Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажилласан дүнг хэлэлцэв


2017/10/05  233   0


Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа агентлагуудын 2015, 2016 оны үйл ажиллагаатай танилцсан дүнгээ өнөөдөр хэлэлцүүллээ. Тайланг хэлэлцүүлэхэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба, Улсын ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан болон харьяа агентлагийн дарга, удирдах албан тушаалтнууд оролцов.

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд 218 байгууллага байдаг бөгөөд тус салбар нь чиг үүргийн хувьд харьцангуй тогтвортой ажээ. Салбарын хэмжээнд сүүлийн хоёр жилийн байдлаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулж томилогдох 398 албан тушаалтны 146 нь тухайн албан тушаалд томилогдохдоо мэдүүлгээ хянуулаагүй нийтлэг зөрчил гаргажээ.  Цагдаа, хил хамгаалах, шийдвэр гүйцэтгэх, гадаадын иргэн харьяатын байгууллагууд албан хаагчдад зориулсан орон сууцыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ санхүүгийн болон хуваарилалтын асуудалд ил тод байдлыг сайжруулах шаардлагатай гэж ажлын хэсэг үзсэн байна. АТГ-ын “Төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээ-2016” тайланд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын үнэлгээ улсын дунджаас дээгүүр үнэлэгдсэн байна.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хувьд олон жил дамжсан төлбөрийг барагдуулах талаар шинээр хэрэгжиж эхэлсэн салбарын хууль тогтоомжтойгоо уялдуулан дорвитой арга хэмжээ авахыг зөвлөлөө. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бусад яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Хуулийн хэлтсийн дарга нарт хууль эрх зүйн мэдлэг олгох, эрх зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр анхаарч ажиллахыг хүсэв. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан “Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг бид бүхний цаашид анхаарах ёстой олон зүйлийг олж харж, хэлж өглөө. Хэдийгээр энд яригдаж байгаа асуудлууд 2015, 2016 онд хамаатай, энд суугаа албан тушаалтнууд тэр үед алба хашиж байгаагүй ч бидэнд хамааралгүй гэж үзэж болохгүй. Цаашид ажил албандаа анхаарах зүйлүүд яригдлаа. Салбартаа анхаарч, чиглүүлж ажиллах болно” гэж хэллээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг Хууль зүй, дотоод хэргийн яам болон түүний харьяа агентлагуудад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцжээ.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх