Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд АТГ-ын үйл ажиллагаатай танилцав


2017/12/04  177   0


УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, тус байнгын хорооны гишүүн О.Батнасан, Л.Болд, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь нар өнөөдөр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал УИХ-ын гишүүдэд байгууллагынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, тайлбар өгсөн юм. Тэрээр “Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлд заасан чиг үүргийн дагуу олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, тэдгээрийг арилгах, таслан зогсоох үүргийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна” гэлээ.

Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албаны хийсэн “Хөгжлийн банкны зээлдэгч”, “Оффшор бүсэд данс бүртгэлтэй Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж”, “Эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд”, “Ашигт малтмалын лиценз эзэмшигчид”, “Төрийн байгууллагын үйлчилгээ, чанар, хүртээмж”, “Нийтийн албан тушаалтнуудын томилгооны талаарх судалгаа”-г танилцуулсан. Түүнчлэн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгээр илэрсэн зөрчил, гэмт хэргийн шинж илэрсэн хэргүүдийг Мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлэн шалгаж байгааг мэдээллээ.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал байгууллагынхаа үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга болон гишүүдэд саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, орон нутагт Авлигатай тэмцэх газрын салбар нэгж байгуулах нь чухал байгааг хэлсэн. Улсын хэмжээнд иргэдэд хүрч ажиллах, төрийн албан хаагчдад сургалт, семинар зохион байгуулж, авлигын хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр бүх шатанд жигд ажиллахад орон нутгийн салбар шаардлагатай байгаа аж. Мөн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хяналт шалгалт, дүн шинжилгээний үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэлийг шийдвэрлэх арга замын талаарх саналаа танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүд саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Банк хоорондын гүйлгээний хэдэн хувь нь оффшор данс руу шилжиж байгааг тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр бид гадагшаа хэр их мөнгө гарч байгааг мэдэх боломжтой” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Оффшор бүсэд хуулийн хүрээнд данс нээгээд, татвараа шударгаар төлж, олон улсын зах зээлд гарах гэж буй бизнес эрхлэгчдийг ялгаж ойлгох хэрэгтэй” гэв.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Аймгуудад салбар нэгж байгуулахыг дэмжиж байна. Мөн авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй хууль тогтоомжид өөрчлөлт оруулах нь зүйтэй. Цаашид Авлигатай тэмцэх газар судалгаа, шинжилгээнд суурилж ажиллах нь чухал” гэдгийг онцлон хэлсэн.

УИХ-ын гишүүд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулахад санал нэгтэй байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Авлигатай тэмцэх газар жилд нэг удаа Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг. Байнгын хорооны зүгээс үйл ажиллагааг нь дэмжиж ажиллах болно” гэснээр уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх