ХОНГКОНГИЙН АВЛИГЫН ЭСРЭГ БИЕ ДААСАН ХОРООНД БНХАУ-ЫН ЗҮГЭЭС ДАРАМТ ШАХАЛТ ИРДЭГГҮЙ ГЭЖЭЭ


2018/11/02  90   0


Хонгконгийн Авлигын эсрэг бие даасан хорооны Мөрдөн шалгах хэлтсийн дарга Рикки Юу Чун-чеон 39 жилийн турш тус хороонд ажилласан бөгөөд 11 дүгээр сарын 2-ны өдрөөс өөрийн орлогч Эрик Тон Вин-такт ажлаа хүлээлгэн өгөх гэж байна. “Би хэнээс ч үүнийг хий, эсвэл битгий хий гэсэн тушаал сонсож байгаагүй” гэж тэр хэлжээ.

Гуравхан сарын өмнө тус хорооны дарга Симон Пе Юун-лу мэдэгдэл хийхдээ Бээжингээс бидэнд Зам ба Бүс санаачлагын үйл ажиллагаатай холбогдуулан төрийн байгууллагуудыг авлигагүй болгох чиглэлд ажиллах үүрэг өгсөн гэж мэдэгдэж байсан юм. Гэвч хотынхоо хамгийн өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгаж, албан тушаалаас нь буулгаж байсан Рикки Юу Чун-чеон манай хороо хатуу хяналтан дор үйл ажиллагаагаа явуулдаг тул гадны ямар ч дарамт шахалт мэдэрч байгаагүй гэж хэлжээ.

“Хятадын төв засгийн газар бол хорооны ойр ажилладаг хэдэн төрийн байгууллагуудын л нэг юм. Авлигын хэрэг илүү нарийн төвөгтэй болж буй өнөө үед нотлох баримтууд цуглуулахын тулд хамтран ажиллах шаардлагатай байгууллагууд байдаг. Хороо одоо маш хүчтэй. Миний хариуцдаг хэлтсийн шийдвэр нэг бүрийг Үйл ажиллагаа хянах бие даасан хороо, иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нарийн шалгуураар авч үздэг” гэж тэр нэмж хэлсэн байна.

Өдгөө 61 настай Рикки Юу Чун-чеон нь 1979 онд анхлан тус хороонд ажиллаж эхэлсэн бөгөөд 1980-аад оны авлигад идэгдсэн нийгэм болон одоогийн авлигаас ангид нийгмийн амьд гэрч юм. Олон арван жилийн турш Юу нь өндөр түвшний авлигын томоохон хэргүүдийг шалгаж ирсэн бөгөөд хамгийн сүүлд гэхэд 2005-2007 оны хооронд хотын ерөнхий бичгийн даргаар ажиллаж байсан Рафаел Хуй Си-яаны хэргийг шалгасан байна. Юунд өөрт нь хамгийн дурсамжтай, тод санагддаг хэрэг бол 1990-ээд оны үед 8 тэрбум хонгконг долларын тамхи хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг аж. Тухайн үед тус хэргийн гол гэрч Томми Чуй То-яаны амийг хороож Сингапурын тэнгист хаясан байжээ..

Хонгконгийн Авлигын эсрэг хороо нь сүүлийн үед хэд хэдэн асуудалд холбогдоод байгаа билээ. 2014 онд тус хорооны дарга Тимоти Тон Хин-мин төсвийн мөнгөөр их газрын Хятадын зарим албан тушаалтанд бэлэг авч өгсөн нь тогтоогдсон. Мөн 2016 онд Гүйцэтгэх ажлын хэлтсийн анхны эмэгтэй дарга Ребекка Ли Бо-ланыг тухайн үеийн дарга албан тушаалаас нь чөлөөлж, өмнө нь эрхэлж байсан Төрийн албаны мөрдөн шалгах нэгжийн даргаар буцаан томилжээ. Гэвч энэ нь түүнийг шалгаж байсан хэргээс нь холдуулах гэсэн алхам  хэмээн шүүмжлэгдэж байжээ.   

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх