АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ


Төрийн албаны зөвлөлийн 2010 оны
50 дугаар тогтоолын хавсралт


АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын иргэнийг Авлигатай тэмцэх газрын төрийн тусгай албан тушаалд анх орох тохиолдолд өрсөлдүүлэн шалгаруулах зорилго бүхий мэргэшлийн шалгалт (цаашид “Мэргэшлийн шалгалт” гэх) авахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Мэргэшлийн шалгалтын зорилго нь Авлигатай тэмцэх газрын төрийн тусгай албан тушаалд тавигдах шаардлага хангах иргэнийг сонгон шалгаруулж, хүний нөөцийг бүрдүүлэх замаар байгууллагын зорилт, чиг үүргийг үр бүтээлтэй хэрэгжүүлэх, иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

1.3. Мэргэшлийн шалгалт авахдаа нээлттэй, ил тод байх, адил тэгш хандах, шударгаар өрсөлдүүлэн шалгаруулах зарчмыг удирдлага болгоно.

1.4. Мэргэшлийн шалгалтад орох Монгол Улсын иргэний эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, нам, олон нийтийн байгууллагын харьяалал зэргээр ялгаварлаж үл болно.

1.5. Төрийн албаны зөвлөл нь мэргэшлийн шалгалттай холбогдсон асуудлаар Авлигатай тэмцэх газарт мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгнө.

Хоёр. Мэргэшлийн шалгалтад орох иргэнд тавигдах шаардлага

2.1. Авлигатай тэмцэх газрын төрийн тусгай албан тушаалд томилогдох Монгол Улсын иргэн нь Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль болон тухайн ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан байна.

2.2. Төрийн улс төрийн, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж буй төрийн албан хаагч Авлигатай тэмцэх газрын төрийн тусгай албан тушаалд шилжин ажиллах болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй иргэн ажиллах тохиолдолд энэхүү журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө.

2.3. Төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаал эрхэлж буй төрийн албан хаагч Авлигатай тэмцэх газрын төрийн тусгай албан тушаалд шилжин ажиллах тохиолдолд энэхүү журмын 3.1.1, 3.1.4, 3.1.5-д заасан шалгалт өгнө.

2.4. Дараахь нөхцөлд иргэнийг мэргэшлийн шалгалтад оруулахгүй:

2.4.1. ял шийтгүүлж байсан;

2.4.2. төрийн байгууллагад ажиллаж байхдаа ёс зүйн дүрэм зөрчиж, сахилгын шийтгэл хүлээж байсан;

2.4.3. Авлигатай тэмцэх газрын албан хаагчтай гэр бүлийн буюу төрөл садангийн холбоотой;

2.4.4. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй;

2.4.5. гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

2.4.6. хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэг хүлээсэн иргэн энэ үүргээ биелүүлээгүй;

2.4.7. мэргэшлийн шалгалтыг энэхүү журамд заасны дагуу өгөхийг үл зөвшөөрсөн;

2.4.8. хууль тогтоомжид заасан бусад тохиолдол.

2.5. Мэргэшлийн шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

2.6. Шалгалтад орох иргэн мэргэшлийн шалгалттай холбогдон гарах зардлыг өөрөө хариуцна.

Гурав. Мэргэшлийн шалгалтын төрөл, дараалал, дүгнэх аргачлал

3.1.Мэргэшлийн шалгалт нь дараахь төрөл, дараалалтай байна:

3.1.1. баримт бичгийн шалгалт;

3.1.2. бие бялдрын бэлтгэлийн шалгалт;

3.1.3. ерөнхий мэдлэг (сорил)-ийн шалгалт;

3.1.4. ур чадварын шалгалт;

3.1.5. ярилцлага.

3.2. Энэхүү журмын 3.1-д заасан мэргэшлийн шалгалт өгөх иргэн нь Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу эрүүл мэндийн үзлэгт орж, “Төрийн жинхэнэ албанд ажиллахад эрүүл мэндийн хувьд тэнцэнэ” гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд мэргэшлийн шалгалтад орох эрхтэй байна.

3.3. “Баримт бичгийн шалгалт”-аар өрсөлдөж байгаа ажлын байранд тавигдсан ерөнхий шаардлагын боловсрол, мэргэжил, мэргэшил, ажлын туршлага зэргийг иргэний бүрдүүлсэн бичиг баримттай тулган шалгана. Тухайн иргэний бакалавр болон түүнтэй адилтгах боловсролын дипломын голч дүн 2.5-аас доошгүй, бусад үзүүлэлт ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан тохиолдолд “Тэнцсэн”, аль нэг үзүүлэлт нь шаардлага хангаагүй бол “Тэнцээгүй” гэсэн үнэлгээ өгнө.

3.4. Бие бялдрын бэлтгэлийн шалгалтыг Авлигатай тэмцэх газрын даргын баталсан нормативаар шалгаж, 10 хүртэл оноогоор дүгнэнэ.

3.5. Ерөнхий мэдлэг (сорил)-ийн шалгалт авах нийт хугацаа 60 минут байна. Шалгалт 60 асуулттай байх бөгөөд зөв хариулт бүрийг 1 оноогоор үнэлж, авбал зохих нийт 60 онооны 36 ба түүнээс дээш оноо авсан иргэн уг шалгалтад тэнцсэнд тооцогдох бөгөөд ур чадварын шалгалтад орох эрхтэй болно.

Ерөнхий мэдлэг (сорил)-ийн шалгалтаар тухайн иргэний хууль, эрх зүйн болон төрийн үйл ажиллагааны талаар ерөнхий мэдлэгийн түвшинг үнэлнэ. Тухайн шалгаруулж буй ажлын байрны онцлогоос хамаарч сорилын шалгалтад мэргэжлийн чиглэлийн асуулт оруулж болно.

3.6. Ур чадварын шалгалт нь тухайн ажлын байранд тавигдах шаардлагаас хамаарч зарласан ажлын байр тус бүрийн онцлогийг тусгасан байж болно. Ур чадварын шалгалтаар тухайн иргэний албан хэрэг хөтлөлт, гадаад хэлний мэдлэг, компьютерийн өргөн хэрэглээний програм ашиглах болон мэргэшлийн тусгай ур чадварыг 15 хүртэл оноогоор үнэлнэ.

3.7. Ярилцлагын шалгалт нь тухайн иргэний ажиллах ажлын байрны зорилго, зорилт, чиг үүргийн талаар болон уг албан тушаалыг эрхлэхэд шаардлагатай мэдлэг, хандлага, тухайн иргэний зан байдал, түүний төлөвшил, хүсэл сонирхлыг тогтоож, энэ чиглэлээр урьдчилан бэлтгэсэн төлөвлөгөө, асуултын хүрээнд иргэнтэй ярилцаж шалгана. Асуулт бүрт 1-5 хүртэл онооны үнэлгээ өгөх бөгөөд уг шалгалтын нийт оноо 15 хүртэл байна. Ярилцлагыг ганцаарчилсан хэлбэрээр явуулна.

3.8. Журмын 3.1.2-3.1.5-д заасан шалгалтын үнэлгээний нийлбэрээр нийт оноог гаргах бөгөөд нийт онооны дээд хязгаар 100 байна. Энэхүү журмын 3.1.1-3.2.5-д заасан 5 төрлийн шалгалтад тэнцэж, нийт 60 ба түүнээс дээш оноо авсан иргэнийг мэргэшлийн шалгалтад тэнцсэнд тооцно.

Дөрөв. Мэргэшлийн шалгалтын комисс

4.1.Мэргэшлийн шалгалтыг Мэргэшлийн шалгалтын комисс (цаашид “Шалгалтын комисс” гэх) удирдан зохион байгуулна.

4.2. Мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажил эрхлэх албан хаагчийн сул ажлын байранд өрсөлдөх иргэнээс мэргэшлийн шалгалт авах Шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн даргын шийдвэрээр 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажил эрхлэх албан хаагчаас бусад сул ажлын байранд өрсөлдөх иргэнээс мэргэшлийн шалгалт авах Шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөл буюу түүний Салбар зөвлөлийн төлөөллийг оролцуулан Төрийн албаны зөвлөлийн даргын шийдвэрээр 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.Шаардлагатай бол мэргэшлийн шалгалт авахад туслах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж болох бөгөөд ажлын хэсэгт мэргэжлийн бусад байгууллага болон их, дээд сургуулийн багш нарыг оролцуулж болно.

4.4. Шалгалтын комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

4.5. Шалгалтын комисс дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.5.1. мэргэшлийн шалгалтын талаар нийтэд мэдээлэх, иргэдийг шаардлагатай мэдээллээр хангах, шалгалтын бэлтгэл ажлыг хангаж, мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах;

4.5.2. шалгалтын зардлын хэмжээг тогтоох;

4.5.3. мэргэшлийн шалгалтын асуултын агуулга, чиглэл, бүтэц, шалгалт явуулах хэлбэрийг тогтоох;

4.5.4. мэргэшлийн шалгалттай холбогдон гарсан гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу хянан шийдвэрлэх;

4.5.5. мэргэшлийн шалгалтын нэгдсэн дүнг гаргах, дүнг хуралдаанаар хэлэлцэж, мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг онооны дарааллаар байр эзлүүлэх.

4.6. Шалгалтын комиссын нарийн бичгийн дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.6.1. мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар Шалгалтын комиссын даргыг мэдээллээр хангах;

4.6.2. мэргэшлийн шалгалт авах, зохион байгуулахтай холбогдсон хууль тогтоомж болон холбогдох бусад мэдээллийг иргэдэд мэдээлэх, танилцуулах ажлыг зохион байгуулах;

4.6.3. мэргэшлийн шалгалтад орох иргэний материалыг хүлээн авах, бүртгэх;

4.6.4. энэ журамд заасны дагуу мэргэшлийн шалгалтын асуулт, ярилцлагын сэдэв, бусад холбогдох материалыг бэлтгэх, мэргэжлийн хүмүүсээр гэрээний үндсэн дээр захиалан бэлтгүүлэх, сан бүрдүүлэх, нууцлалыг хангах; 4.6.5. мэргэшлийн шалгалттай холбоотой мэдээ, тайлан, шалгалтын дүнг нэгтгэн гаргах;

4.6.6. мэргэшлийн шалгалтын ажилд дүн шинжилгээ хийж, шалгалтын сэдэв, агуулгыг чанаржуулах, оновчтой болгох болон шаардлагатай бусад асуудлаар санал боловсруулж, Шалгалтын комисст танилцуулах;

4.6.7. хуралдааны бэлтгэл ажлыг хангах, хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх асуудлын талаар танилцуулга бэлтгэх, шалгалт зохион байгуулах ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулах, гүйцэтгэлийг хангах ажлыг зохион байгуулах;

4.6.8. хуралдааны тэмдэглэлийг хөтөлж, хуралдаанаас гарсан шийдвэрийг зохих журмын дагуу албажуулах.

4.7. Мэргэшлийн шалгалтад орох иргэдийг бүртгэх, сорилын болон ур чадвар, компьютерийн шалгалтын асуултын хувилбарыг сонгох, шалгалтын дүнг гаргахдаа шаардлагатай програм хангамж, бусад техник, тоног төхөөрөмжийг ашиглаж болно.

Тав. Мэргэшлийн шалгалтын тухай мэдээлэл

5.1. Шалгалтын комиссын шийдвэрээр мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах бөгөөд мэргэшлийн шалгалт авах хугацааг тогтооно. Шалгалтын комисс сул ажлын байрны захиалгыг мэргэшлийн шалгалттай холбоотой бусад мэдээллийн хамт шалгалт эхлэхээс 21-ээс доошгүй хоногийн өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.

5.2. Мэдээлэлд тухайн сул ажлын байр (албан тушаал)-ны нэр, тоо, хариуцах асуудал, тавигдах шаардлага, шалгалтын агуулга, төрөл, чиглэл, бүртгэлийн хэлбэр, хугацаа, бүртгэл болон шалгалт авах байрны байршил, бүрдүүлэх материал, Шалгалтын комиссын хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг зэргийг заана. Хэрэв мэдээлэлд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарвал Шалгалтын комисс тухай бүх мэдээлж байна.

Зургаа. Мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэнийг бүртгэх

6.1. Шалгалтын комисс мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэнээс дор дурдсан бичиг баримтыг тогтоосон хугацаанд хүлээн авч, тэдгээрийг төрийн тусгай албан тушаал эрхлэх болзол хангаж байгаа эсэх, тухайн зарлагдсан албан тушаал (ажлын байр)-д тавигдах шаардлагатай нийцэж байгаа эсэхийг нягтлан шалгаж, болзол, шаардлага хангаж байгаа иргэнийг бүртгэнэ:

6.1.1. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн маягт №1-ийн дагуу);

6.1.2. боловсролын түвшин, мэргэжил тодорхойлсон баримт бичиг (гэрчилгээ, диплом, үнэмлэх), нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

6.1.3. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

6.1.4. ял шийтгэлтэй эсэх тухай тодорхойлолт;

6.1.5. “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 4 хувь;

6.1.6. ажиллаж байсан тохиолдолд ажил эрхлэлтийг гэрчлэх баримт (нийгмийн даатгал болон хөдөлмөрийн дэвтэр)-ын эх хувь;

6.1.7. шалгалтын зардал төлсөн баримт.

6.2. Шалгалтын комисс шаардлагатай гэж үзвэл баримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал гаргуулж болно.

Долоо. Мэргэшлийн шалгалтын бэлтгэл хангах, зохион байгуулах

7.1.Шалгалтын комиссын нарийн бичгийн дарга шалгалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд дараахь ажиллагааг хийж гүйцэтгэнэ:

7.1.1. тухайн зарласан ажлын байр (албан тушаал)-ны шаардлагад нийцүүлэн шалгалтын асуултын хувилбаруудын санг бэлтгэнэ. Шалгалтын комиссыг уг сангаас шалгалт авах 2-оос доошгүй хувилбарыг сонгох боломжоор хангах;

7.1.2. шалгалтын сэдвийн 2-оос доошгүй хувилбар, тэдгээрийн үнэлгээний шалгуурыг дугтуйд хийж битүүмжлэн нууцлалыг хангаж, Шалгалтын комиссын даргад хүлээлгэн өгөх;

7.1.3. шалгалт авах шаардлага хангасан байр, техник хэрэгсэл, бичиг хэргийн бусад материалыг бэлэн болгох, мэргэшлийн шалгалт явуулах хэвийн нөхцлийг хангах бусад арга хэмжээ авах;

7.1.4. шалгалтад орох болзол хангасан иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, оролцогчдын материалыг бэлтгэх;

7.1.5. шалгалтад орох иргэдийн урьд нь ял шийтгэгдсэн эсэхийг Цагдаагийн ерөнхий газрын ял шийтгэлийн лавлагааны сангаас албан ёсоор гаргуулж авах;

7.1.6. шалгалт эхлэхээс өмнө иргэдийг бүртгэн байрыг эзлүүлж, шалгалтад орох иргэдэд шалгалт явагдах дэс дараалал, зохион байгуулалт, анхаарах бусад асуудлын талаар танилцуулах, зааварчилга өгөх;

7.1.7. шаардлагатай бусад арга хэмжээ авах.

7.2. Ерөнхий мэдлэг (сорил)-ийн шалгалт, ярилцлага эхлэхэд Шалгалтын комиссын дарга шалгалтын сорил бүхий дугтуйн битүүмжлэлийг шалгалтад оролцогчдын төлөөлөгчөөр шалгуулж, түүний сонгосон хувилбараар шалгалтыг авна.

7.3. Мэргэшлийн шалгалтыг нэг өдөр багтаан авах бөгөөд Шалгалтын комисс шалгалт явагдсан тухайн өдөрт багтаан дүнг гарган нэгтгэж, онооны дарааллаар байр эзлүүлж, шалгалт өгсөн иргэдэд албан ёсоор, нээлттэй, ил тод танилцуулна.

7.4. Мэргэшлийн шалгалтад гар утас, чихэвч, пейжер, дуу хураагуур, зөөврийн компьютер болон аудио, видео бичлэгийн болон бусад техник хэрэгсэл, ном, дэвтэр зэрэг зүйл авч орохыг хориглоно.

7.5. Дараахь тохиолдолд мэргэшлийн шалгалтын материалыг хүчингүйд тооцно:

7.5.1. энэ журмаар хориглосон зүйлийг шалгалтын байранд авч орж ашиглахыг завдсан;

7.5.2. шалгалт өгч байгаа бусад иргэнтэй харилцаж туслах, туслуулахыг оролдсон;

7.5.3. шалгалтын материал дээр зөвшөөрснөөс бусад тэмдэглэгээ хийсэн, таних тэмдэг тавьсан;

7.5.4. бусад байдлаар шалгалт авах журмыг зөрчсөн.

Найм. Сул орон тоог нөхөх талаар байгууллагын хүлээх үүрэг

8.1.Авлигатай тэмцэх газрын төрийн тусгай албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь дараахь дарааллыг баримтлан сул орон тоог нөхнө:

8.1.1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу тэргүүн ээлжид Авлигатай тэмцэх газарт ажиллаж байгаа төрийн тусгай албан хаагчдаас болон төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар;

8.1.2. сул орон тоог энэхүү журмын 8.1.1-д заасны дагуу нөхөх боломжгүй бол уг журмын дагуу уг ажлын байр (албан тушаал)-ны онцлог, тавигдах шаардлагыг харгалзан мэргэшлийн шалгалт авч, шалгалтад тэнцсэн иргэдээс хамгийн өндөр оноо авсан иргэнийг томилох замаар тус тус нөхнө.

Ес. Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг нөөцийн жагсаалтад бүртгэх, нэр дэвшүүлэх

9.1. Шалгалтын комисс мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг нөөцийн жагсаалтад оруулах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, нөөцийн жагсаалтад бүртгүүлэх саналаа Төрийн албаны зөвлөлд хүргүүлнэ.

9.2. Төрийн албаны зөвлөл нь Шалгалтын комиссын саналыг хуралдаанаараа хэлэлцэж, энэхүү журмын 9.1-д заасан мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг нөөцийн жагсаалтад бүртгэх тухай шийдвэр гаргаж, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасны дагуу хамгийн өндөр үнэлгээ авсан нэг иргэнийг тухайн зарлагдсан албан тушаалд томилуулахаар Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшүүлнэ.

9.3. Иргэнийг нөөцийн жагсаалтад бүртгэсэн тухай Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

Арав. Мэргэшлийн шалгалттай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх

10.1. Мэргэшлийн шалгалт, шалгалтын нэгдсэн дүн болон шалгалттай холбогдсон бусад асуудлаар гарах гомдлыг шалгалтын дүнг нийтэд зарласнаас хойш 24 цагийн дотор Шалгалтын комисст хандаж гаргана. Энэ хугацаа өнгөрснөөс хойш иргэний гомдлыг хүлээн авахгүй.

10.2. Шалгалтын комиссын үйл ажиллагаатай холбогдож гарсан маргааныг хууль тогтоомжид заасны дагуу хянан шийдвэрлэнэ.

Арван нэг. Хариуцлага

11.1. Энэхүү журмыг зөрчсөн талаар иргэдээс ирүүлсэн гомдлыг Шалгалтын комисс хэлэлцэн үндэслэлтэй гэж үзвэл холбогдох этгээдэд сахилгын шийтгэл ногдуулах саналаа эрх бүхий албан тушаалтанд танилцуулах, эсхүл Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан хариуцлага хүлээлгүүлэхээр шүүхэд хандаж болно.


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх