Олон нийтийн дэд зөвлөл нь Олон нийтийн зөвлөлтэй хамааралгүй


2017/11/08  225   0


-АТГ-ын дэргэд Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон Олон нийтийн зөвлөл ажиллаж байгаа юм байна. Сүүлийн үед АТГ-ын албан хаагчид орон нутагт томилолтоор ажиллаж явахдаа аймгуудад Олон нийтийн дэд зөвлөл байгуулж байгаа гэж мэдээлэгдэж байна. Олон нийтийн зөвлөлийн салбарууд 21 аймагт байгуулагдаж байгаа гэж ойлгож болох уу? 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Н.Пүрэвдорж

-Энэ бол 2 өөр ойлголт. Авлигатай тэмцэх газрын дэргэд орон тооны бус Олон нийтийн зөвлөл ажиллахаар Авлигын эсрэг хуульд заасан. Тус хуулийн 27 дугаар зүйлд Олон нийтийн зөвлөлийн талаар заасан нь бий. Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийг төлөөлөх 15 иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч 4 жилийн хугацаагаар томилдог. Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх зорилготой юм.

Харин аймаг бүрт байгуулагдаж байгаа Олон нийтийн дэд зөвлөл нь дээр дурдсан одоогийн Г.Баасан даргатай Олон нийтийн зөвлөлд огт хамааралгүй. Авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх  чиглэлээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газрын  мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил юм. УИХ-аар 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “яам, агентлаг, орон нутагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл”-ийг байгуулан ажиллуулахаар тусгасан. Энэ зөвлөл авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөхиүлэн дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих гол зорилготой.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.4.15-д “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд иргэдийн хяналтын зөвлөлийг байгуулан ажиллуулна” гэж заасан бөгөөд энэ хүрээнд “Олон нийтийн дэд зөвлөл”-ийг аймаг, нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд болон салбарын хэмжээнд байгуулах, мэргэжил-арга зүйн туслалцаа үзүүлэх, үйл ажиллагааг жигдрүүлж хэвшүүлэхээр манай албан хаагчид ажиллаж байна.

Авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөл нь 3 гишүүнтэй ажиллана. Тэдгээр нь бүгд иргэн байна. Нэг иргэн нь аймаг, яам, агентлагийн нээлттэй, ил тод байдлыг хянана. Хууль тогтоомж зөрчсөн болон хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтан иргэдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхийг хянана. Хоёр дахь иргэн нь Шилэн дансны хуулийн хэрэгжилт, тухайн төрийн байгууллагын төсөв, санхүү, төсвийн орлого, зарцуулалт, хандив, зээл тусламж, түүний хуваарилалт, төсөл хөтөлбөр, худалдан авах ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гарч байгаа эсэхэд хяналт тавих юм. Харин гурав дахь иргэн нь нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэхийг хянаж зөрчил илэрсэн тохиолдолд манайд мэдэгдэж шалгуулж байх учиртай. Тэд хянаж шалгах эрх эдлэхгүй. Аймаг, яам, агентлаг бүрт буюу төрийн байгууллагуудад иргэд, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй 3 иргэн ажиллана гэсэн үг.  

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх