Сингапурын хамтын ажиллагааны хөтөлбөрөөс зохион байгуулсан “Сингапурын авлигын эсрэг стратеги” сэдэвт сургалтад хамрагдсан тухай танилцуулга


2016/07/19  2659   0


1959 оноос өмнө Сингапурт авлига гарч байсан гол шалтгаануудаас дурдвал:

  • хууль болон захиргааны зохицуулалт нь оновчтой бус;
  • хууль, дүрэм, журам их хэмжээний хийдэлтэй;
  • хувийн хэвшил болон төрийн албанд ажиллагсдын цалингийн зөрүү их;
  • хууль сахиулах эрх үүрэг бүхий ажилтнууд ажлаа үнэнч шударгаар хийдэггүй;
  • хүн амд эзлэх бичиг үсэгтэй хүмүүсийн тоо цөөн;
  • иргэд эрх нь зөрчигдсөн тохиолдолд өөрийн эрхээ хэрэгжүүлэх буюу гомдол гаргахаас айх зэрэг шалтгаанаас болж авлига даамжирч байжээ.

Сингапур авлигаас ангижирсан гол шалтгааныг товч дурдвал:

  • Авлигатай тэмцэх хүчтэй улс төрийн хүсэл, зориг;
  • Эрх мэдэл, албан тушаалын байдлыг үл харгалзан авлигатай тэмцэх шийдэмгий арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
  • Олон нийт нийтээрээ авлигыг хүлээн зөвшөөрөхгүй байх буюу үл тэвчих хандлагатай болсон.

Сингапурын авлигыг мөрдөн шалгах хорооны 2015 оны статистик мэдээллээс дурдвал:

Мөрдөн байцаалтын шатанд:

  • нийт 877 гомдол мэдээлэл хүлээн авсан;
  • нийт 132 авлигын хэрэг үүсгэсэн;
  • нийт хэргийн 11 хувь нь төрийн албан хаагчтай холбоотой авлигын хэрэг эзэлж байсан;
  • нийт хэргийн 89 хувь нь хувийн хэвшилтэй холбоотой авлигын хэрэг эзэлж байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх шатанд (прокурорын шатанд):

  • Нийт 120 хүн яллагдагчаар татагдсан;
  • Хэрэг хүлээлгэсэн 10 хүний 9 нь хувийн хэвшилд ажилладаг;
  • Хэргийн зонхилох хэсэг барилга, далайн тээврийн үйлчилгээ, худалдан авах ажиллагаатай холбоотой байсан.

Сингапурын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд авлигатай тэмцэх улс төрийн хүсэл зориг, авлигыг нийгмийн бүхий л хүрээнд үл тэвчих байдал, үр дүнтэй хуулийн засаглал, бие даасан шүүх, үр дүнтэй хууль сахиулах буюу албадлагын арга хэмжээ, хариуцлагатай төрийн албыг бий болгох зэрэг зэрэг хүчин зүйлүүд эерэг нөлөө үзүүлсэн байна.

Сингапурын авлигатай тэмцэх стратегийг схемээр харуулбал:

Үр дүнтэй хуулийн засаглал

Үр дүнтэй хуулийг засаглалд дараах зохицуулалтыг ойлгодог байна:

  1. “Авлигын гэмт хэрэг”-ийг хуульд тодорхой тодорхойлох;
  2. Албадлагын арга хэмжээг авч хэрэгжүүлэх (хорих, саатуулах г.м.);
  3. Албадлагын арга хэмжээг хэрэглэх журмыг хялбаршуулах (авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах нь өөрөө их хэцүү ажиллагаа тул);
  4. Хуульд тухай бүрт нь өөрчлөлт оруулж хуулийн хийдлийг арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх
  • Зөвхөн авлига авах, өгөхийг авлига гэж хязгаарлан ойлгохгүйгээр илүү өргөн хүрээний ойлголтыг хамруулсан (“гэмт санаа”-нд хариуцлага хүлээлгэх асуудал, мөн тухайн мөнгө бэлгийг хүлээн авсан этгээд оронд нь ямар нэгэн хариу бариагүй, барих боломжгүй байсан эсэхийг үл харгалзан тухайн мөнгө бэлгийг хүлээн авсан этгээд хариуцлага хүлээлгэдэг байх);
  • Төрийн албан хаагч орлогоосоо давсан хөрөнгө эзэмшиж байгааг шалгах;
  • Төрийн албан хаагчдад тавих стандартыг өндөр байлгах;
  • Хууль Сингапурын иргэдэд хилийн гадна мөн адил үйлчлэх;
  • Гэмт хэргийг мэдээлэгчийг нууцлах

зэрэг зохицуулалтуудыг хамруулан ойлгож байна.

Дараах 2 гол хуулийг Сингапурын авлигыг мөрдөн шалгах, шийтгэх үйл ажиллагаанд баримталдаг байна:

  • Авлигыг урьдчилан сэргийлэх тухай хууль (Prevention of Corruption Act);
  • Авлига, мансууруулах бодисын хууль бус наймаа болон бусад ноцтой гэмт хэргийн талаар хууль (Corruption, Drug Trafficking and other Serious Crimes Act)

Үр дүнтэй хууль сахиулах буюу албадлагын арга хэмжээ

Үр дүнтэй хууль сахиулах ажиллагаа үр дүнтэй мөрдөн шалгах болон ял эдлүүлэх үйл ажиллагаатай нягт холбоотой.

Үр дүнтэй хууль сахиулах ажиллагаа нь үр дүнтэй хуулийн системийг ойлгох бөгөөд

  • Шударга хараат бус шүүх үйл ажиллагаа
  • Үр дүнтэй шүүх үйл ажиллагаа
  • Нээлттэй, хөндлөнгөөс хянах боломжтой шүүх үйл ажиллагааг ойлгодог.

Сингапур улсын шүүх засаглал дараах бүтэцтэй:

  • Хяналтын шатны болон дээд шүүх
  • Хот дүүргийн шүүх болон насанд хүрээгүй этгээдийн хэргийг шийдвэрлэх шүүх болон бусад төрөлжсөн шүүхүүдээс бүрддэг байна.

Шүүх нь үйл ажиллагаандаа үндсэн хууль, болон бусад хууль тогтоомж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийг удирдлага болгон ашигладаг байна.

Сингапурын прокурорын байгууллага (Attorney generals chamber)

Засгийн газарт хуулийн зөвлөгөө өгдөг гол байгууллага бөгөөд хэрэг үүсгэх, шалгах, хэргийг хаах зэрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага.

Сингапурын авлигыг мөрдөн шалгах хороо (Corrupt practices investigation bureau)

Сингапурын авлигыг мөрдөн шалгах хороонд ажиллагсад мөрдөн шалгах үйл ажиллагаатай холбоотой цагдаагийн эдлэх дараах бүх эрхийг эдэлдэг байна:

  • Баривчлах
  • Нэгжлэг хийх эд зүйлийг хурааж авах
  • Банкны дансны мэдээлэл, хамтран эзэмшигчийн мэдээллийг авах
  • Банкны санхүүгийн тайлан мэдээллийг шалгах
  • Татварын албанаас мэдээлэл гаргуулж авах г.м.

Сингапурын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд тулгараад байгаа гол бэрхшээлүүдээс дурдвал:

1. Гэрч мэдээлэл өгөхөөс татгалздаг байдал

  • Зөрүүтэй мэдээлэл өгөх
  • Шүүхийн шатанд албан тушаалтныг албан тушаалаас нь эргүүлэн татдаг тул

2. Авлигын гэмт хэрэг бол гэмт санаа үүсэхэд төгсдөг гэмт хэрэг

  • Объектив нотлох баримт цуглуулахад хүндрэлтэй байдаг
  • Гэмт хэрэгтний гэмт санааг нотлоход хүндрэлтэй байдаг

3. Хил дамнасан авлигын болон мөнгө угаах гэмт хэрэг

зэрэг бэрхшээлүүд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд тулгардаг байна.

Дүгнэлт

Сингапур улс авлигатай үр дүнтэй тэмцэж, авлигыг бууруулсан гол шалтгаан нь улс төрийн хүсэл зориг байсан бөгөөд энэ нь шүүх болон хууль сахиулах байгууллагууд нь хараат бусаар зөвхөн хуульд захирагдаж үйл ажиллагаа явуулахад нөлөөлжээ. Улмаар авлигатай үр дүнтэй тэмцсэн нь тус улсыг өнөөгийн хөгжилд хүргэсэн ба авлигыг үр дүнтэй хязгаарлан хянаж чадвал тухайн улсад нийгэм, эдийн засгийн хөгжлийг авчирдаг гэдгийг нотлон харуулсан улс бол Сингапур юм.

Тус улсын ерөнхий сайд асан Ли Куан Ю авлигатай тэмцэхэд хатуу эрс шулуун шийдвэрлэх алхмууд хийсэн байдаг ба нэг жишээ дурдахад өөрийн дотны хүн Үндэсний хөгжлийн яамны сайд Тэх Чианг Ван (Теh Cheang Wan)-ыг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байсан байна. Гэвч тэрээр хэрэг хүлээлгэхээс өмнө амиа хорлосон байдаг.

Сингапурын авлигыг мөрдөн шалгах хороо нь өөрийн боловсон хүчнийг чадваржуулах, сургахад байнга анхаарч байдгаа тус газарт айлчлах үед онцлон дурдаж байсан бөгөөд Сингапурын засгийн газар зөвхөн дотоодын боловсон хүчнээ сургаад зогсохгүй өөрийн сайн туршлагыг гадаадын бусад оронд таниулахад анхаардаг байна. Сингапурын хамтын ажиллагааны хөтөлбөрөөс зохион байгуулсан “Сингапурын авлигын эсрэг стратеги” сэдэвт сургалт нь дэлхийн авлигатай тэмцэх сайн туршлагаас суралцах боломжийг олгосон сургалт байлаа.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх