлэг үнэн зөв юм уу, хууль ёсны дагуу орлого хөрөнгийг бий болгосон юм уу гэдгийг нягтлан шалгадаг ажил урьдын адил хийгдэнэ.

-Энэ жилийн тухайд УИХ-ын ээлжит сонгууль болно. Сонгуульд нэр дэвшигчид ирэх зургадугаар сард нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авна гэж яригдаж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ бүртгэх үү?

-Сонгуулийн тухай хууль 2019 оны арванхоёрдугаар сард батлагдсан. Авлигын эсрэг хуульд өөрчлөлт орсон нэг зүйл нь сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ бүртгэж авах хуулийн зохицуулалт орсон. Өмнө нь Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийг бүртгүүлдэг байсан бол энэ хуульд заасны дагуу АТГ бүртгэж хүлээж авна. Дараа нь АТГ-ын цахим сайтад байршуулах ажлыг зохион байгуулахаар бэлдэж байна.

-Иргэдийн хяналтыг сайжруулах тал дээр мэдээлэл өгөхгүй юу?

-Нийт мэдүүлэг гаргагчдын сүүлийн хоёр жилийн мэдүүлэг АТГ-ын цахим сайтад байршиж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд сүүлийн таван жилийн мэдүүлэг байна. Ингээд харахаар иргэд хяналт тавих бүрэн боломжтой. Мөн 110 дугаарын гомдол мэдээллийн утас ажиллуулж байна. Энэ утсанд албан тушаалтны авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил, үндэслэлгүй хөрөнгөжсөн албан тушаалтантай холбоотой мэдээллийг өгөх боломжтой. Иргэдийн хувьд гомдол мэдээлэл өгөхдөө үндэслэл бүхий баримттай байх нь илүү үр дүнтэй байдаг.

Албан тушаалтнууд мэдүүлгээ гаргахдаа цэг, таслал алдсан тохиолдол гарч байна. Жишээ нь 14 сая төгрөгийн хадгаламжтай гэж бичих байтал 14 тэрбум гээд бичсэн байсан. Нэгэнт та цахим системд мэдүүлсэн бол энийг засах ямар ч боломжгүй. Э.АРИУН

Эх сурвалж: https://news.mn/r/2263957/

Сэтгэгдэл бичих


Зочин    202.21.108.49

Хариулах 2020 оны 02 сарын 25
ХОМ-ын хүснэгт дотор нэг бүрхэг мэдээлэл үлдээд байх шиг санагдах юм. Жишээ нь, ерөнхий сайд асан Н. Алтанхуяг голдуу 200 сая гаруй төгрөгийн орлого нэг жилд олсон гэж бичсэн байсан. Гэр бүлийн гишүүд нь бас 200 гаруй саяыг олсон гэсэн. Гэхдээ энэ нь зөвхөн Алтанхуяг ганцаараа олсон орлого уу, эсвэл компанийн ажилчидтайгаа нийлж олсон орлого юм уу? Тэгээд ажилчдынхаа цалин, татвар, нийгмийн даатгалыг төлсөн бол өөрт нь хэдэн сая үлдэж байгаа нь бүрхэг үлдээд байгаа юм. Тэр 200 орчим саяас ажилчиддаа хэдийг өгдөг, өөрөө яг хэдийг олдог нь огт ойлгогдохгүй болоод байх юмаа. Ийм хүмүүс олон байгаа нь ХОМ-с харагддаг. Тиймээс ХОМ-ын хүснэгт дотор энэ талаар мэдээлэл оруулбал олон нийтэд илүү тодорхой болох байх аа. Хариу бичиж үлдээвэл талархах байна.

Зочин    202.21.108.49

Хариулах 2020 оны 02 сарын 25
Ингэж Хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг болсонд, бас 2 жилийн өмнөөс бүх ХОМ-ыг олон нийтдээ хүртээмжтэй байнга байршуулж байдагт нь уншигч би АТГ-т талархаж явдаг. Харин гадаад орнууд ийм ХОМ-ыг ингэж нийтэд мэдээлдэг болов уу гэж англи, орос хэлээр хайсан ч олсонгүй. Та бүхэн хэрэв мэдэж байвал ямар сайтаар орж унших талаар сайтынх нь нэрийг бичиж үлдээнэ үү. Баярлалаа.

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх