Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс зүйн дүрэм


Авлигатай тэмцэх газрын даргын 2008 оны
39 дүгээр тушаалын хавсралт

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Авлигатай тэмцэх газрын албан хаагч нь Авлигын эсрэг хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэн байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлж, иргэд, байгууллагад төрийн үйлчилгээг үзүүлэхдээ баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоож, мөрдүүлэхэд энэ дүрмийн зорилго оршино.

1.2. Энэ дүрэм нь Авлигатай тэмцэх газрын албан хаагчдыг албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж, мөн хуулийн 15 дугаар зүйл болон Авлигын эсрэг хуулийн 25 дугаар зүйлд заасан хориглосон үйлдлийг албан хаагчийн зүгээс гаргуулахгүй байлгах, албаны болон албан хаагчийн нэр төрийг эрхэмлэж, албандаа хүндэтгэлтэй хандах харилцааг зохицуулна.

Хоёр.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээ

2.1. Албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлэхэд дараах зарчмыг баримтална:

2.1.1. Хуулийг дээдлэж, хэрэгжүүлэх;
2.1.2. Нэгдмэл удирдлагатай байх;
2.1.3. Үнэнч шударга, зарчимч байх;
2.1.4. Хараат бус байж, гадны нөлөөнд автахгүй байх;
2.1.5. Хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
2.1.6. Төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд сахих.

2.2. Албан хаагч нь үүргээ гүйцэтгэхдээ дараах зарчмыг хэрэгжүүлнэ:

2.2.1. Албан хаагч нь үүрэгт ажлаа мэргэшлийн өндөр түвшинд үнэнч шударгаар гүйцэтгэж, албандаа хүндэтгэлтэй хандана;
2.2.2. Албан хаагч нь зөвхөн хуулинд захирагдан хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллана;
2.2.3. Албан хаагч нь үүргээ гүйцэтгэхдээ бусдад ялгавартай хандахгүй;
2.2.4. Албан хаагч нь хамт ажиллаж байгаа болон бусад хүмүүсийн эрх, эрх чөлөөг хүндэтгэн харьцаж байна;
2.2.5. Албан хаагч нь хувийн үйл ажиллагаандаа ч байгууллага, хамт олны болон өөрийн албаны нэр хүндийг хуулийн дагуу хамгаалж, төрөөс хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллана.

2.3. Албан хаагч нь үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг хэрэгжүүлэхдээ дараах ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөнө:

2.3.1. Албан хаагч нь чиг үүргийнхээ дагуу мэргэжлийн өндөр түвшинд судалж боловсруулсан иж бүрэн үндэслэл бүхий санал, төсөл, зөвлөгөөгөөр удирдлагыг хангана;
2.3.2. Албан хаагч нь удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан гарах шийдвэрийн улмаас үүсч болзошгүй хор уршиг, сөрөг үр дагаврын талаар саналаа хэлнэ;
2.3.3. Албан хаагч нь газрын удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгавар, шийдвэрийг биелүүлэх ажлыг үр дүнтэйгээр зохион байгуулж, биелэлтийг тогтоосон хугацаанд тайлагнадаг байна;
2.3.4. Албан хаагч нь хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд байгууллагын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлнэ;
2.3.5. Албан хаагч нь төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулах аливаа үйлдлийг гаргахгүй байх;
2.3.6. Албан хаагч нь бүх шатны сонгуулийн үйл ажиллагаанд оролцохгүй байх;
2.3.7. Албан хаагч нь аливаа асуудалд шударга бус байдал гаргахгүй, хуурч мэхлэхгүй байх;
2.3.8. Албан хаагч нь байгууллагаас баримталж буй бодлого, албан үүрэг, тушаал шийдвэрийн хэрэгжилтийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахдаа уг асуудлыг зохицуулсан шийдвэрийг баримтална;
2.3.9. Албан хаагч нь шийдвэрлэгдээгүй хэрэг зөрчлийн талаар болон бусад нотлогдоогүй мэдээ мэдээллийн талаар хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүнд мэдээлэхгүй, урьдчилсан дүгнэлт гаргахгүй байна;
2.3.10. Албан хаагч нь Авлигын эсрэг хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу байгууллага, иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ хүнд суртал, чирэгдэлгүйгээр асуудлыг нь шуурхай шийдвэрлэж, зохих хариуг өгч ажиллана;
2.3.11. Албан хаагч нь ажил үүргээ гүйцэтгэхдээ аливаа хувь хүн, байгууллага, өөрийн эрх ашгийг илүүд үзэхгүй байна;
2.3.12. Албан хаагч нь төрийн албан хаагчийн хувьд өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн зорилгоор ашиглахгүй ажиллана;
2.3.13. Албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд буюу ажлын цагаар, албан томилолтоор яваа үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй, согтуу үедээ ажлын байранд нэвтрэхгүй байх;
2.3.14. Албан хаагч нь байгууллага, түүний удирдлагаас бусад байгууллага, иргэнтэй харилцах харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аливаа үйлдлийг цээрлэнэ;
2.3.15. Байгууллага, хамт олны нэр хүндэд харшлах болон байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх хөрөнгө оруулалт, бизнесийн ашиг сонирхлын, нийгэм, соёлын арга хэмжээнд оролцохоос татгалзана;
2.3.16. Албан хаагчийн ажил үүрэгтэй нь холбогдолгүй аливаа зөвлөл, хороо, комисс, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллахгүй байна;
2.3.16. Албан хаагч нь ажил үүрэгт нь үл хамаарах асуудлыг гэмт хэргийн улмаас шалгагдаж байгаа этгээд, түүний төрөл садан, найз нөхөд, бусад хүмүүсийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар шалгаж буй хэргийн талаар холбогдох тодруулга хийлгэх асуулт тавихгүй байх;
2.3.17. Албан хаагч нь шалгагдаж буй хэргийн үйл ажиллагаанд шууд буюу шууд бусаар нөлөөлөхгүй, зуучлахгүй байх;
2.3.18. Гэмт хэрэг, зөрчлийн улмаас шалгагдаж буй этгээдтэй болон түүний ашиг сонирхлыг хамгаалж буй хүмүүстэй уулзалт зохион байгуулахгүй байх, түүнчлэн хувийн харьцаа үүсгэх, бэлэг сэлт, дэмжлэг туслалцаа авах, амлалт өгөх, унаа машинаар үйлчлүүлэхийг цээрлэнэ;
2.3.19. Албан хаагч нь бусад албан хаагчаас гаргасан ёс зүйн болон сахилгын зөрчлийн талаар Газрын удирдлагад тухай бүрт нь танилцуулна;
2.3.20. Албан хаагч нь байгууллагын нэр хүнд, ажилтны болон өөрийн аюулгүй байдалд заналхийлсэн болон энэ тухай мэдээлэл хүлээн авсан даруйдаа удирдах албан тушаалтандаа болон Аюулгүй байдал, хяналт шалгалтын албанд мэдэгдэнэ;
2.3.21. Албан хаагч нь байгууллагын албан хаагчдын хооронд үл ойлголцох болон хамт олны эв нэгдэлд хохирол учруулах үйлдэл гаргахгүй байх;
2.3.22. Албан хаагч нь иргэний үүргээ байнга биелүүлж, хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь үнэн зөв мэдүүлнэ.

Гурав. Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажил, мөрдөн байцаах эрхтэй албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ

3.1. Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажил, мөрдөн байцаах эрхтэй албан хаагч нь энэ дүрмийн 2.3-т заасан албан хаагчийн баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээнээс гадна дараах ёс зүйн хэм хэмжээг сахина:

3.1.1. Хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж, эрхийг нь хязгаарлахгүй байх;
3.1.2. Албан тушаал, байгууллагын нэр барьж бусдыг эрхшээлдээ оруулахыг эрмэлзэхгүй, далайлган сүрдүүлэхгүй байх;
3.1.3. Албан хаагч нь хуулийн дагуу олгосон галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгслийг зориулалт бусаар хэрэглэхгүй байх;
3.1.4. Хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, дарамтлах зэргээр мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн ажиллагааг хууль бус аргаар, эсвэл хувийн сонирхлоор явуулахгүй байх;
3.1.5.Мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн явцад хуурамч тайлбар, мэдүүлэг гаргуулахгүй байх, хэрэг тулган хүлээлгэхийг цээрлэх;
3.1.6. Мэргэжил нэгт нөхдийнхөө нэр төрийг гутаах, доромжлох, иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлэхгүй байх;
3.1.7. Шалгаж байгаа хэргийнхээ талаар баримт, мэдээлэл задруулах, гүйцэтгэх ажлын явцад мэдсэн буюу илэрхий болсон мэдээ, баримтыг хууль бусаар ашиглах, түүнчлэн гүйцэтгэх ажил явуулахдаа бусдыг гэмт хэрэгт өдөөн хатгахыг цээрлэх;
3.1.8. Эрүүгийн хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж байгаа иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэнэ.

3.2. Албан хаагчийн шалгаж буй мэдээ мэдээлэл, өргөдөл, гомдолд шууд буюу шууд бусаар хувийн сонирхол нь хөндөгдөх, шалгаж буй хэрэгт садан төрөл, найз нөхөд нь холбогдвол энэ тухайгаа нэн даруй шадар даргадаа мэдэгдэж, асуудлыг шийдвэрлүүлнэ.

З.З. Авлигын эсрэг, Эрүүгийн, Эрүүгийн байцаах шийтгэх хууль болон бусад хууль тогтоомжийг сайтар судлаж, хуулийг зөв ойлгож, нэг мөр хэрэгжүүлэх мэдлэгтэй байна.

Дөрөв. Албан хаагчийн ёс зүйн зөрчил

4.1. Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс зүйн зөрчил гэдэг нь Монгол Улсын Авлигын эсрэг хууль, бусад хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталж мөрдүүлсэн эрхийн акт болон энэ дүрмээр тогтоосон албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг санаатай буюу санамсаргүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.

4.2. Энэ дүрмийн 2, 3 дугаар зүйлд заасан Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, хориглосон үйл ажиллагаа явуулсан албан хаагчийг ёс зүйн зөрчил гаргасанд тооцно.

Тав. Албан хаагчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх

5.1. Албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол мэдээллийг дараах үндэслэлээр шалгаж шийдвэрлэнэ:

а/ Иргэн, албан тушаалтан, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл;
б/ Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн нийтлэл нэвтрүүлэг;
в/ Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчид, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол, хүсэлт.

5.2. Хэлтэс, албаны дарга нь зарчимч шаардлагаа өндөржүүлж, ажлын хариуцлагаа дээшлүүлэн албан хаагчдынхаа сахилга, ёс зүйн асуудлыг Газрын удирдлагын өмнө хариуцаж, ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага тооцуулах саналаа Газрын удирдлагад танилцуулж байна.

5.З. Албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийг Газрын болон хэлтэс, албаны удирдлагын шийдвэрээр эрх бүхий албан тушаалтан шалгаж, дүнг Ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэнэ.

5.4. Ёс зүйн зөвлөл нь тухайн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн шинж байдлыг харгалзан холбогдох шийдвэрийг гаргана.

5.5. Шаардлагатай гэж үзвэл ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчийн асуудлыг Газрын удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж болно.

5.6. Энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь тухайн албан хаагчид Авлигын эсрэг хууль болон Төрийн албаны тухай хууль, тус газрын албан хаагчийн Сахилгын дүрэмд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх