Нийслэлийн агентлагуудад ажилласан шалгалтын дүнг хэлэлцүүллээ


2017/11/08  154   0


Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа 15 агентлагт очиж ажилласан дүнгээ 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Олон нийтийн төв”-д тэдгээр агентлагийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцүүллээ.

Ажлын хэсэг ажиллах явцад нийслэлийн агентлагуудад төрийн үйлчилгээ нь олон шат дамжлага, хүнд суртал, чирэгдэл ихтэй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй, эрх зүйн зохицуулалтгүй, хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэх, бүрэн эрхээ хэтрүүлсэн шийдвэр гаргах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, мэдээллийн ил тод байдал хангалтгүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрчээ. Тухайлбал, газар өмчлүүлэх, ашиглуулах гэрчилгээ авах, сунгуулахад 60-аас дээш хоногийн дараа шийдвэр гаргадаг байна. Гэтэл Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана” гэж заасан байдаг. Тиймээс Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ асуудлаар оновчтой зохицуулалт хийж, механизмыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэсэн заалт байхад иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 2-5 жилээр эзэмшүүлж байгаа нь нэг талаасаа хууль хэрэгжүүлэхгүй байх, нөгөө талаасаа иргэдэд хүнд суртлыг үүсгэх нөхцөлийг бий болгож байна. Мөн газар эзэмших хугацаа сунгах, эрх шилжүүлэх болон бусад газрын харилцааны асуудлаар хуралдахдаа тогтсон хуваарь гаргаж олон нийтэд мэдээлдэггүй, хурлын зар ил тод байдаггүй нь иргэд, аж ахуйн нэгжид хүнд суртал, чирэгдэл үүсгэж байгааг анхаарч үзэх шаардлагатай байна.

Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хувьд төслийн  үе шат хэрэгжиж эхлээгүй байхад газар чөлөөлөлт хийгдсэнээс иргэд хохирсон асуудал гарсан байна. Тиймээс Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан холбогдох журмуудыг яаралтай боловсруулан баталж мөрдүүлэх шаардлагатай гэж Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт зөвлөлөө.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд нийслэлийн дүүргүүдийн харьяан дахь орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсан байна. “Баянгол хүүхдийн зуслан”, “Хүүхэд залуучуудын соёлын ордон”, “Ахмадын хороо” төрийн бус байгууллага, “Албан бус насан туршын боловсролын төв”, “Баянгол Агропарк”, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”, “Гэр бүл ёслолын ордон”, “Усан спорт сургалтын төв”, “Баянгол шинэ өргөө” зэрэг орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын дийлэнх нь Баянгол дүүрэгт харьяалагдаж байна. Тэдгээр байгууллагууд нь орон нутгийн төсөв болон өөрийн орлогоос санхүүждэг. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах асуудал нь ИТХ, түүний Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн асуудал хэдий ч эдийн засгийн үр дагаврыг сайтар тооцоолж байгуулах зайлшгүй шаардлагатай байгааг Ажлын хэсэг жишээ болгон танилцууллаа. Тухайлбал,  “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв”, “Баянгол Агропарк” нь 11-12 хүний орон тоотой атал дарга, дэд даргатай байхаар бүтцийг баталсан байна. Ихэнх орон нутгийн өмчит байгууллагын хувьд алдагдалтай ажиллаж байгаад дүгнэлт хийх шаардлагатайг ч харуулж байна.

Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрын хувьд Засгийн газрын 2012 онд батлагдсан 151 дүгээр тогтоолоор “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-д барилгын зөвшөөрөл авдаг нийт 11 үе шатны 107 хоногт багтаан нийт 61 гарын үсэг зурдаг байсныг цөөрүүлж 6 үе шат болгож 17 хоногт багтааж 4 гарын үсэг авдаг болсон нь сайшаалтай байна. Гэвч барилга барих хүсэлт, баригдсан барилгыг ашиглалтад авах комисст цөөн тооны мэргэжилтнүүд орж асуудлыг шийдвэрлэдэг, холбогдох асуудлыг шийдэх эрх зүйн зохицуулалт хангалттай бус байгаагаас ажил хариуцсан мэргэжилтэн, удирдах ажилтан ашиг сонирхлын зөрчилтэй байж болохоор шийдвэрийг гаргаж болзошгүй эрсдэл байгаад анхаарч ажиллахыг хэлэлцүүлгийн үеэр дурдав.  

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх