Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажилласан дүнг хэлэлцүүлэв


2017/11/06  746   0


Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр улсын хэмжээнд төрийн байгууллагуудад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах ажлыг Авлигатай тэмцэх газар 2017 оны 4, 5 дугаар сард зохион байгуулсан бөгөөд уг ажлын дүнгээ хэлэлцүүлж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албанд ажилласан дүнгээ хэлэлцүүллээ.

Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ажиллах явцдаа хүний нөөц, боловсон хүчний томилгоо, төрийн үйлчилгээ, удирдлагаас батлан хэрэгжүүлж буй дүрэм журам, тушаал шийдвэр, төлбөр хураамж, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл олгох үйл явц зэрэгтэй танилцаж, дүгнэлт гаргажээ. Ийнхүү ажиллах явцад дараах хэд хэдэн нийтлэг зөрчил, дутагдал илэрчээ. Тухайлбал, нийт удирдах албан тушаалтны 50 хувь нь шинээр томилогдсон нь боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг боловсролд суурилсан мерит зарчимд тулгуурлан томилох зарчим алдагдсан, сонгуулийн үр дүн, нам, улс төрийн нөлөөтэй гэж үзэхээр байна. 11 ажлын байрны сул орон тоо байх боловч сонгон шалгаруулалт зарлаагүй нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байв. Түүнчлэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулахгүй томилсон, удирдах албан тушаалтнууд нь давхар ажил эрхлэлтийн талаар хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн байна.

“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-үүд байгуулагдсан нь иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, төрийн албан хаагчдын хариуцлага нэмэгдэж, хүнд сурталгүй үйлчилгээ авах боломж бүрдсэн гэж дүгнэж болохоор байна. Гэвч нийслэлийн өмчид бүртгэлтэй объектуудыг түрээслэх, хувьчлах, иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг хүнд сурталтай хэвээр гэж Ажлын хэсэг дүгнэв. Эрх зүйн орчин, дотооддоо дагаж мөрдөхөөр баталсан тушаал, шийдвэрийн нөхцөл байдлыг судалж үзээд Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шагнал, урамшуулал, тэмцээн уралдаан, наадам, туршлага солилцох аялалд, хүндэтгэл үзүүлэх, баяр тэмдэглэх, мэндчилгээ хүргэх зэрэг зардалд нийтлэг зарцуулж байгаа тул Сангийн сайдын 2012 оны 239 дугаар тушаалаар баталсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт зарцуулалтын тухай журам”-ын зарим заалтыг өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлж боловсронгуй болгох, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж хэлэлцүүлгийн үеэр хөндлөө.

Худалдан авах ажиллагааны хувьд, батлагдсан зураг төсөвгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй /техникийн нөхцөл, газар олголт гэх мэт/ зэрэг бэлтгэл ажил хангагдаагүй ажлыг төлөвлөгөөнд тусгадгаас үүдэн тендер зарлах явц удаашралтай, төлөвлөгөө тасрах явдал гарч байгааг цаашид анхаарах шаардлагатай гэж Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс анхааруулав.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх