Олон улсын авлигын эсрэг академийн удирдах зөвлөлийн гишүүнтэй уулзав


2017/01/09  1130   0


Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал Олон улсын авлигын эсрэг академийн удирдах зөвлөлийн гишүүн Тан Сри Кассим Бин Мухамедыг хүлээн авч уулзав. Тан Сри Кассим Бин Мухамед нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах “Авлигын эсрэг үндэсний чуулган”-д оролцохоор ирсэн юм.

Уулзалтын эхэнд Х.Энхжаргал Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны талаар танилцуулаад өнгөрсөн онд Улсын Их Хурлаар баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн хяналт, оролцоог бүх чиглэлээр түлхүү нэвтрүүлэхийг зорин ажиллаж байгаа тухай ярив.

Ноён Тан Сри Кассим Бин Мухамед Олон улсын авлигын эсрэг академийн захирал Мартин Кройтнерын мэндчилгээг уламжлаад “Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр үндэсний стратегиа батлан хэрэгжүүлж эхэлсэн тухай сонссон. Стратегийн асуудлаар ярилцах, сургалт зохион байгуулахад миний бие бэлэн байна. Цаашид Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Академийн зүгээс сургалт, техникийн туслалцааг үзүүлэх боломжтой” гэж хэллээ.

“Авлигатай тэмцэх үйл хэрэгт иргэд, олон нийтийг идэвхтэй оролцуулахын тулд үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэх, авлигын эсрэг бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх, Зүүн өмнөд Азийн бүсийн сургалтын төв байгуулах зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Энэ чиглэлээр албан хаагчдыг мэргэшүүлэн сургах төдийгүй иргэд, олон нийтийг авлигатай тэмцэх арга барилд сургах шаардлагатай. Ийм цаг үед Та бүхний зүгээс үзүүлэх сургалт, техникийн туслалцаа дэмжлэг маш их үр өгөөжөө өгнө” хэмээн Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал хэлэв.

Хоёр тал авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоо, дэмжлэгийг хангах, хяналтын тогтолцоог бүрдүүлэх, улс төрийн хүсэл зориг, саад бэрхшээлийг хэрхэн даван туулсан талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон бөгөөд Авлигатай тэмцэх газрын үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд тус газрын ажилтан, албан хаагчдад тусгайлан сургалт, лекц зохион байгуулах талаар тогтлоо.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх