“Үндэсний болон салбарын түвшний авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний нөлөө” сэдэвт бүс нутгийн зөвлөлгөөнөөр хэлэлцсэн асуудлууд


2016/06/30  2296   0


1. Үндэсний түвшний авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Бүс нутгийн мэргэжилтнүүдийн зөвлөлгөөн “Үндэсний болон салбарын түвшиний авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний нөлөө” сэдвийн хүрээнд болсон бөгөөд уг арга хэмжээнд Зүүн Европ, Төв азийн 11 улсын 52 төлөөлөгч оролцож, зарим улс орнууд бүс нутгийн Боловсролын салбарын болон Баялаг боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа танилцуулсан.

Зөвлөлгөөний “Үндэсний түвшний авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний нөлөө” сэдвийн дор тавигдсан илтгэлүүдийн чиглүүлэгчээр Киргиз Улсын Ерөнхий сайдын ажлын албаны төлөөлөл, Бишкек хот дахь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын төлөөлөгчийн газрын тэргүүн Тилек Сайакбаев, ЕАБХАБ-ын удирдах газар, ЕАБХАБ-ын Эдийн засаг, байгаль орчны чиглэлийн үйл ажиллагааг хариуцсан зохицуулагчийн газрын Эдийн засгийн үйл ажиллагааг хариуцсан албаны дарга, зохицуулагчийн орлогч Ермелина Мекси, Эдийн засаг хамтын ажиллагааны байгууллага /ЭЗХАХБ/-ын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний менежер Ольга Савран нар ажилласан болно.

Эдийн засаг, байгаль орчны чиглэлийн үйл ажиллагааг хариуцсан зохицуулагчийн газраас “Авлигаас урьдчилан сэргийлэх нь: түүний нөлөө ба үр ашиг” хэлэлцүүлгээр Киргиз Улсын Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, нийтийн албанд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр болон Авлигын эсрэг сүлжээний удирдах газар Нийтийн албанд авлигаас урьдчилан сэргийлэх сэдэвт судалгааны талаар, мөн Авлигатай тэмцэх тухай гарын авлагыг ЭЗХАХБ-ын Авлигын эсрэг сүлжээний менежер Русудан Микелидзе танилцуулан гаргасан амжилт болон тулгарсан бэрхшээлүүдтэй холбоотойгоор төлөөлөгчдийн асуултад хариулж, харилцан мэдээлэл солилцлоо.

Тус хэлэлцүүлгээр авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтийг яаж илүү үр дүнтэй болгох, салбарын түвшний болон түүний урьдчилан сэргийлэх арга хэмжээний нөлөөг үнэлэх талаар хэлэлцэв.

2. Боловсролын салбарын авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа

“Бүс нутгийн авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний нөлөө” хэлэлцүүлгийг ЕАБХАБ-ын Эдийн засаг, байгаль орчны чиглэлийн үйл ажиллагааг хариуцсан зохицуулагчийн газрын зохицуулагч Ермелинда Мекси удирдан чиглүүлж, Нийтийн албанд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Авлигын эсрэг сүлжээний сэдэвчилсэн судалгаа, түүнчлэн салбарын түвшний болон түүний арга хэмжээний нөлөөний зөвлөмжүүдийн хүрээнд улс орондоо авч хэрэгжүүлсэн авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтийн явцын талаар болон Украйн Улсын боловсролын тэргүүн туршлагын талаар танилцууллаа. Мөн Киргиз Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас болон олон нийтийн зөвлөлийн төлөөллөөс боловсролын салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны сайн туршлагаа хуваалцлаа.

Боловсролын салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэлэлцүүлгээр оролцогчид боловсролын салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх, мөн боловсролын тогтолцоонд нэвтрэх боломж, тоо, чанар, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээгээ танилцуулахын зэрэгцээ албан тушаалтнуудын шударга байдлыг бэхжүүлэх тусгай механизм, мөн иргэний хяналт, олон нийтийн зөвлөгөөн, авлигыг мэдээлэх сувгууд, худалдан авах ажиллагааны ил тод байдал, дотоод санхүүгийн хяналт, аудит, элсэлтийн үйл явцыг ил тод байлгах зэрэг асуудлуудыг хэлэлцэн энэ чиглэлээр гаргах “Зөвлөмж”-ийг багаар ажиллаж гаргахаар тогтсон.

Мөн Авлигын эсрэг сүлжээний гишүүн орнууд боловсролын салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүн болон нөлөөний сайн туршлагаа хуваалцсан бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилт болон эрсдэлийг үнэлэх арга зүйн талаар ЮНЕСКО Транспарэнси, ЭЗХАХБ, Боловсролын салбар дахь шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх байгууллагаас мэдээлэл хийж, мэдээллийн хүрээнд харилцан санал, бодлоо ярилцав.

3. Баялаг боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Энэ хэлэлцүүлгийн хүрээнд Эдийн засгийн яам, Геологи, байгалийн баялгийн газар, Киргиз улсын үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын газраас Киргиз Улсын Үйлдвэрлэл /баялаг олборлолтын салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны туршлага, Зүүн Европ, Төв Ази, ЭЗХАХБ-ын гишүүн орнуудаас /Азербайджан болон Казакстан улсын газрын тосны салбар, Тажикстан улсын хөнгөн цагаан, бусад орнуудын газар, ой, ус, Украйны амбер/ сайн туршлагуудыг хуваалцаж, үйлдвэрлэл /баялаг олборлолтын салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх болон ил тодын байдлын талаарх олон улсын хэм хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцлага өрнүүллээ.

Үйлдвэрлэлийн салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх асуудлын хүрээнд түүнд авлигын учруулж буй үр дагавар, нэн түрүүнд өртөгдөж буй дэд салбарын талаарх асуудлуудад дүн шинжилгээ хийсэн бөгөөд нийтийн албан дахь авлига, иргэдийн тайван бус байдал, санхүүгийн тааруу үзүүлэлт, эдийн засгийн хөгжлийн сул байдал зэрэг ойлголтуудтай холбоотой “баялгийн гай”-н сөрөг үр дагаврыг хэрхэн бууруулах талаар харилцан ярилцав. Уг хэлэлцүүлгээр байгалийн баялаг зохицуулалтад төрийн зүгээс авах ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээний талаар авч үзэхийн зэрэгцээ энэ салбарын авлигаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ болон түүний нөлөөний талаар ороцлогч орнуудаас харилцан санал солилцсон.

4. Багийн ажиллагаа

Авлигын эсрэг салбарын арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх талаар тодорхой санал дэвшүүлэх, мөн бодлого хэрэгжилтийн нөлөөг хэмжих ажлыг боловсрол болон үйлдвэрлэлийн салбарын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний загвар боловсруулах, Үйлдвэрлэлийн салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагааны хүрээнд ил тод байдлыг хангах загвар боловсруулах Ажлын хэсгүүдэд хуваагдан хэрэгжүүлсэн бөгөөд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын төлөөлөл “Байгалийн баялаг зохицуулалт дахь төр, засгийн ил тод байдал, хариуцлагыг хэрхэн яаж сайжруулах вэ” багт ажиллаж Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын гишүүн орон болох талаар болон Санаачилгын хүрээнд уул уурхайн салбар дахь мэдээллийн ил тод байдлыг хангах хүрээнд амжилттай ахиц гаргаж байгаа талаар, бүсийн чуулга уулзалт хэлэлцүүлэг, чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулахад хамтран ажиллах, тодорхой чиглэлээр шаардлагатай тохиолдолд байгуулагдсан ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж санал, зөвлөмжөө өгөх зэргээр хамтран ажилладаг талаараа багийн гишүүдтэй санал солилцов.

Түүнчлэн ОҮИТБС-аар тавигдаж байгаа шаардлагуудын хүрээнд уул уурхайн салбарын чиглэлийн төрийн байгууллагууд ашигт малтмал, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудаас тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүний олборлолт, борлуулалт, бүх төрлийн татвар болон төлбөр, хандив дэмжлэг зэрэгтэй холбоотой бүхий л мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авч иргэд, олон нийтэд ил тод болгосноо тэмдэглэн хэлсэн бөгөөд ОҮИТБС-ын бүрэлдэхүүнд байх байгууллагуудын шаардлага, тэдгээрийн үйл ажиллагаа, төсөв мөнгө ямар байх зэргийг боловсруулахад хамтран ажиллалаа.

Ажлын хэсэг тус бүр нэг илтгэгч сонгож, тэдгээр нь үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг танилцуулж, энэ семинарын үеэр танилцуулагдсан ямар хэрэгслийг ирэх жилийн ажилдаа оролцогчид ашиглаж болох, оролцогчид дараачийн семинарт ямар асуудал хэлэлцэх хүсэлтэй зэргээр санал авахад Эрүүл мэндийн салбарын авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих, шалгах зэргээр мэдээлэл солилцох хүсэлт, саналаа тусгуулсан ба авлигатай тэмцах “Hand book”-ыг туршлагад нэвтрүүлэх боломжтой гэж үзсэн болно.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх